Б.Ган-Очир: Нийслэлийн дэх авлигын бүтэц Ерөнхий сайд Н.Учралд ч захирагдахгүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 18 секунд

Өнгөрсөн ням гарагт Нийслэлийн Ардчилсан намын шинэ даргаа сонгосон. Ингээд Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдоод буй Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн намын дарга гэдэг маш том албан тушаалд сонгогдлоо. Намын нөхөд чинь ямар захиас өгч явуулав?

-Намын гишүүдийн захиж байгаа хамгийн том зүйл бол дотоод цэгцрэлийн асуудал. Бидэнд таван хагас жил байна. Ер нь сонгуулийн суурь онолоор “Сонгуулийн дараа жилд гэр бүлдээ цаг гарга, түүний дараа жилд намдаа цаг гарга, дараа нь олон нийт, иргэний нийгэмд цаг гарга, харин сонгуулийн жилд эрх баригч өрсөлдөгчдөө цаг гарга” гэдэг.

-Таны хувьд болон танай баг 2028 онд одоо байгаа тавхан төлөөлөгчөө хэд болгоно гэж зорьж байгаа юм бэ?

-Нийслэлийн сонгууль гурван том давааг давдаг. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль, хоёрдугаарт УИХ-ын сонгууль, гуравдугаарт нийслэлийн өөрийнх нь сонгууль. Энэ гурван сонгууль бүгд Монголд байхгүй. Шударга бус гэсэн үг. Эхлэхдээ сонгуулийн ялагч нь бэлэн болсон байдаг. Өрсөлдөгч МАН зоргоороо санал авах өдрийг тав дахь болгож амралтын өдөр рүү шахдаг. Үр дүнд нь ирцийг унагадаг. Ирцгүй сонгуулиар нийт сонгогчдын 20 хүрэхгүй хувиар өөрсдөө 40 суудал авдаг. Мөн дээрээс нь сүлжээ угсардаг 1.5 сая төгрөгийн цалинтай 2000 хэсгийн ахлагч бий. Хүнсний талон, шахмал түлшний сүлжээ, авлигаар тэжээгддэг компаниудын сүлжээ гээд зүгээр л сүлжээний бизнес болчихсон. Сонгууль бол Монгол Улсад сүлжээний бизнес гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгууль гэж байхгүй. Эхний ээлжинд бид шударга сонгуулийн тогтолцоог нэхэх хэрэгтэй. УИХ дахь 42 гишүүнтэйгээ ойлголцох хэрэгтэй байна. Энэ бол хамгийн эхний алхам.

-Нийслэл дээр бүхэл бүтэн Вант Улс үүсчихлээ гэж яригдаж байхад АН-ын таван төлөөлөгч хаанаа ч хүрэхгүй байна. Х.Нямбаатарын энэ томын багийн эсрэг та яаж ажиллах юм бэ?

-Тэр баг бол Х.Нямбаатарын баг биш, нийслэлийн авлигын бүтэц. Энэ бол МАН-д, Ерөнхий сайд Н.Учралд ч захирагдахгүй. Ер нь хэнд ч захирагдахгүй. Нийслэлд байгаа бүх зүйлийн толь нь 21 аймаг 330 сум байдаг. Тиймээс Улаанбаатар хотод Ардчилсан нам ялна гэдэг нь Монголыг аварч байгаа асуудал.

-Сонгуульд ялж, ялагдаж болох ч сонгууль өөрөө шударга байх хэрэгтэй-

-2012 онд Э.Бат-Үүлийн баг нийслэлд ялснаас хойш танай нам нар үзсэнгүй. Дараалсан ялагдлын цувааг яаж таслах юм бэ?

-Сонгуульд ялж, ялагдаж болно. Гол нь сонгууль өөрөө шударга байх хэрэгтэй. Та бод доо. Хоёр талаасаа хөлбөмбөг тоглох гээд ирэнгүүт манай хаалгыг 10 дахин томруулсан. Харин айлд хаалга байхгүй. Хамгаалагч ч хэрэггүй. Тэд зөвхөн довтолгоо л хийнэ. Үүн дээр бид ялсан, ялагдсан гэж ярьж болохгүй биз дээ.

