
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж/2026.05.23/ тариаланчидтай уулзав.
Сэлэнгэ аймаг 2026 оны хаврын тариалалтаар үр тариа 134,4 мянган га талбайд үүнээс улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 5,4 мянган га-д, төмс 2,4 мянган га-д, хүнсний ногоо 7,9 мянган га-д тус тус тариална. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай байна.
Засгийн газар хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 21-ний байдлаар 208 аж ахуйн нэгж, иргэн 45,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Баруунбүрэн суман дахь “Ивэн түрүү” ХХК нь 2000 гаруй га эргэлтийн талбайтай, 11 ажилтантай. Жилд 900-1000 га-д тариалалт хийж нэгж талбайгаас 20-25 цн ургац хураан авч байна.
Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сум, аймагтаа нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураасан аж ахуй нэгжээр шалгарч байсан, Улсын аварга тариаланч хамт олон ажээ. Тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулсан. Энэ жил 1300 га-д улаан буудай тариалж байна. Тариалалт нь 70 орчим хувьтай үргэлжилж буйг тус компанийн захирал Д.Бат хэлэв.
Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд хөнгөлөлттэй зээл суманд нь олдохгүй байгаа асуудлыг хөндөж, зээлийн мэдээллийг ил тод болгож өгөхийг хүслээ.
Орхон суман дахь “Шийрийн-Ундарга” ХХК 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эргэлтийн 450 га талбайтай. Энэ жил төмс, лууван, сонгино, улаанбуудай тариалжээ.
80 га-д бүрэн автомат услалтын систем, 25 га-д дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөжээ. Бусад талбайд дамартай бороожуулагч ашиглан усалгаатай болгож байна.
Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1200 тн төмс, хүнсний ногооны автомат зоорь ашиглалтад оруулсан, 2022-2026 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт бүрэн хийсэн гэдгээ Ерөнхий сайдад танилцуулсан. Зоорь барьсан өртгөө богино хугацаанд буюу хоёр жилд нөхсөн гэдгийг “Шийрийн-Ундарга” ХХК-ийн захирал У.Эрдэнэсан хэллээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Үр дүнгээ өгч буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлж аж ахуйн нэгж, тариаланчдаа дэмжиж ажиллахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!