
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр \2026.04.06\ Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа.
Ажлын уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулав.
Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцгой байдлын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт судалгаа, шинжилгээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Түүнчлэн уг судалгаанд үндэслэн боловсруулсан хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, батлуулах ажлыг зохион байгуулах ажилд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн гамшгийн эрсдэлийн удирдлага, хариу арга хэмжээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материаллаг нөөцийг үе шаттайгаар шинэчлэх, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Үйл ажиллагааны төгсгөлд Шадар сайд ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг авч санал солилцож ажиллалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!