Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Баасансүрэнтэй утсаар холбогдож нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
-Ханх сумд нөхцөл байдал ямар байна вэ?
-05:33 цагаас 09:49 цаг хүртэл долоон удаа хүчтэй газар хөдлөлт, 30 гаруй чичирхийлэл мэдрэгдлээ. Засаг даргын тамгын газрын байрнаас албан хаагчдаа гаргаж, орон гэр рүү нь тараагаад, сумын удирдлагууд нуурын эргийн нэг давхар конторт байрлаж байна. Хоёр давхар байранд байх ямар ч боломжгүй болсон.
Одоо ч гэсэн 20-30 минутын зайтай чичирхийлэл мэдрэгдэж байна. Зарим айлуудын зурагт, толь, аяга хагарч болох бүх зүйл хагарсан. Газар хөдлөхөөс өмнө үхэр мал мөөрөх, бага насны хүүхдүүд их уйлж байсан талаар мэдээлэл ирсэн. Манай амьдарч байгаа байшин дүүжин ор шиг л хөдөлж байсан. Мөн засаг даргын өрөөнд байрладаг ширээ дайвсан зэрэг бүх хүнд илт үзэгдэл илт мэдрэгдсэн.
-Иргэд айдастай байгаа талаар аймгийн Засаг дарга мэдэгдсэн. Ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?
-Төрийн байгууллагын ажилчдыг өнөөдөр амрааж байна. Иргэд маш их айж сандарсан. Эмнэлэг ачаалал ихтэй байна. Хөдөөгийн иргэд нэг гэртээ бөөгнөрч байрлаж байгаа гэсэн. Сургууль, албан байгууллагуудын хана 6-17 цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай. Ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг томилогдоод гарчихсан. Зарим албан хаагч, багуудаасаа мэдээлэл авч амжаагүй явна.
Цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэнэ. Аль болох тайван байж дулаан хувцасаа өмсөхийг зөвлөж байна.
-Холбогдох газраас газар хөдлөлт болох талаар сануулга заавар зөвлөмж өгч байсан уу? Одоо ямар арга хэмжээ авч байна?
-Бидэнд газар хөдлөлт болох тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. ОХУ-аас мэдээлэл авч байна. Оросын мэдээлэлд өдрийн 14 цаг хүртэл газар хөдлөх магадлалтай гэсэн байсан. Бид ОБЕГ-аас мэдээлэл хүлээж байна.
-Хөвсгөл нууранд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Мөс маш их хагарч цуурсан. Хүнгэнэсэн хүчтэй дуу чимээ гарч байгаа. Очиж харах боломжгүй байна.