Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилсон билээ. Тэгвэл одоо шинэ Засгийн газрын бүтэц ямар байх, бусад намуудтай хамтрах эсэх асуудал хөндөгдөж байгаа юм. Тэгвэл УИХ-д суудалтай АН, ХҮН нам, Иргэний зориг, ногоон нам болон “Үндэсний эвсэл”-ийн дарга нар Засгийн газарт хамтрах асуудлаар юу гэж хэлсэн бэ?
АН: Хөөгдөж, туугдаад гарсан улс төрийн хүчин буцаад орно гэдэг зохисгүй явдал
-Засгийн газарт хамтрахгүй гэсэн байр суурь хэвээрээ. Би намын даргын хувьд намынхандаа ч хэлдэг. Л.Гантөмөр дарга саяхан намынхныхаа шүүмжлэл, нийгмийн дургүйцэл дор улс орны эрх ашгийг урдаа тавьж хамтарсан Засгийн газарт орж чадахаараа ажилласан. Эцэст нь МАН-ын Бага хурлын шийдвэрээр хөөгдөөд гарсан. Хамтарсан ЗГ-ын үед ч би “Энэ бол зөв шийдвэр биш” гэж хэлж байсан гишүүдийн нэг. Хөөгдөж, туугдаад гарсан улс төрийн хүчин буцаад орно гэдэг зохисгүй явдал. Олонх нь үүргээ биелүүлэх ёстой.
ХҮН нам: Хамтарч байж тогтвортой Засгийн газар бий болно
-Суурь реформуудыг хийхийн тулд ХҮН нам Засгийн газарт орсон болохоос дарга цэрэг болно гэсэн юм байхгүй. ХҮН нам Засгийн газарт ороогүй бол АН сөрөг хүчин хийж байгаа цагт суурь реформуудыг МАН дангаараа хийж чадахгүй. Сөрөг хүчин хийх маш амархан. Шүүмжлээд, шахаад явах байх. Харин ЗГ-ын ачааг үүрээд явах нь зарим улстөрчдийн хэлдгээр “яс янгинуулсан” ажил байхгүй юу. Тийм учраас шинэ Засгийн газарт хамтрах эсэхийг ХҮН нам дотооддоо маш хариуцлагатайгаар хуралдаж байгаад шийднэ.
Ер нь монголчууд хамтрахгүйгээр хөгжихгүй. Хамтарч байж тогтвортой Засгийн газар бий болно. Тэгэхгүйгээр сөрөөд л алга ташуулаад “Энэ муухай, энэ муу. Огцруулна” гээд байвал бид хий эргэлдсэн болох гээд байна. Одоо богино хугацаагаар хамтармааргүй байна. Засаг бүрдээд 6 сар болж байтал гэнэт УИХ-ын даргыг өөрчлөх асуудал орж ирээд ЗГ нь огцрохоор болохгүй байгаа биз дээ. Өмнө нь ч гэсэн хүүхдийн цүнхний асуудал гарч ирж, жагсаал зохион байгуулаад огцорч байсан.
Тэгэхээр үүнийг Ардын намын даргатай маш сайн ярина. Хэрвээ урт хугацаанд тогтвортой байж, гадны хөрөнгө оруулагчдыг хулхиддаггүй, бизнесээ дэмжсэн тогтвортой Засгийн газар байж чадна гэвэл бид асуудлыг ярилцана. Одоогоор хамтаръя гэсэн санал ирээгүй байна.
ИЗНН: Саналаа тавьсных нь дараа бид шийдвэрээ гаргана
-Шинэ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх үү, үгүй юу гэдгээ шийдэх байх. Үүний дараа бусад намуудтай хамтрах эсэхээ шийдвэрлэж, саналаа тавьсных нь дараа бид шийдвэрээ гаргана. Хамтрах саналаа гаргах эрх нь Ерөнхий сайдад байгаа. Шинэ Ерөнхий сайд ямар нэг зүйл хэлээгүй байхад миний хувьд хэлэх зүйл алга.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: Засгийн газрын багийг харж байж орох эсэхээ шийднэ
-Би өмнө нь Г.Занданшатараас урилга хүлээж аваад ажил хэрэгч байдлаар асуудалд хандсан. Тэр зарчим хэвээрээ. Миний ярьдаг найман үндэслэлийн нэг нь Засгийн газрын бүрэлдэхүүн. Засгийн газрын багийг харж байж орох эсэхээ шийднэ. Н.Учрал эрх чөлөөтэй, өөрийн Засгаа бүрдүүлэх ёстой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!