“Эх оронч Монгол” өдөрлөг Завхан аймагт зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой сургалт, өдөрлөг 2026 оны есдүгээр сарын 7-ны өдөр Завхан аймагт зохион байгуулагдана.

Өдөрлөг 10:00-15:00 цагийн хооронд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт болох бөгөөд батлан хамгаалах салбарын бодлого, хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, цэргийн техник хэрэгслийг танилцуулна.

Мөн Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, дотор, мэдрэл, гэмтэл, мэс заслын үзлэг болон яаралтай тусламжийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна зүрхний бичлэг, хэвлийн ЭХО, В, С вирус болон шээсний шинжилгээнд хамруулах юм.

Түүнчлэн Батлан хамгаалахын төв архиваас Монгол ардын арми болон Зэвсэгт хүчинд алба хаасан, дайнд оролцсон ахмад дайчид, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.

Өдөрлөгийн үеэр “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат киног үзүүлж, “Монгол Улсын тусгаар тогтнол, Чөлөөлөх дайны ач холбогдол” сэдэвт лекц зохион байгуулна.

Мөн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулах зэрэг иргэд, хүүхэд, залуучуудад зориулсан олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Зохион байгуулагчдын зүгээс иргэд, хүүхэд, залуучуудыг өдөрлөгт хүрэлцэн ирж, батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.

“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга тоглолтоо толилуулна
“Эх оронч Монгол” өдөрлөгийн хүрээнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга тоглолтоо толилуулна
 
Т.Балжинням: Баавгай хоол хүнс хайж суурин бүс рүү орж ирээд байна
Т.Балжинням: Баавгай хоол хүнс хайж суурин бүс рүү орж ирээд байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!