Р.Батболд: Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УДШ ИЗНН-ын асуудлаар аль нэг талд нь шийдвэр гаргах байх гэж найдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 10 секунд

-Улсын дээд шүүхээс ИЗНН-тай холбоотой УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Батбаатар нарын өргөдлийг нэгтгэн хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл эл асуудлын эргэн тойронд УИХ-ын гишүүн Р.Батболдтой ярилцлаа-

-Өнгөрөгч тавдугаар сарын 1-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар өөрийг тань ИЗНН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэхээр байсан. Гэвч нийт шүүгчдийн хуралдаан хойшилсон шүү дээ. Дахин хэлэлцэх тов ирсэн байгаа юу?

-Бид ч хурал хойшилсон гэх мэдээлэл авсан. Өмнөх нийт шүүгчдийн хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон гэж ойлгосон. Энэ долоо хоногт хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна. Бидний зүгээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-нд УДШ-д материалаа хүргүүлсэн. Хуулийн хугацаа нь 30 хоног. Энэ хугацаанд тодорхой хариу өгөх ёстой байдаг.

-Та болон Б.Батбаатар даргын талаас намын даргын бүртгэл болон дүрмийн найруулгын төслийг УДШ-д зэрэгцүүлэн хүргүүлээд байгаа. Энэ утгаараа УДШ энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэнэ гэж харж байна вэ. Өмнө Ардчилсан нам хоёр тамгатай болж, хуваагдалтай байх үед дотооддоо эхлээд асуудлаа шийдээд ир гээд материалыг нь буцааж байсан тохиолдол байгаа л даа. Магадгүй танай нам дээр ч энэ нөхцөл байдал давтагдах болов уу гэсэн таамаг байна?

-Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсан. Үүнтэй нийцүүлж, улс төрийн намууд бүгд дүрмээ шинэчилэхээс гадна намын даргаа сонгож байгаа. Манай намын хувьд өнөөдрийг хүртэл дүрмээ бүртгүүлж чадаагүй л яваад байна шүү дээ. Намын эрх барих дээд байгууллага бол намын гишүүдийн Их хурал байх ёстой. Энэ утгаараа гишүүдийн аль хурал нь хүчинтэй вэ, алинд нь оролцоо өндөр хангагдсан бэ гэдгийг УДШ анхаарч хараасай гэж бодож байна.

-Ер нь намын даргын бүртгэл ч тэр, дүрмийн бүртгэл дээр ч тэр нам дотооддоо асуудлаа шийдвэрлэе, нэг талдаа гаръя гэж ажиллаж байгаа зүйл бий. юу. Б.Батбаатар даргатай ярилцсан зүйл байхгүй юу?

-Б.Батбаатарын зүгээс ямар ч хариу үйлдэл байхгүй байгаа. Ингэхдээ дүрмээ бид өөрсдийнхөөрөө батлуулна гэх зүйлийг хэлж байгаа юм. Яг үнэндээ тэр дүрмийн төслийг нь бид олж авч чадаагүй. Хараагүй. Сураг сонсоход, өмнөх алдаанууд нь хэвээр яваа гэх мэдээлэл байна.

-Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл намын дарга болоод дүрмийн асуудал шүүхийн шатанд гацаж магадгүй дүр зураг харагдаад байна. Гэтэл ирэх онуудад хоёр ч сонгууль хүлээж байна шүү дээ. Тэгэхээр эдгээр сонгуулиудаас наана нам дээрх асуудлаа нэг талд нь гаргах нь чухал байгаа болов уу гэж бодож байна?

-Гуравдугаар сарын 9-нд намын Онц их хурлаа хийснээс хойш хугацаанд Дээд шүүхэд материалаа хүргүүлж, хэлэлцэн шийдвэрлэх процессыг л харж байгаа. Бид чинь хуультай оронд амьдарч байгаа шүү дээ. Тиймээс Дээд шүүхийнхээ шийдвэрийг хүлээгээд байж байна. Өмнө хэлсэнчлэн аль тал нь намын эрх барих дээд байгууллагынхаа хурлыг хийсэн бэ, аль нь хууль ёсны вэ гэдгийг УДШ анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

-Тэдний ярьж буйгаар бол би жигүүр байгуулахын тулд намын Үндэсний хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байсан юм байна. Гэтэл ах дүү, найз нөхдөөрөө байгуулчихсан Үндэсний хороо нь намайг жигүүр байгуулъя гэхээр зөвшөөрөх үү-

-Б.Батбаатар даргатай ИЗНН-ын зүгээс таныг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргасан шүү дээ. Тус шийдвэртэй холбоотой албажиж ирсэн зүйл бий юу?

