Улаанбаатар хотод ус хангамжийн төвлөрсөн системтэй барилга байгууламжууд эрчимтэй баригдаж ашиглалтад орох болсноор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолын дагуу 1959 оны 6-р сарын 1-нд Ус сувгийн аж ахуй эрхэлсэн ашиглалтын байгууллага нийслэлд анх байгуулагдаж байжээ. 67 жилийн түүхт Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг стандартын шаардлага хангасан усаар тасралтгүй, найдвартай хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үүргийг 24 цагийн хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэн ажилладаг. Харин өнөөдөр энэ байгууллага ямар нөхцөл байдалтай ажиллаж байгаа талаарх мэдээллийг цуглуулан дараах нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
Ойлголтоо нэг болгоё
Төвлөрсөн шугам буюу орон сууцны хэрэглэгчид усаа шууд энэ байгууллагаас авч байгаа гэж боддог. Тус байгууллага орон сууцны хэрэглэгч нарт усыг шууд түгээдэггүй. Дамжин хэрэглээ буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тус байгууллагаас цэвэр, бохир усны үйлчилгээг бөөний тарифаар авч эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг аж. Харин гэр хорооллын айлуудад шууд үйлчилгээ үзүүлдэг буюу төвлөрсөн системд холбогдсон болон зөөврийн ус түгээх байраар хэрэглэгч нарт усыг хүргэдэг гэсэн үг.
Бид усаа ямар үнээр хэрэглэдгээ мэддэг үү
Сар бүр усны төлбөр гэх утгатай нарийхан цагаан цаасыг айлын хаалган дээр наагаад явдаг. Одоо ихэнх нь цахимаар ирдэг болсон. Зарим айлууд хараад ямар их гараа вэ, харин зарим нь за гайгүй гарсан байна гэж бодоцгооно. Харин та усны цоргоо нээгээд авч байгаа цэвэр ус, хэрэглээд гарч байгаа бохир ус ямар үнэтэй болохыг хэр сайн мэдэх вэ. Гэр хорооллын айлуудын хувьд ямар үнэтэй ус хэрэглэдгээ сайн мэддэг байх. Энгийнээр хэлбэл гэр хорооллын ус урьдчилсан төлбөрт, орон сууцных дараа төлбөрт гэсэн үг. Гэр хороололд нэг литр усыг 2 төгрөгөөр авч хэрэглэж байна. Харин орон сууцны айлууд 1 литр усыг 1 төгрөг, 34 мөнгөөр бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 1 төгрөг 7 мөнгөөр авдаг. Энгийнээр хэлбэл та 1 литр усыг хэрэглээд бохирын хоолойгоор урсгах зардал 2 төгрөг 41 мөнгө болж байна. Харин одоо жаахан харамсалтай тоо баримт дурдъя. Гэр хороололд 1 литр усыг түгээхэд 40 орчим төгрөгийн зардал гардаг. Энэ нь нэг литр усыг 38 төгрөгийн алдагдалтай хүргэдэг гэсэн үг.

Орон сууцны айл өрхөд 1 литр усыг 2 төгрөг 30 мөнгөний зардал гарган түгээж 1 литр тутамд 96 мөнгөний алдагдалтай ажилладаг юм байна. Яагаад алдагдалтай ажиллаад байдаг билээ гэж та бодож байна уу. Тус байгууллагын санхүүжилт нь усны орлогоос бүрддэг. Нийт орлогын 98 хувийг төвлөрсөн шугам сүлжээнээс харин гэр хорооллоос 2 хувийн орлогыг олдог гэнэ. Улсын төсвөөс ямар нэгэн татаас, төлбөр байхгүй гэсэн үг.
Зах зээлийн дагуу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, цалин хөлс гээд бүгд өсөж байгаа ч усны тарифын үнэ бага байсан учраас уг байгууллага 2025 оны байдлаар 20 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Монгол улсын хувьд усыг газрын гүнээс олборлохдоо үнэгүй авдаг. Харин тухайн усыг хэрэглэгч нарт хүргэхэд тодорхой хэмжээний үйлчилгээний зардал гарна. Үйлчилгээний өртгөөсөө доогуур тарифаар усны үнэ батлагдаад байхаар байгууллага алдагдалтай ажиллах нь ойлгомжтой зүйл. Таны 100 төгрөгөөр хийсэн талхыг 60 төгрөгөөр зар гээд үнэ тогтоогоод байвал танд ямар санагдах бол.