Сонгуулийн амин сүнс юу вэ гэхээр сонгогчийн эрх. Сонгогчийн эрх юугаар хамгаалагддаг вэ гэхээр шударга тогтолцоо, хуулийн системээр хамгаалагддаг. Гэтэл бүх зүйл нь шударга бус. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг ч дээрэмдэж авна, УИХ-ын сонгуулийг ч дээрэмдэж авна. Харин дээрэмдүүлэхгүй байх нь Нийслэлийн АН-ын хамгийн том зорилго.

-Нийслэлийн удирдлагууд урьд өмнө нь байгаагүй их төсвөө хайр гамгүй үр таран хийж байгаа талаар олон нийт шүүмжилдэг. Гэвч нийслэл дэх танай таван төлөөлөгч дуугарах нь битгий хэл албан тушаал аваад явчихсан байна. Иргэдээс гадна сөрөг хүчин хяналт тавьж дуугарах ёстой юм биш үү?

-Үүнийг бид шинэ бүтцээрээ ярьж эхэлнэ л дээ. Би нийслэлийн төлөөлөгчид болон есөн дүүргийн намын дарга нартайгаа уулзана. Сөрөг хүчин гэдэг бол ард түмний сонголт учраас энэ ажлаа маш сайн хийх ёстой.

-Сүүлд Туулын хурдны замын асуудал хурцаар хөндөгдөж, иргэдийн аян өрнүүлж жагсаад байгаа. Эсрэг талаас нь Хотын дарга жагсаад байхад мөн л нөгөө таван төлөөлөгч байдаггүй. Танай төлөөлөгчид яагаад дуугарахгүй байгаа юм бэ?

-Ерөөсөө энэ таван хүний асуудал биш. Х.Нямбаатар гэдэг хүн төлөөлөгчдийнхөө ч үгэнд орохгүй. Сөрөг хүчний байр суурь илэрхийлэхийн тулд манай нам реформын шинэчлэл хийх ёстой. Дөнгөж сая шинээр намын дарга, улс төрийн зөвлөлтэй болж байгаа учраас одоо л үйл ажиллагаа эхэлнэ гэж бодож байна. Би ч гэсэн юу юугүй яарч загнахаас илүү маш нухацтайгаар энэ зун нийслэлийн үе үеийн төсөв, бүтээн байгуулалт, хулгай, алдаа оноо болон цаашид яах вэ гэдэг асуудалд 225 хүнээ хуваагаад Бодлогын зөвлөлд ажиллана гэж бодож байна.

-Х.Нямбаатарын багийн хажууд Б.Ган-Очирын баг үнэхээр супер баг-

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Б.Ган-Очир арван Х.Нямбаатартай тэнцэнэ” гэж хэлсэн. Та юугаар тэнцэх юм бэ?

-Багаараа тэнцэнэ. Х.Нямбаатарын багийн хажууд Б.Ган-Очирын баг үнэхээр супер баг. Манай дүүргийн дарга нарыг хар даа. Б.Түвшин гишүүн Хан-Уул дүүргийн намын дарга. Парламент дахь санхүү, эдийн засгийн хамгийн өндөр мэдлэгтэй хүн.

П.Галиндэв хоёр удаа УИХ-д нэр дэвшсэн, сөрөг хүчний шударга үнэний хамгийн хүчтэй дуу хоолой болсон залуу. О.Амгаланбаатар гишүүн дараалсан ялалтуудыг орон нутагт авчирсан. Одоо Улаанбаатар хотыг засан товхинуулахаар БГД-ийн намын даргаар сонгогдсон. Х.Болормаа гишүүн дараалсан дөрвөн ялалтын эзэн. Дүүрэгт улсын төсөвгүйгээр эмнэлэг барьж болдог жишгийг СБД-т үзүүлсэн. А.Ганбаатар гишүүн БЗД-ийн намын дарга улс төрийн өндөр мэдрэмжтэй. Н.Гансүх Налайх дүүргийн намын дарга гээд бодохоор энэ баг хамт олон чинь Х.Нямбаатараас хавь илүү. Бараг манай 225 гишүүний 70 хувь нь шинээр сонгогдсон. Энэ баг одоо ард түмнийхээ итгэлийг татах ёстой. Тэр ажлаа хийх хэрэгтэй. Үндсэн концепц бодлогоороо бид илүү.

