Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөний улмаас Ази, Европын орнууд руу нефтийн тээвэрлэлт хийдэг гол суваг болох Ормузын хоолой хаагдмал болоод сар шахуу болж байна. Үүнээс болж газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэж эхэлсэн. Дэлхийн шатахууны зах зээл тогтворгүй болж хямрал бодитоор үүсэж улс орнууд тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан улс орнууд шатахууны үнэ нэмэх, хязгаарлалт тогтоох, татвар бууруулах, экспортоо хаах зэрэг алхмуудыг хийж байна. Эдгээр алхмууд нь дотоодын шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлэх, инфляц, эдийн засгийн дарамтыг багасгах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлууд. Нэг ёсондоо улс бүр өөрсдийн хийж чадах зүйлээ хийж эхэлсэн гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжилбэл жинхэнэ утгаараа эдийн засгийн том хямрал нүүрлэж болзошгүй байна.
Улс орнууд шатахууны үнээ нэмж эхэллээ
Өмнөд Африк энэ сард бензин, дизель болон хийн түлшний үнийг нэмжээ. Тухайлбал шатахууны үнийг 20 центээр, дизель түлшний үнээ 62-65 центээр нэмэгдүүлсэн байна. Эрх баригчдын зүгээс үнэ нэмэгдсэн асуудлыг олон улсын геополитик болон эдийн засгийн нөхцөл байдлаас болсон гэж тайлбарласан байна.

Харин Их Британи, Франц улсууд бензин болон дизель түлшний үнээ нэмж эхлэв. Их Британи улсад энэ сарын эхээр тогтвортой байсан шатахууны үнэ 8-10 хувь, дизель түлш 15-17 хувиар нэмэгдэв. Харин Францад энэ сарын эхээр 1 литр бензин 1.80-1.86 евро байсан бол 2 еврог давжээ. Зарим газруудад 2.97 евро хүрсэн тул Засгийн газраас үнийн дээд хязгаарыг тогтоох арга хэмжээг авсан байна. Мөн эрх баригчдын зүгээс нефть боловсруулах үйлдвэрүүдэд үйлдвэрлэлээ өсгөх чиглэл өгсөн ба 500 гаруй шатахуун түгээх станцад үнийн шалгалт хийжээ.
Вьетнам энэ сарын 12-ны өдрийн үнийн шинэчлэлээр E5 RON92 бензиний үнээ 447 донгоор бууруулсан ч RON95-III түлшний үнэ 335 донгоор өсөж 25,575 донг болжээ. Вьетнамын хувьд зарим түлшний үнэ өсөж, зарим түлшний үнэ буурсан үзэгдэл ажиглагдав.
Азийн орнууд шатахууны хэрэглээгээ хязгаарлаж эхэллээ
Хамгийн хатуу арга хэмжээг Шри Ланка улс хэрэгжүүлж байна. Тус улс нэг тээврийн хэрэгсэлд олгох шатахууны нормыг тогтоосон. Машинд 7 хоногт 15 литр, мотоциклд 5 литр шатахуун олгож байгаа гэнэ. Мөн хэрэглээг багасгах зорилгоор Лхагва гаригийг амралтын өдөр болгожээ. Бангладеш улс мөн Шри Ланка улстай ижил арга хэмжээг авч байгаа.

Мьянмар улсын хувьд зарим хотуудад шатахуунгүй болж иргэд хөрш зэргэлдээх улсаас шатахуун авах хэмжээнд хүрсэн байна. Мөн шатахууны хэмжээг бараг хоёр дахин бууруулах зорилгоор машины дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулж эхэлжээ. Шатахууны хомсдолоос үүдэн шатахуун нөөцлөх, үнэ нэмж шаглан худалдах зэрэг зөрчлүүд гарсан ба эдгээр үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож эхэлсэн гэнэ.
БНХАУ, Тайланд, Серби улсууд экспортоо зогсоож дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна
БНХАУ Ойрх Дорнодын хямралаас үүссэн нийлүүлэлтийн тасалдлаас болж дотоодын хомсдол үүсэхээс сэргийлэн бензин, дизель, онгоцны түлшний экспортоо түр зогсоох шийдвэрийг гаргасан. Засгийн газрын зүгээс томоохон нефть боловсруулах компаниудад энэ мэдэгдлийг албан ёсоор өгөөд байгаа. БНХАУ-ын хувьд Бангладеш, Филиппин, Австрали, Вьетнам болон Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад гол экспортоо хийдэг байсан.

Тайланд улсын хувьд олон жижиг зах зээлд бага хэмжээгээр шатахуун нийлүүлдэг онцлогтой. Тус улсаас Камбож, Лаос, Сингапур, Вьетнам, Малайз улсууд импортын шатахуун авдаг. Харин дизель болон боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг Бахрейн, Оман, Йордан, Египет, Турк, Казахстан улсад нийлүүлдэг байж.
Серби бензин, дизель болон түүхий нефтийн экспортыг бүрэн зогсоосон. Тодорхой хугацаа тогтоогүй байгаа ч энэ сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлэх болов уу. Мөн дотоодын шатахууны нийлүүлэлтийг хэвийн байлгах зорилгоор нөөцөөсөө 40.000 тонн дизель түлшийг нийлүүлээд байна. Үүн дээр нэмэгдээд Словак, Болгар, Энэтхэг, Польш зэрэг улсууд дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор экспортоо зогсоох бодлогыг хэрэгжүүлж байна.
АНУ болон Ираны сөргөлдөөн бүх асуудлыг шийднэ
Одоогийн байдлаар улсууд өөрсдийн зүгээс хэрэгжүүлж болох алхмуудаа хийж байна. Хэрэглээгээ танаж, нөөцөөсөө гаргаж, экспортоо зогсоох гээд байж болох алхмуудыг хийж байгаа. Гэхдээ энэ бүхэн түр зуурын гал намжаах үйлдлүүд. Ихэнх улсууд ийм нөхцөл байдалтайгаар 1-2 сар орчим байж чадна. Асуудлын зангилааг тайлах АНУ болон Ираны гаргах шийдвэрийг дэлхийн ихэнх улсууд ажиглан хүлээж байгаа. Асуудал сайнаар шийдэгдэж эдгээр улсууд тохиролцоонд хүрч чадвал Ормузын хоолойн тээвэрлэлт нээгдэж, газрын тосны үнэ буурна. Түүнийг дагаад нийлүүлэлт хэвийн болж эрэлтээ хангаж эхэлнэ. Ойрын хугацаанд АНУ болон Иран том хэлэлцээр хийж магадгүй талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байгаа. Европын холбоо болон бусад оролцогч талын орнууд зөрчилдөгч талуудтай холбогдож асуудлыг дипломат зарчмаар шийдэхийг сануулж байгаа. Асуудал сайнаар шийдэгдвэл олон талын үр ашигтай. Эсрэгээрээ эргэвэл дэлхийн эдийн засагт томоохон хохирлыг авчирна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!