Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: 400 мянган төгрөгийн хахууль аваад хоёр жилийн хорих ял сонссон нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 7 секунд

АТГ-аас авилгын эсрэг гэмт хэргийг бууруулах, таслан зогсоохоор соён гэгээрүүлэх ажлын хүрээнд нэгэн кэйсийг танилцуулж байна. 400 мянган төгрөгийн хахууль өгсөн иргэн, авсан албан тушаалтан хоёул хорих ял сонсч, хоригдож буй талаар бичжээ.

Иргэн Нандиа компани байгуулж, хүнсний дэлгүүр ажиллуулахаар шийдээд дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын хэлтэст ажлын байрны дүгнэлт гаргуулахаар хандсан байна. Түүний хүсэлтийг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Даваад цохогдсон цаг мөчөөс хахуулийн нэгэн хэрэг дэгджээ.

Нандиагийн ажиллуулахаар зэхсэн хүнсний дэлгүүрийн байранд байцаагч Даваа хяналт шалгалт хийхдээ Нандиагийн хувийн машинаар ажлаасаа авахуулж очжээ. Нандиагийн нөхөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Байцаагч ажлын байрыг чинь очиж үзнэ, хувийн машинтай явна шүү, такситай явахгүй гэж хэлсэн. Эхнэр маань хүний машин гуйж тэр байцаагчийг ажлын байран дээр аваачсан” гэж ярьсан байв. Энд төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн нэгэн тод үйлдэл харагдаж байгаа биз.

Байцаагч Даваа ажлын байртай танилцаад дүгнэлт гаргах ямар ч боломж алга, жин хэмжүүр, шилэн хөргөгч, хаяг байхгүй, ерөнхийдөө стандарт шаардлага хангахгүй гэж хэлэхэд Нандиа “Тусгай зөвшөөрөл гарчих юм бол явцын дунд кассын машин, жин хэмжүүр, хөргөгч авна, хаяг хийгдэж байгаа, танаас дүгнэлтээ л авчихвал болох гээд байна, боломж юу байна” гэжээ. Тэгэхэд нь Даваа “Ярья, маргааш хүрээд ир” гэснээ “Чи ер нь надад мөнгө өгөх гээд байгаа юм уу” гэж асуусан байна. Нандиа “Харин тийм ээ. Яах вэ” гэхэд Даваа “Хэдийг өгөх юм бэ. Тоог нь хэлчих” гэжээ. Нандиаг “100 мянган төгрөг өгье” гэж хэлэхэд мэргэжлийн хяналтын байцаагч Даваа “Наадхыг чинь авснаас аваагүй нь дээр. Одоо яв. Маргааш ярьж байгаад ирээрэй” гэж хэлжээ.

Тэр өдрийн орой Нандиа нөхөртэйгөө хамт Даваа руу залгахад 10 дугаар хороололд хүрээд ир гэсний дагуу очиж уулзаад 200 мянган төгрөг өгье, явцын дунд шаардлагыг нь хангая гэж гуйсан байна. Байцаагч Даваа үүний хариуд үгүй гэж хэлээгүй бөгөөд маргааш өглөө яриарай гээд машинаас буусан аж.

Маргааш нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дээр очиход байцаагч нэг дансны дугаар өгөөд энэ данс руу 75 мянган төгрөг шилжүүлчих гэсэн байна. Даваагийн бусдаас авсан номын мөнгө болох 75 мянган төгрөгийг төлсөн Нандиа өмнө нь хэлж байсан 200 мянган төгрөгөө өгье гэхэд Даваа 400 мянган төгрөг нэхсэн аж. Ингэхдээ өмнөх 75 мянган төгрөгийг оруулахгүйгээр өгөөрэй гэсний дагуу Нандиа дан 20 мянгатын дэвсгэрт 20 ширхэг тоолж өгчээ. Даваа ажлын байрны дүгнэлтээ ирж ав гэж Нандиа руу утсаар хэлэхдээ 3 шил гайгүй архи аваад ир гэжээ. Нандиа энэ удаад татгалзаад нөхөр лүүгээ утсаар уйлан хэлсний дараа нөхөр Баяраа нь “Чамд хангалттай мөнгө өгсөөр байтал нэмж архи нэхээд яаж байгаа юм бэ” гэхэд мэргэжлийн хяналтын байцаагч Даваа “Хангалттай авлаа гэж бодохгүй байна. Мөнгө төгрөгийн боломжгүй гэдгээ хэлчихнэ биз дээ” гэж хариулсан байдаг.

Нандиагийн эгч Болороогийн гомдлоор Давааг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлээд гэмт хэргийн шинжтэй байх тул АТГ-т шилжүүлж шийдвэрлэжээ. Энэ дагуу АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна. Түүнчлэн Нандиагийн ажлын байранд шинжээчийн дүгнэлт хийхэд стандартын ерөнхий шаардлагыг бүрэн хангахгүй байв.

Тиймээс Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Давааг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Нандиаг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Даваагийн хахуульд авсан 475 мянган төгрөгийг улсын орлого болгов.

“Ялихгүй юманд ямааны гарз” гэж үг бий. Иргэн Нандиагийн хувьд бичиг баримтын бүрдэл дутуу, шаардлага хангахгүй атал асуудлаа түргэн, хялбар бүтээх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж, одоо эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч Даваагийн хувьд илтэд стандартын шаардлагад нийцээгүй байхад стандартад нийцсэн мэтээр ажлын байрны дүгнэлт гаргаж өгөхөөр амлан хахууль авсан үйлдэлдээ ийнхүү шүүхээс ял авч одоо хоригдож байгаа.

Энд төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил яригдахын зэрэгцээ дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг хээл хахуулиар шийдвэрлүүлье гэх иргэд, бизнес эрхлэгчдийн хууль бус сонирхол эцэстээ юунд хүргэж болохыг энэхүү нийтлэлээр сэрэмжлүүлэхийг зорилоо.

Тайлбар: Шүүхийн шийтгэх тогтоолоос ашиглав. Нийтлэлд зохиомол нэр ашигласан болно.

Путин хүнд өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх санг батлав
Путин хүнд өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх санг батлав
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.