Одоогоос сар хагасын өмнө МАН-ын Бага хурал хуралдахтай зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар ЕТГ-аас мэдээлсэн байдаг. Энэ өдрөөс хойш парламентын ардчилал, дархлааг сайжруулна эсвэл сулруулна гэх мэт эсрэг тэсрэг байр сууриуд хөвөрч эхэлсэн. Тодруулбал,
Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн, энэ хуулийн төслийг санаачилсан талаар ЕТГ-аас тайлбарласан.
3-р сарын 9. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
Мэдээлэл хийснээс 10 хоногийн дараа буюу гуравдугаар сарын 9-нд ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг тухайн үеийн УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүлсэн.
ХУУЛИЙН ТӨСӨЛД:
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгажээ.
3-р сарын 16. Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч үг хэлэв
Тэрбээр үгэндээ "Парламентын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүний дархан эрхээр халхавчилж, хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байx Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн бухимдсаар байна.
УИХ бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш юм.
Парламентын эрүүл мэнд нь намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага, ёс зүйгээс шууд хамаарна.
Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.
Хууль бол парламентад халдашгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентад оршихуйн дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төр, засагтаа итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам бататган бэхжүүлэх, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Үүнийг зарим хүн “парламентын дархлаанд халдаж байна” гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжлол байгааг ч хүндэтгэн ойлгож байна.
Миний байр суурь маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлмэгдүүлэх тухай би огт яриагүй" гэж байв.
4-р сарын 7. ТББХ 66.7 хувийн саналаар хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаанаар дээрх хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж 66.7 хувийн саналаар дэмжсэн.
ДЭМЖСЭН: А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа
ДЭМЖЭЭГҮЙ: Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар байв.
4-р сарын 9. УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв
ТББХ дэмжсэн тул УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч санал хураалт явуулах үед АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал давхцаж ирц хангалтгүй байсан тул 4-р сарын 10-ны баасан гараг хүртэл хойшлуулав.
4-р сарын 10. АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан тул санал хураалт хойшлов
Баасан гарагийн 10.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явуулах байсан ч АН-ын ҮБХ-ны хурал сунаж хоёр дахь өдрөө үргэлжилсэн тул АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авсан. Иймд 4-р сарын 16-ны пүрэв гарагийн чуулганы хуралдаан хүртэл санал хураалтыг хойшлуулав.
4-р сарын 13. АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлөөс хуулийн төслийг ДЭМЖИХГҮЙ гэдгээ илэрхийлэв
Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу хуралдсан АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлөөс дээрх хуулийн төслийг хоорондоо хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн тухайгаа танилцуулсан юм.
4-р сарын 14. Үндэсний эвсэл хуулийн төслийг дэмжихгүй гэв
"Үндэсний эвсэл"-ийн А.Ундраа, М.Сарнай, Д.Пүрэвдаваа нарын гишүүд мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй буюу эвслийн тэргүүн Н.Номтойбаярынхаа байр суурийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
4-р сарын 15. ИЗНН Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар өөрийн намын гишүүн М.Нарантуяа-Нарагийнхаа хамтаар мэдээлэл хийж мөн дээрх хуулийн төслийг дэмжихгүй болохоо илэрхийлэв. Түүнчлэн өөрийнхөө санаачилсан утга ойролцоо "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!