Мэдээж энэ алдагдал гэнэт гараад ирсэн ойлголт биш сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд яригдаж байсан зүйл. Гэхдээ шийдэл байхгүйгээр өдийг хүрчихсэн. Яагаад ийм алдагдалтай олон жил явав гэдэг асуудал үүснэ. Мэдээж энэ усны үйлчилгээний үнэ тарифтай холбоотой асуудал. Усны үйлчилгээний үнэ тарифыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос баталдаг. Устай холбоотой үйлчилгээний бүх тарифыг энэ газар батална. Харин Ус сувгийн удирдах газраас усны тарифыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр ашиг, алдагдлын тооцоог хийн зохицуулах хороонд мэдээлдэг. Нэг үгээр хэлбэл тариф нэмэгдүүлэх шаардлагатай санхүүгийн тооцооллыг хийгээд хүргүүлдэг. Зохицуулах хорооноос олж байгаа орлого, гарч байгаа зардлыг нягталж үзээд тарифыг хэрхэн нэмэгдүүлэх шийдвэрийг гаргадаг.

Алдагдалтай байгаа юм бол баланслах үнэд хүргэх нь ойлгомжтой гэж та бодож байна уу. Гэхдээ Зохицуулах хорооноос баталсан тариф нь эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг хэрэглэгч, хангагч хоёрын эрх ашгийг харгалзаж үзнэ хэмээн өртгөөс нь доогуур тогтоодог байна. 2022 онд усны үнийг нэмж 1 төгрөг 7 мөнгө , бохир усны үнийг 87 мөнгө болгож нэмэгдүүлсэн. Харин 2023 онд 1 литр цэвэр усны үнэ 1 төгрөг 34 мөнгө, бохир усны үнийг 1 төгрөг 7 мөнгөнд хүргэсэн байдаг. Үүнээс хойш дахин усны үйлчилгээний үнэд өөрчлөлт ороогүй. Дайны хажуугаар дажин гэдэгтэй адил улс төрийн гэх үү тодорхой шалтгаанаар усны тарифыг нэмэхгүй гэх шийдвэрийг улс төрчид гаргах дуртай.
20 тэрбумын алдагдал 90 тэрбумд хүрэх нөхцөл байдал
Алдагдалтай ажиллаж байгааг нь удирдах газрууд нь мэддэг ч тодорхой шийдэл санал болгохгүй байсаар дараагийн хүнд ачаа энэ байгууллага дээр ирж байгаа. Гэхдээ хэрэглэгч бидний зүгээс харвал сайшаалтай зүйл. АНУ болон Монгол Улсын засгийн газар хоорондын 2 дахь Компакт гэрээний хүрээнд “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх” төслийг 2021-2026 онд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрүүд энэ сардаа багтаан ашиглалтад орж байгаа.
Ус хангамжийн Баруун эх үүсвэр ашиглалтад орсноор ус гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологийг ус хангамжийн системд нэвтрүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг хангах улмаар одоо ашиглаж байгаа гүний усны нөөц ашиглалтыг бууруулах, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, дагуул хотуудын унд ахуйн усыг хангах нөхцөл бололцоо нээгдэнэ.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан бөгөөд дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилд 14–18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах ач холбогдолтой юм.

Гаднын хөрөнгө оруулалт болохоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, өндөр хүчин чадалтай учраас ашиглалтын зардал өндөр гарах тооцоолол гарчээ. Цахилгаан, дулаан, ажиллах хүч, бодисын зардал гэх мэтээр олон зүйлийг дурдаж болно. Одоогийн усны тарифаар энэ хоёр үйлдвэрийн ашиглалтыг тус газар хариуцаад зардлыг нь даагаад явж дийлэхгүй гэнэ. Үүн дээр нэмэгдээд ирэх 10 сард шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орно. Уг хоёр үйлдвэр болон шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол 20 тэрбумын алдагдал энэ онд 90-ээд тэрбум төгрөгт хүрэх тооцоолол гарчээ. Харин үүнийг хэрхэн шийдэх шийдэл байхгүй хэвээр.