Х.Нямбаатарт хулгайн баг байгаа. Харин надад бүтээн байгуулалтын, шударга үнэний дуу хоолой болсон баг байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

-Үлдсэн хоёр жилийн хугацаанд Х.Нямбаатарын баг улам хүчээ зузаатгах юм биш үү. Үүний эсрэг танай баг яаж ажиллах юм бэ?

-Улс төрийн намын тэмцэл тод дуу хоолой болдог үе өнгөрсөн. Органик залуучуудын дуу хоолой, иргэний нийгмийн дуу хоолойг дэмжих нь улс төрийн намын өөрийнх нь сонголтгүй сонголт болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зөв буруу олон ажлуудыг шүүмжилсэн зохион байгуулалттай жагсаалд оролцож буй иргэдийн үзэл бодолд үйлчлэх нь улс төрийн намын дараагийн үйл ажиллагаа болсон.

-Манай намын ах нарын зөрчилдөөн дээр МАН-ынхан тоглож, нэрийг нь залуучуудын духан дээр тавьж өгдөг-

-Таныг нийслэлийн намын даргаар сонгогдоход “АН нийслэлийн намаа дахиад л “Жэнко”-гийн гарт өгчихлөө” гэх асуудал хөндөгдсөн. Таныг болон танд ажлаа өгөөд буй Т.Батцогт нарыг Х.Баттулгын хүмүүс гэдэг. Нийслэлийн намын даргаар сонгогдоход ямар нэг дэмжлэг, нөлөө авсан уу?

-Манай намын ах нарын зөрчилдөөн дээр МАН-ынхан тоглож нэрийг нь залуучуудын духан дээр тавьж өгдөг. Энэ бол хуучин технологи. Энэ нээх сонин биш.

Миний амьдрал түүх, намтар үүнийг харуулна. Би бол 20 гаруй жил бэлтгэгдсэн Буянаагийн Ган-Очир. Миний сайн сайхан эсвэл муу муухай явах нь миний аавын хариуцлагын асуудал.

Улс төрийн угшилаар яривал, хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд гаргасан хүн бол Норовын Алтанхуяг дарга. Мөн би сая сонгуульд явж байхдаа Э.Бат-Үүл даргатай утсаар ярьж зөвлөлдсөн. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбогдож санаа оноогоо ярьдаг. “Фортуна” Н.Батбаяр ахыг саяхан өглөө гэрээс нь аваад Амгалангийн ДЦС-аас Толгойт, Баянхошуу хүртэл хамт явсан. Одоогийн намын дарга О.Цогтгэрэлтэй маш сайн хувийн харилцаатай. Ер нь намдаа байгаа бүх хүнтэй бүлэг, фракц гэхгүйгээр ний нуугүй харьцахыг хүсдэг.

Харин нэг хүний харьяалалд оруулах хүсэл гэдэг бол зүгээр тэмдэг. Өмнө нь харьяалалд нь ордог байсан хүмүүс байж болох юм. Одоо хоёр алхаад л баригдана. Дахиад нэг зүйл хэлэх хэрэгтэй.

Манай намын бүх бурууг 35 жилийн турш МАН-ынхан манай ах нарт өгч болсон. Тэр үед бурхан болсон Санжаасүрэнгийн Зориг агснаар ШОУ хийж болсон. Гэхдээ бодит үнэнийг бод доо.

Нийслэлд 2012-2016 онд АН ганцхан удаа засагласан. Засгийн газар нь голоороо нэг удаа хуваагдсан. Өөрөөр хэлбэл ажил хийх боломж хоёрхон жил байсан. Харин дараагийн сонгуулиар АН-ыг дэмжвэл яаж ажиллаж чадах вэ гэдгээ харуулсан. Бусад нь хов живийн асуудал. Намайг яаж ажиллахыг намайг хүлээж байгаа хоёр жилийн хугацаа нотолж чадах байх. Өнөөдөр би мянга ярилаа гээд маргааш үйлдэл нь өөр болвол танд буцаад л баригдана.

-Ярилцсанд баярлалаа.

ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ
ЗАСГИЙН ГАЗАР: Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ
 
Өнөөдөр манай 5 бөх хүч сорино
Өнөөдөр манай 5 бөх хүч сорино
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!