Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 12 секунд

Сүүлийн арван жилийн турш тамхины эсрэг тэмцэл нэг том асуултын өмнө ирээд байна: “Хүмүүс хорт зуршлаасаа шууд салж чадахгүй бол яах вэ?”

Дэлхийн хамгийн том, хамгийн найдвартай судалгаануудын нэгдсэн дүгнэлт нэг зүйлийг тодорхой хэлж байна — цахилгаан тамхи бол янжуураас гарах бодит туслах хэрэгсэл мөн.

Энэ бол зүгээр ч нэг таамаг биш. Судалгааны дээд түвшний эх сурвалж болох Cochrane /Кохрейн/-ийн олон арван судалгааг нэгтгэсэн мета-анализад никотинтой цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс утаат янжуур тамхинаас гарах магадлал нь уламжлалт никотин орлуулах эмчилгээ (наалт, бохь гэх мэт)-ээс илүү байгааг тодорхой харуулж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, олон жил “тамхинаас гаргах стандарт арга” гэж ярьж ирсэн зүйлсээс илүү үр дүнтэй хувилбар гарч ирсэн гэсэн үг. Энэ бол бодлогын түвшинд анхаарах ёстой том дохио мөн юм.

Янжуур тамхины донтолтын гол шалтгаан нь никотин боловч, хамгийн их хор хөнөөл нь шаталт буюу түүнээс гарч буй утаа, давирхай зэрэг нь олон мянган хорт бодис үүсгэдэг гэдэг нь тогтоогдоод олон арван жил болж байна. Харин цахилгаан тамхи нь шаталт үүсгэдэггүй. Энэ нь асуудлын голыг онилсон дэвшилтэт технологи юм. Никотины хэрэгцээг хангана, харин утааны хоргүйгээр. Тиймээс хэрэглэгчид “тамхинаас гарна” гэж өөрийгөө хүчлэх биш, харин шилжинэ. Энэ шилжилт амжилтын түлхүүр байх боломжтойг олон улсын түвшинд харуулсаар байна.

Сүүлийн үеийн судалгаануудын нэг чухал давуу тал нь бодит хэрэглэгчдийн зан төлөвийг харж эхэлсэн явдал. Хүмүүс тамхинаас нэг өдөрт бүрэн татгалзаж чаддаггүй. Гэхдээ тэд илүү бага хортой хувилбар руу шилжих нь боломжтой хувилбар юм гэж Швед, Шинэ Зеланд, Англи зэрэг улсууд үзэж байна. Энэ шилжилтийг бодлогоор дэмжих үү, эсвэл хаах уу гэдэг нь эрүүл мэндийн бодлогын ирээдүйг шийднэ. Дээр дурдсан улсууд нь сүүлийн 10 жилийн хугацаанд тамхидалтын түвшин нь хамгийн амжилттай буурсан улсууд юм.

Энд нэг зүйлийг шууд хэлэх хэрэгтэй: “Бүгдийг хориглоё” гэдэг нь шийдэл биш. Хүмүүс никотины хэрэглээгээ шууд зогсоох хэцүү. Хэрэв илүү бага хор нөлөөтэй хувилбарыг нь хаавал тэд хамгийн муу хувилбарлуугаа буцна. Энэ бол онол биш, олон улсын бодит туршлагаар батлагдсан зүйл.

Цахилгаан тамхи бол төгс биш. Гэхдээ энэ ярианы гол цэг нь төгс төгөлдөр байдал биш — харьцангуй эрсдэл. Хэрвээ нэг нь шаталттай утаа, нөгөө нь утаагүй аэрозоль бол аль нь илүү дээр вэ гэдэг асуулт логикийн хувьд ч, шинжлэх ухааны хувьд ч тодорхой.

Өнөөдөр дэлхий даяар бодлого боловсруулагчид хоёр замын уулзварт ирээд байна. Нэг нь хуучин арга — хориглох, айлгах, “зүгээр боль” гэж шаардах. Нөгөө нь шинэ арга — бодит байдалтай эвлэрч, хор багатай хувилбар руу шилжилтийг дэмжих. Судалгаа, нотолгоо, бодит хэрэглээ бүгд хоёр дахь замыг зааж байна.

Хэрвээ бид үнэхээр тамхины хор хөнөөлийг бууруулахыг хүсэж байвал нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй:
Цахилгаан тамхи бол асуудал биш — шийдлийн нэг хэсэг.

Эх сурвалж:

https://www.cochrane.org/evidence/CD010216_can-electronic-cigarettes-help-people-stop-smoking-and-do-they-have-any-unwanted-effects-when-used?

https://www.nhs.uk/better-health/quit-smoking/ready-to-quit-smoking/vaping-to-quit-smoking/

С.Цэнгүүн: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас тодруулах олон зүйл байгаа
С.Цэнгүүн: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиас тодруулах олон зүйл байгаа
 
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдээс 6 сая гаруй төгрөг залилжээ
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдээс 6 сая гаруй төгрөг залилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!