Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Гурван парламент дамнан яригдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Г.Занданшатарын “ангийнхан” өнгөрсөн оны төгсгөлд баталсан. УИХ-ын чуулганы хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар 19 жилийн дараа ийнхүү “эцэг” хуульд өөрчлөлт оруулсөн бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон юм.


Тэгвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуульчлахдаа давхар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдох эрхэнд “халдсан” байж магадгүй гэх яриа сүүлийн үед гарах болов. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “З.Энхболд Ерөнхийлөгчөө хулхидсан бололтой” нийтлэлдээ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй. Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга яах бол. Үнэхээр л 2021 онд дахин нэр дэвших сонирхолгүй бол Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт хэрэгжихэд ямар ч гацаа гарахгүй. З.Энхболдын хэлсэнчлэн 2021 оноос бид зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай шинэ Ерөнхийлөгчтэй болоод л явчихна. Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно” хэмээжээ.

Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших эрхгүй болсон байж мэдэхээр байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заасан. Энэ хэсгийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм. Ямартай ч энэ Үндсэн хуулиас одоогийн Ерөнхийлөгчийг дахин Ерөнхийлөгч болж болно гэсэн заалт, гарц гаргалгаа олж харахгүй байна. Уг нь анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой дээрх заалтыг 2025 оноос эхлэн хэрэглэнэ гэж байв. Гэтэл яг батлагдахыг өмнө хууль санаачлагчид хугацааг гэнэт татаж 2020 оны тавдугаар сарын 20-ноос хэрэгжихээр болгосон. Тиймээс хотын экс мээр Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хулхидчихсан юм биш байгаа.

 

Фото: Нэгэн зууны өмнө (1920 он)
Фото: Нэгэн зууны өмнө (1920 он)
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.