
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар жил бүр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулийн 12 дугаар ангийн сурагчидтай цахимаар уулзаж, Элсэлтийн шалгалтад нь амжилт хүсэхийн зэрэгцээ цаг үеийн асуудлаар тодорхой мэдээллүүд өгдөг.
Энэ уламжлалын дагуу өнөөдөр холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн 42 сургуулийн төгсөх ангийн 3,899 сурагчтай цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр “Баянгол боловсрол” хөтөлбөрийн хүрээнд төгсөх ангийн сурагчид руу чиглэсэн 3 арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өглөө.

Үүнд:
Нэгдүгээрт: Төгсөх ангийн сурагчдыг Элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит “Баянгол сорилго” элсэлтийн шалгалтыг энэ жил 04-р сарын 01-02-ны өдрүүд сургууль, сургууль дээр нь танхимаар зохион байгуулах тул сурагчдыг идэвхтэй оролцохыг хүслээ. Учир нь төгсөх ангийн сурагчид урьдчилсан сорилго өгснөөр Элсэлтийн шалгалт өгөх сэтгэл зүй нь урьдчилан бэлтгэгдэх, шалгалтын явцад цагийн төлөвлөлтөө зөв хийх, хариултын хуудсаа бүрэн гүйцэт бөглөх, гээд олон давуу талтай юм.
Хоёрдугаарт: Баянгол дүүрэг жил бүр нийт төгсөгчдөдөө зориулж дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, үйл ажиллагааг сурталчлах, Тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах, суралцагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Баянгол Боловсрол” үзэсгэлэнг хавар, намрын улиралд зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ 04-р сарын 04-ний Бямба гарагт МҮЭСТО-ны үзэсгэлэнгийн танхимд 09:00-17:00 цагийн хооронд болох бөгөөд энэ талаар мэдээлэл өглөө.
Гуравдугаарт: Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад Зэвсэгт хүчний анги байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Эх оронч Монгол” аяллыг дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ 5-р сарын 05-15-ны өдрүүдэд болох бөгөөд нийт төгсөгчдийг идэвхтэй оролцохыг уриаллаа. Цахим уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга нийт төгсөгчдөдөө удахгүй болох Элсэлтийн шалгалтад нь амжилт хүсэж, өөрийн хүссэн сургуульдаа элсэн орох, улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэн гарахыг хүссэн юм.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!