Зардлаа бууруулах чиглэлээр юу хийв
Тус байгууллагын зүгээс зардлаа бууруулах ажлуудыг олон улсын хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Гэр хороололд байгаа төвлөрсөн шугамд холбогдсон 180 ус түгээгүүрийг ухаалаг системд холбосон. Ингэснээр худаг бүрд суудаг хүний ажлын цалин, цахилгаан, дулааны төлбөр гээд гээд тодорхой хэмжээний зардлыг бууруулсан. Харин гэр хорооллын хэрэглэгчид хоногийн 24 цагийн хэдийд ч усаа авах боломж бүрдсэн байдаг.
Зэвтэй ус хэрэглэж байж усны үнээ нэмэх үү
Усны цоргоноос зэвтэй ус гоожиж байгаа бичлэг цахим сүлжээгээр зөндөө гардаг. Ийм байхад яагаад үнэ нэмэх гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хэрэглэгч дэвшүүлэх байх. Мэдээж чанартай үйлчилгээ авч байж үнэ нэмэх асуудлыг ярина. Зэвтэй усны цаад учир нь шугам хоолойноос шалтгаалж байгаа гэдгийг хэрэглэгчид мэддэг болсон. Улаанбаатар хотын унд ахуйн усны хэрэгцээг гүний усаар 100% хангаж байгаа нь усны чанар ямар сайн чанартай вэ гэдгийг шууд илтгэж байгаа гэж ойлгож болно. Гол асуудал нь хэрэглэгчийн орон сууцанд очихоосоо өмнө 3-4 төрлийн өөр өөр эзэмшигчийн шугам сүлжээгээр дамжиж байгаад л учир нь байгаа юм. Барилга орон сууцны барилгын ус хангамжийн гадна болон дотор шугам сүлжээ гэж байгаа тэр шугамыг барилга барьж байгаа компани ажлын зургийн дагуу угсарч бэлэн болгох үүрэгтэй. Манай байгууллага нь гадна цэвэр усны шугамын ажлын зураг төсөлд зөвшилцөхдөө зэврэлтэд тэсвэртэй, зэв үүсгэдэггүй шугам хоолойн материалаар угсралт хийхээр баталгаажуулдаг. Эхлээд УСУГ-ын төвийн шугамаар хотод ус түгээгдэж тухайн орон сууцны хорооллын эзэмшлийн шугамаар дамжин хэрэглэгчийн байранд ус ирж байрны дотор шугамаар дамжин таны гэрт очдог. Энэ дамжлагуудын дунд аль нэг шугамд нь зэв үүсэж эхэлбэл хэрэглэгчид зэвтэй ус очих эрсдэл үүсэж байгаа гэсэн үг.

Энэ асуудлыг шийдэх зорилгоор тус байгууллагын төлөөлөл барилга байгууламж ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орж ажилладаг болсон. Энгийнээр хэлбэл тухайн байгууллагын албан хаагч барилгын шугам хоолойн ажил дууссан биш ид явагдаж байх үед нь очиж шалгадаг болсон. Комиссын гишүүд цэвэр усны шугамыг ямар шугамаар хийсэн гэдгийг дагалдах гэрчилгээгээр баталгаажуулдаг.
Гэсэн хэдий ч дээрх асуудал бүрэн арилахгүй байгаа нь гаднын улсаас хил гаалиар орж ирж байгаа шугам сүлжээг яг унд ахуйн усны стандартын шугам мөн болон дагалдах гэрчилгээтэйгээ нийцэж байна гэдгийг нарийн шалгах, баталгаажуулах хяналтыг сайжруулах хэрэгтэй гэдгийг илтгэж байдаг. Мөн ирж байгаа дуудлагуудыг шалгаад үзэхэд дийлэнх нь хэрэглээний халуун уснаас зэв гарч байгаа дуудлагууд байдаг.
