ЭЕРЭГ: Эдгэршгүй өвчинтэйгөө тэмцэхийн тулд 42 насандаа сэтгэлзүйгээр сурч, эмчилгээний зардлаа олохын тулд түлхүүрийн оосор хийж зардаг Ц.САЙХАНТУЯА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

"Өвдсөн ч өвдөөгүй юм шиг сэтгэж, хорвоогийн өдрийг аз жаргалтайгаар туулахад суралцсаар байна" хэмээн ярих энэ бүсгүйг Ц.Сайхантуяа гэдэг. Өдгөөгөөс 8 жилийн өмнө системийн өвчин гэх эдгэршгүй, эмчлэгдэхгүй өвчний онош сонсжээ.

Дархлааны тогтолцооны алдагдлаас үүдэлтэй архаг “системийн өвчин” нь хүний бие өөрийн эд эсийг гэмтээж, байнгын өвдөлт, хөдөлгөөний хязгаарлалт үүсгэдэг хүнд хэлбэрийн өвчинд тооцогддог. Энэ өвчний бүрэн эмчилгээ одоогоор дэлхий даяар хараахан нэвтрээгүй байгаа бөгөөд өвдөлт намдаах, явцыг удаашруулах эмчилгээ зонхилж байна.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний ангилалд бүртгэлтэй бөгөөд өвчний сэдрэлийн үед мэдрэгдэх өвдөлт нь маш өндөр түвшинд хүрдэг байна. Түүний хэлснээр, өндөр үрэвслийн үедээ төрөхийн өвдөлтөөс ч илүү хүчтэй өвдөлт мэдэрдэг аж.

“ӨВДСӨН ГЭЭД ГУТАРЧ СУУХЫГ ХҮСДЭГГҮЙ. ХҮНД ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙХ НЬ НАДАД УРАМ ӨГДӨГ”

Гэхдээ Ц.Сайхантуяа би өвдсөн хүн гээд гуньж суухыг хүсдэггүй. Өдөр бүр өвдөлттэйгөө тэмцэж, олон төрлийн ажил хийдэг. Өвчнөө даван туулахын тулд 42 насандаа сэтгэлзүйчээр сурч, төгсжээ. Энэ нь түүнд өвдөлтөө давж, сөхөрч, бүдрэхгүйгээр урагшлах хүч өгсөн байна. Гэхдээ тэрбээр зөвхөн өөрийгөө өөрчлөөд өнгөрөхийг хүсээгүй учраас Хавдар судлалын үндэсний төв дээр очиж, хавдартай хүмүүст даван туулалтын талаар сургалт орж, гар урлалын хичээл хүртэл заадаг байна.

Гар урлалыг Ц.Сайхантуяа оношдогдсныхоо дараа хэн нэгэнд хэрэгтэй хүн байхын тулд сурсан. Учир нь оношлогдохоосоо өмнө 3 жил хэвтэрт байхдаа хэнд ч хэрэггүй юм шиг мэдрэмжийг авсан нь түүнд өөрийн чадах зүйлээрээ хүнд тус, дэм болж, хүнд хэрэгтэй хүн байх ёстойг ойлгуулжээ.

Одоо тэрбээр даван туулах чадварын талаар үнэ төлбөргүй лекц уншиж, хүүхдүүдэд гар урлалын есөн төрлийн сургалт тогтмол зохион байгуулдаг.

ТЭР ТУСЛАМЖ ГУЙГААГҮЙ. ХАРИН ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА. ТЭР БУУЖ ӨГӨӨГҮЙ. ХАРИН ТЭМЦЭЖ БАЙНА

Ц.Сайхантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ярьж, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг. Тийм ч учраас энэ зарчмаа баримталж, эмчилгээний зардлаа хандив бус хөдөлмөрөөр бүрдүүлэхийг зорьж байна. Одоо тэрбээр өөрийн гараар утасны дугаартай түлхүүрийн оосор урлан борлуулж эхэлжээ. Гарын өвдөлт, чичиргээг үл харгалзан хийдэг эдгээр бүтээгдэхүүн нь түүний эмчилгээний зардлын эх үүсвэр болох юм.

Энэ талаар тэрбээр, "Гар минь хөдөлж байхад хүний төлөө амьдарч байгаа юм шиг хандив авахыг хүсдэггүй. Хандив өгөхийг хүссэн хүмүүст миний хийсэн түлхүүрийн оосорыг худалдаж аваарай гэж хэлдэг" хэмээн учирлав. Учир нь хүмүүс түүнд захиалга өгч, хийсэн зүйлийг нь хэрэглэж байгааг харах нь түүнд урагшлах хүч, хэн нэгэнд хэрэгтэй хүн гэх итгэлийг өгдөг байна.

Өвдөлт намдахгүй өдрүүд үргэлжилсээр байгаа ч тэр бууж өгөөгүй. Өөрийгөө даван туулж чадах зүйлээрээ бусдад урам өгсөөр, өөрөө ч урагшилсаар байна.

Зарим хүмүүсийн тэмцэл нүдэнд ил харагддаггүй. Гэхдээ тэдний амьдралд жижигхэн дэмжлэг хүртэл том өөрчлөлт болдог. Магадгүй таны авч буй нэг түлхүүрийн оосор хэн нэгний маргаашийг арай хөнгөн болгох ч юм бил үү.

Түүний хийсэн түлхүүрийн оосор 20,000 төгрөг. Энэ нь хэн нэгэнд энгийн хэрэглээ байж болох ч түүний хувьд эмчилгээний дараагийн алхам, өвдөлт багатай нэг өдрийн боломж юм. Тиймээс 86802008 дугаарт холбогдож түлхүүрийн оосор худалдаж авахыг нийт уншигчиддаа уриалж байна.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!