-Тийм зүйл байхгүй. Би өнөөдрийг хүртэл намын гишүүний татвараа төлөөгүй байгаа. Наад хүмүүсийн чинь зүгээс намын татвараа төлөөгүй учраас манай намын гишүүн биш гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Дараа нь намын гишүүн биш гээд байгаа хүнээ намаасаа хөөчихсөн. Энэ мэтчилэн утгагүй зүйлс хийгээд яваад байна. Эдгээр хүмүүсийн яриад байгаа тэр дүрэмд нь "Наймдугаар сарын 1-нээс өмнө татвараа төлсөн байх ёстой" гэсэн заалт байгаа. Өөрсдөө ингэж дүрэм ярьдаг. Дүрмийг нь ашиглаад явья гэхээр өөдөөс "Чи татвараа төлөөгүй юм чинь гишүүн биш. Дүрмийн бус" гэдэг зүйлийг хэлдэг. Нэг ёсондоо хүчинтэй юм уу, хүчингүй юм уу, хэзээ батлагдсан нь мэдэгдэхгүй Хяналтын хороогоор оруулаад намаас хасчихлаа гэдэг зүйлийг яриад байгаа юм. Үүнийг н.Батсүрэн гэдэг хүн л яриад өнгөрсөн.

Өнөөдрийг хүртэл надад "Таныг намаас хассан шүү" гэх мэдэгдэл ирээгүй л байна.

-Тэгэхээр албажсан зүйл байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Байхгүй. Албажуулж чадахгүй гэж бодож байна. Яагаад вэ гэвэл ХЕХ маань өөрөө хүчин төгөлдөр үү гэдэг ч эргэлзээтэй. Тухайн бүрэлдэхүүн намын Их хурлаар баталгаажсан байх ёстой. Гэтэл тийм зүйл ерөөсөө хийгдээгүй байгаа.

-Гишүүнээс хасах шийдвэр гарсныг танилцуулсны дараагаар Б.Батбаатар даргын зүгээс жагсаалтын дараагийн гишүүнийг УИХ-д оруулж ирэх агуулгыг хөндсөн байсан. Хуулийн хүрээнд ийм процесс өрнөх боломжтой юу?

-Хулуийн хүрээнд намаас нь аль нэг гишүүнийг эгүүлэн татаад, жагсаалтын дараагийн гишүүнийг оруулж ирнэ гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм зохицуулалт байхгүй. Нөгөө талдаа ХЕХ ямар үндэслэлээр намаас хасаж байна вэ гэдэг нь хүртэл асуудал дагуулна. Нам дотор жигүүр байдаг. Жигүүр нь намын үйл ажиллагааг анхаарах, илүү тэлэх, идэвхжүүлэх гэсэн зорилготойгоор байгууллагддаг. Гэтэл ийм жигүүр байгуулагдаад явахаар "Та нар буруу зүйл хийсэн" гэх үндэслэл гаргаж тавиад байгааг гайхаж байна. Жишээлбэл, тэдний ярьж буйгаар бол би жигүүр байгуулахын тулд намын Үндэсний хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байсан юм байна. Гэтэл ах дүү, найз нөхдөөрөө байгуулчихсан Үндэсний хороо намайг жигүүр байгуулъя гээд очихоор зөвшөөрөх үү. Хэн ч бодсон тийм зүйл байхгүй. Өөрсдийнх нь үйл ажиллагаа шүүмжлээд гарч ирж буй жигүүрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй.

