
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “ДЦС-3” ТӨХК дээр ажиллаж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн дулаан хангамжийн 30, цахилгаан хэрэглээний 10, үйлдвэрийн уурын 40 орчим хувийг ханган ажиллаж буй тус станцад тулгамдаж буй гол асуудлуудыг гүйцэтгэх захирал Б.Сандуйжав танилцууллаа.

- Тариф бодит өртгийн хэт зөрүү
Өнөөдрийн байдлаар усаар түгээх 1 Гкал дулааны эрчим хүчийг 29,418 төгрөгөөр үйлдвэрлэн 3,251 төгрөгөөр буюу 9 дахин бага үнээр борлуулж байгаагаас үүдэн энэ онд гэхэд нийт дулаан түгээлтээс 69 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
- Өр, авлагын хэмжээ өндөр
Тус компанийн авлагын хэмжээ 38 тэрбум төгрөг байгаа бол нийт өр төлбөрийн хэмжээ 37.5 тэрбум байна.
- Технологийн шинэчлэл шаардлагатай
60 жил ажиллаж буй тус станцын ихэнхи тоног, төхөөрөмж хуучирсан. Хос турбинуудаа шинэчилж байж дулаан цахилгаанаа үйлдвэрлэж, өвлийн ачааллыг давна. Одоогоор тус станцад ажиллаж буй 8 турбины насжилт нь дуусч, 30.000-50.000 цагаар илүү ажиллаж байгаа. Засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт хүрэлцдэггүй тул төсөвт суулгаж өгөхийг хүслээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс шаардлагатай нэмэлт төсвийн асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажиллахаа илэрхийллээ. Мөн салбарын ТӨХК-иудын засаглал, менежментийн үр ашгийг сайжруулж, удирдлагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!