
Өглөөний сэрүүлэг дугарна. Дууг нь хаагаад л буцаад унтана. Таван минутын дараа дахин дугарна. Дахиад л унтраагаад унтана. Бие ч тэр, тархи ч тэр битгий өглөө болоосой гэж хүснэ. Яах аргагүй хавар юм даа гэж бодон өөрийгөө үсдэх шахуу юм болж байж өнөөх сэрүүлгээ 5-10 дахин дугаргаж байж арай гэж өндийнө. Утсаа шүүрч хэсэг сошиал шүүрдээд сая нэг сэрмэр аядна.
Ажилдаа явахаар гарахад хаа сайгүй дутуу нойртой над шиг хүмүүс эвшээж ядан алхана. Би ч ганцаараа ядраагүй юм байна гэж бодон битүүхэн инээд хүрээд хоцорчихгүйг хичээн хурдан хурдан алхана. Машин зам түгжирч, түгжрэлд зогсох машинууд хаа нэг сигналаа дарж аваад хажуудах хүнээ уруу таттал эвшээнэ. Зогсож байгаа автобусны хажуугаар өнгөрөхөд утсаа оролдон доошоо харангаа эвшээсэн хүмүүс харагдана. Яг л нөгөө анги чив чимээгүй сууж байхад нэг нь ханиангуут бүгд ээлж дараалан ханиадаг шиг л эвшээлт бас бусдыг уруу татан "халдварлана".
Арай гэж ажилдаа ирээд өнөөдөр юу хийх билээ гэж төлөвлөгөөгөө боловсруулах гэтэл өнөөх унтаа тархи огт ажиллахгүй. Юун төлөвлөгөө боссон ч суусан ч унтмаар, алхсан ч явсан ч амармаар... Ийм нэг унтаа өдрүүдийг өнгөрүүлнэ. Аяга цай уунгуут хөлс гарах нь холгүй, хоол ундгүй хэдэн өдөр явсан амьтан шиг санаа зовтол асгарна. Хажуу дахь хүнээсээ ичиж харагдахгүйхэн хурдхан шударна.
Амралтын өдөр болонгуут найз нөхөд уулзъя л гэнэ. Гэрээсээ гармааргүй зүгээр л "оршиж" баймаар хаврын урт өдрүүд хэзээ дуусах бол оо. Яагаад хавар ядардаг юм бол. Зүгээр л сэтгэл зүйд байна уу, миний биед байна уу. Өөрөө ядраад байгаа болохоор өрөөлийг ядарч байна гэж хараад байна уу. Хамаг бие шархираад ч байх шиг. Харшил хөдөлж бие арзайгаад ч байх шиг. Насны асуудлаа хавар руу чихэх гэсэн өмөөрөл үү, эсвэл угаасаа л улирлын буруу юу...
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!