-Б.Батбаатар өөрийгөө "хаан" гэж бодоод яваад байна-

-ИЗНН бол парламентад дөрвөн суудалтай улс төрийн хүчин. Гэтэл өнгөрсөн жилээс хойш өрнөсөн үйл явцыг харахад танай нам дээр эв нэгдлийн асуудлыг хөндөж болохоор байна. Тэр дундаа парламентад ажиллаж байгаа дөрвөн гишүүн өөр хоорондоо нягтарч ажиллах ёстой байтал эргээд нам дээрх эв нэгдэлгүй байгаа асуудал чинь нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Яалтчгүй тийм зүйл болж байгаа. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш гэж үзвэл үндсэндээ энэ асуудал нэг жилийг тойрох гэж байна. Намын үйл ажиллагаа болохгүй байна. Дотоод ардчилал үгүй болоод байна. Үүнтэй л бид тэмцээд яваа юм. Ядаж парламент дотроо бид дөрвүүлхнээ байж аливаа асуудалд нэгдсэн нэг байр суурьтай байж чадахгүй байна. Бид сонгогдоод хоёр жил өнгөрүү хугацаа боллоо. Яг үнэндээ биднийг зангидаад явж байх ёстой намын удирдлагуудтайгаа нэгдэж нийлж суугаад нэг удаа хуралдсан зүйл алга. Бодлогын ямар нэг шийдвэрүүд дээр намын зүгээс ямар улс төрийн шийдвэр гаргах вэ гэдгээ хоорондоо суугаад ярьсан ч зүйл алга. Үүнийг л болохгүй байна гээд байгаа юм.

Бид чинь парламентад дөрвөн суудалтай улс төрийн хүчин байна шүү дээ. Гэтэл дөрвөн гишүүнээ нийлүүлж байгаад хуралдсан зүйл ч байхгүй байна гэдгийг л хэлээд байгаа юм. Бид дөрвүүлээ нэгдэх хэрэгтэй байна.

Намынхаа дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлээд батлуулах хэрэгтэй байна. Хурлаараа батлаад Дээд шүүхээр бүртгүүлчих хэрэгтэй байна. Хуульд нийцүүлээд намынхаа даргыг дахин сонгоод бүртгүүлэх хэрэгтэй байна. Ийм зарчмын шаардлагуудыг л тавиад яваа.

-Та ийм бодолтой байгаа юм бол дотооддоо ойлголцолд хүрээд, буулт хийх талаар ярилцаж болдоггүй юм уу?

-Бидний зүгээс зарчмын шаардлага тавиад яваад байгаа шүү дээ. Гэтэл өөрийгөө намын дарга гээд яриад яваа хүн маань өөрөө "Би эзэн нь" гэж бодоод байх шиг байна. Ямар ч нааштай хандлага гаргахгүй байна. Өөрөө бүхнийг мэдэгч, бүгдийг захирагч шиг явж байна. Ингэхээр л болж өгөхгүй байгаа юм. Харилцан ярилцах зүйл байхгүй байна. Өөрийнхөө шийдвэрийг 100 хувь зөв гэж бодож байна. Ингэж болохгүй л дээ. Нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Гишүүдийнхээ санал бодлыг сонсох ёстой. Шийдвэртээ тусгадаггүй юм аа гэхэд ядаж сонсох ёстой биз дээ. Тэр хүн өөрийгөө хаан гэж бодоод байгаа юм уу. Бид бол гуравдагч улс төрийн хүчин. Уг нь их том хүчин шүү дээ. Гэтэл энэ улс төрийн хүчинг өөрийнхөө дураар ашиглах гээд яваад байна.

Намын дүрэм бүртгэгдэж чадахгүй яваад байвал ирэх 2027,2028 оны сонгууль дээр хэцүүхэн байдалд хүрнэ. Нам маань идэвхгүй байдалд орно. Улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахаа болино. Тэгэхээр хуульд нийцсэн эсэхийг нь нягталсны үндсэн дээр Улсын Дээд шүүх аль нэг талд нь шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

-Сонгуулиас наана нэр дэвшүүлэлтээ хүртэл хийх шаардлагатай байна шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна шүү дээ. Үүнээс өмнө амжаад нэг талдаа гарчих байх гэсэн бодолтой байна.

Ярилцсанд баярлалаа

16 болон 32 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулж байна
16 болон 32 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулж байна
 
БАЙНГЫН ХОРОО: ЗГ-ын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: ЗГ-ын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!