
Нөөцийн махны худалдааны талаар сурвалжиллаа. Өчигдөр 11.30 цагт СБД-ийн нөөцийн мах худалдаалах цэг буюу Хангай хотхоны уулзварт очив. Арваад хүн хөшөөний урд талын хэсэгт суучихсан мах ирэхийг хүлээж байгаа гэнэ. Хамгийн эхний хүн хэдэн цагт ирсэн бэ гэхэд "Хамгийн эхний хүн өглөө 08.00 цагт ирсэн" гэв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг өглөө 08.00 цагт ирсэн гэж сонслоо. Мэдээлэл хаанаас авав?
-Фейсбүүкээр авсан.
-Үнэ нь хэвээрээ гэнэ үү?
-Хэвээрээ гэсэн. Үхрийн мах 15000, хонины мах 13000 мянга гэсэн.
-Нэг хэсэг арай үнэтэй зараад байсан байх аа?
-Тэгсэн нэг хэсэг үнэд ороод сар гаруй зарахгүй байж байгаад өнөөдрөөс дахин ирэх гэнэ.
-Өмнө нь зарахдаа энд дандаа гулууз мах зарж байсан байх аа?
-Тэгсэн. Одоо харин гулуузаар ирэх нь үү.
-Та эндэхийн хүн үү. Холоос ирэв үү?
-Би эндхийн хүн. Хүүхдүүд ажилтай надаас өөр ингээд оочирлоод зогсож байх завтай хүн байдаггүй. Тэгээд л хүлээгээд сууж байна.
-Ойрд та Дэнжийн мянга орж үзсэн үү?
-Үгүй. Эгч нь тийшээ явдаггүй.
Ингээд бид хоёрын яриа өндөрлөлөө. Түүний хойно оочирлож буй эгч ирээд "Одоо мах ирнэ гээд байхад энэ жимсний худалдаа зай тавьж өгөхгүй юм. Хаагуур нь зөрөх болж байна аа. Би энд орон сууцны үйлчлэгч хийдэг. Энэ зөвшөөрөлгүй худалдаанууд их боллоо. Хэлэхээр Ерөнхий сайд зөвшөөрсөн гээд цагдаа нь ч яаж ч чадахгүй яваад өгнө. Зүгээр худалдаагаа эрхлээд байвал яах вэ гэхсэн. Ойр хавьдаа их хог тарина. Маш бохир суудаг. Хэлэхээр энэ худалдагч хүүхэн нь хэл ам нь дийлдэхгүй хэрэлдээд байдаг. Тэгээд явган хүний гарц хаачихсан. Хажуугаар нь машин байтугай явган хүн явахад хүндрэлтэй" хэмээн учирлав.

-Та хэдэн цагт ирэв?
-Би ажлаа дуусгаад ирсэн гэхээр 09.00 цагийн орчимд юм уу даа.
-Хэдэн хүний ард байгаа вэ?
-Гурав дахь хүн нь би байгаа.
-Мэдээлэл хаанаас авав?
-Утаснаасаа фейсбүүкээр дүүрэн нөөцийн махыг энд зарна гээд явж байна лээ.
-Үнэ нь хэвээрээ гэнэ үү?
-Хэвээрээ гэсэн.
-Өмнө нь энд гулуузаар зарж байхад ойр хавийн ченжүүд авчихдаг сураг дуулдсан?
-Тийм шүү дээ. Энэ 517 дугаар байрны дэлгүүрийнхэн ичихгүй эндээс авчхаад үнээ нэмж зардаг. Тэгээд энэ хавийн махны дэлгүүрийнхэн бүгд ирж авна. Үнэ нэмж зарна. Би энд олон жил амьдарсан бүгдийг нь танина шүү дээ. Тэгэхэд л хэд хэдэн хүн хойно урд нь зогсоож байгаад аваад байдаг. Тэгээд гулуузаар зарахаа больсон юм биш үү.
-Одоо мах нь ирж байгаа болов уу. Юм дуулдана уу?
-Ирж байгаа гэсэн. Түрүүн хорооны олон нийтийн ажилчид ирчихсэн яриад байсан даа.
Ийнхүү бид хоёрыг ярилцах зуурт микро машин ирж явган хүний зам дээр гарч зогсов. Энэ мах нь мөн үү гэхэд "мөн" гэв. Мах нь ирсэн боловч борлуулагч нь бууж ирсэнгүй хүмүүс хүлээсээр, улам нэмэгдсээр л байв. Хүмүүс хоорондоо "заавал халуун наранд хүмүүсийг ингэж залхаан цээрлүүлж байгаа юм шиг өглөөнөөс хойш оочирлуулж байхаар нөөцийн мах зардаг дэлгүүрүүдээрээ зарж болдоггүй юм байхдаа. Хүмүүс тэртээ тэргүй нөөцийн мах хаагуур зарж байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ" гэцгээж байлаа. Хорооны олон нийтийн цагдаа ч ирэв.
-Яагаад онгойлгүй байгаа юм бол?
-Нийслэлийн мал эмнэлгийн газраас шинжээч ирж лацыг нь аваад борлуулдаг юм байна лээ. Тэр хүнийг л хүлээгээд байх шиг байна. Ер нь ирчхээд ингээд онгойлгүй маяглаж өгдөг юм дөө. Бараг цаг гаруй болж байж онгойдог юм.
-Ямар хүн ирэх ёстой юм бол. Холбоо барьж болох уу. Энд хүмүүс хүлээгээд байдаг?
-Утас нь байгаа залгая.

Энэ хооронд хүмүүс яагаад машинаа онгойлгож махаа зарахгүй байгаа юм бэ. Оочир битгий дайраад бай, ардаа зогс, урдуур орсон хүмүүс хойшлоорой гэх мэтээр мах авахаар зүтгэж байв. Харин зарим нь жижиглэнгээр юм байна гэхэд "Өө жижиглэн юм уу. Гулуузаар худалдаалахгүй юм уу" гэсээр буцаж байлаа.
12.30 цагт Нийслэлийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн ирэв. Лацаа шууд онгойлгосонгүй борлуулагчаас тодруулга авлаа. Хэдэн тн мах байгаа вэ. Хонь хэд, үхэр хэд. Лац бүрэн үү гэх мэтээр бичиж тэмдэглээд лацыг онгойлгон зарж эхлэхдээ бэлдэв. Энэ хооронд ч хүмүүсийн оочир ихэссээр урдуур дайрах хөдөлгөөн нэмэгдсэн тул нэмж цагдаа ирж зохицуулав.
Энэ цэгт 2 тн мах иржээ. Үхрийн мах 1.5 тн бол хонь 500 кг ирсэн байна. Нэг хүнд гурваас дээш уутыг өгөхгүй гэсэн тул хүмүүс гурван уут махыг хиллүүлэн авч байлаа. Зарим хүн мөнгө шилжүүлэхийг хүлээж шилжүүлсэн үү гэж залгаж асуух хооронд хойно байсан хүмүүс мөнгө төгрөгөө бэлдчихээд авахад яадаг юм бэ хэмээн уурсана. Арга ч үгүй биз. Өглөөний 08.00 цагаас хойш оочирлосон хүмүүс шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!