Усны үнэ хэд байвал ашиг, алдагдлаа тэнцүүлэх боломжтой вэ
Бид нэг литр усаа хэдэн төгрөгөөр ашиглаж байгаа мэдэж авсан байх. 1 литр цэвэр усыг ашиглаад урсгахад 2 төгрөг 41 мөнгийг зарцуулж байна. Харин усны үйлчилгээний үнийг мэдэхгүй байхад 10 эсвэл 20 хувиар нэмэгдүүлнэ гэвэл бид авдаг цалин эсвэл шатахууны үнэтэй харьцуулаад хүндээр хүлээж авна. Харин энгийн ойлгомжтойгоор төгрөгт шилжүүлэх нь хамгийн зөв. Гэхдээ төлбөр нэмнэ гэдэг нь одоо шууд нэмэх асуудал биш. Үүнийг эдийн засгийн тооцоололтой нөгөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэгтэй өнгө ижил жил бүр нэмээд явах асуудлыг ойлгох хэрэгтэй. Уг нь анхнаасаа ингэж явсан бол энэ байгууллага 20 тэрбумын алдагдал амсахгүй байсан. Түрүүн нийтлэлд дурдсанаар шинэ үйлдвэр, цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол алдагдал хэд болох эрсдэлтэйг дурдсан. Үүнтэй уялдуулсан тооцооллыг тус газраас хийсэн. Тооцооллоор төвлөрсөн шугамын 1 литр цэвэр усаа 1 төгрөг 34 мөнгийг 2 төгрөг 50 мөнгө, бохир ус татан зайлуулах үйлчилгээний 1 төгрөг 7 мөнгийг 2 төгрөг 10 мөнгө хүргэхэд балансаа бариад ажиллах боломжтой гэнэ. Нийлбэр дүнг харвал 1 литр усны зардал 4 төгрөг 60 мөнгө.
Шийдлийг хаанаас хайх уу
Байгууллага алдагдалтай ажиллаж буйгаа хэлсээр байхад үүнийг улс төртэй хольж хутгаад асуудлыг өөр тийш нь хандуулсаар өдийг хүрчхэж. 2025 болон 2026 онд усны үнийг нэмэхгүй гэсэн шийдвэр гарчихсан байгаа. Гэтэл нийслэлийн усны салбар хариуцагч байгууллага нь оны төгсгөлд 90 тэрбумын алдагдал хүлээх эрсдэл бий болчхоод байдаг. Ерөнхий сайд асан Г.Занданшатар оны эхэнд хийсэн мэдэгдэлдээ усны үнэ тарифыг ойрын үед судалж, ярилцахаар үүрэг болгосон гэж ам нээж байсан. Үнийг нь судлаад, бүх тооцоолол нь гарчихсан байхад үүнийг ярих шаардлага улс төрчдөд хэр их байдгийн бол. Өмнө нь бас мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаар байгаад голыг нь таслангаа алдсан салбарын бодит жишээ байна. Хэдэн жилийн өмнөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа засвар шинэчлэлийн ажил гээд салбарын хүмүүс зөндөө хэлсэн. Харин энэ салбарыг мэдэхгүй хүмүүс бас л улстөржүүлээд шийдэл гаргалгүй өдийг хүрсэн.
Тэгээд эцэст нь юу боллоо. Эрчим хүчний салбарт ямар хүндрэл гарсныг энэ өвөл бид хангалттай мэдэрсэн. Байсхийгээд л тог тасарч харанхуй гэртээ тог хэзээ ирэхийг хүлээж сууна. Тог тасрахаас өмнө аяга хоолоо хийж идэх гээд хүн бүхэн яарна. Яг түгжрэлийн цагтай давхцаад хоолоо хийж амжихгүй, зарим нь тогоондоо түүхий хоолтой харааж суусныг иргэд мартаагүй байгаа.
Ус сувгийн удирдах газрыг ч бас ийм ирээдүй хүлээж байж болзошгүй. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар одоохондоо ус тасалж хязгаарлах дээрээ хүрээгүй ч нөхцөл байдлыг хархаар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байна. Гэхдээ бүх зүйл муугаар эргээд нийслэлчүүд усны хязгаарлалтад орно гээд та төсөөлөөд үзээрэй. Бидний өвөг дээдэс “амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж хэлдэг байсан. Харин бид ирээдүйд “амьд явбал аяга ус ууна” гэдэг үг хэлээд сууж байх вий.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!