Б.Марал: “Аавын охин“-ы пробонд тэнцээд айдастай байсан ч МУГЖ С.Болд-Эрдэнэ ахтай партнёр болж тоглоно гэхээр нь шууд л харанхуй зөвшөөрчихсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 46 секунд

"Аавын охин" киноны голд дүрд тоглосон залуу жүжигчин Б.Маралтай ярилцлаа.

-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Баттөрийн Марал гэдэг. Би 2025 онд М.Ариунжолоо багшийн удирдлагад СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тайз, дэлгэцийн мэргэжлийн жүжигчний ангийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Залуу уран бүтээлч байна.

-"Аавын охин" киноны гол дүрээр үзэгчдийн танил болж байх шиг байна. Киноны гол дүрд хэрхэн сонгогдож байв?

-Пробод ороод тэнцсэн. Зохиолоо уншчихаад жаахан айгаад. Сүнс нь солигдоно гэхээр амьдрал дээр байхгүй зүйл шүү дээ. Жүжигчид дүрийнхээ судалгааг бодит хүмүүсийн түүх, болсон явдал, бодит хүмүүс дээр судалгаа хийж дүрийг гаргадаг. Гэтэл сүнс солигдсон түүх энэ хорвоо ертөнц дээр байхгүй. Тэгээд яах ёстой юм бол оо гэж бодоод жаахан айсан. Тэгтэл чиний аавын дүрд партнёрлож тоглох хүн гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ гэдэг хүн байгаа гэхээр нь хав харанхуй "Өө тэгье, тэгье" гээд шууд зөвшөөрсөн. Айж байсан ч айдсаа даваад орохоор болсон доо.

-Яг зураг авалт эхлэх үед айж сандарч, биеэ барьж байсан уу?

-Анхны юм болгон сандралтай, айдастай, түгшүүртэй байдаг шүү дээ. Би зураг авалтын эхний өдөр нэлээд сандарсан. Нэг цэнхэр куртикнээс болж би их тийрсэн. Тэр яасан гэхээр зураг авалтын эхний өдөр миний куртик сонгогдож өгөхгүй байгаад байсан. Манай зураачид өмнөх өдөр нь зөндөө хайсан. Янз бүрийн куртик өмсөж үзээд, зураачид зургийг нь дараад продюсер рүү явуулаад үзүүлээд л байлаа. Тэгсэн манай продюсер ууртай байсан уу, стресстэй байсан уу "Наад охинд чинь ерөөсөө хувцас зохихгүй байна. Хувцас зохидоггүй охин юм уу" гэж уурлаад л би тийрчихсэн. Маргааш нь ч гэсэн тийрээстэй. Зураг авалтынхаа эхний өдөр тийрээд, сандралтай байсныг ч хэлэх үү. Тэгсэн харин манай продюсер ах ирээд "Ахыгаа уучлаарай. Ах нь маш их стресстэй байсан юм аа" гээд тэвэрсэн. Тэгээд л сандрал гайгүй болчихсон.

-Анхны дүр, тэр тусмаа эрэгтэй хүнийг дотроосоо гаргана гэдэг хүнд байсан байх даа?

-Харин тийм. Цэвэр судалгаа л байсан. Би аавыгаа, ахимаг насны эрэгтэй хүмүүсийг, аав хүмүүсийг, охинтойгоо яаж харьцаж байна гэдгийг л судлахыг хичээсэн.

-Таны аавын залуугийн мөрөөдөл жүжигчин болох байсан гэсэн. Аавынхаа хүсэл мөрөөдлийг гүйцээж явна гэхээр юу бодогдож байх юм?

-Тэр их гоё мэдрэмж байна лээ. Болох ёстой юм болдгоороо л болно гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Яг тийм юм шиг. Би зөв мэргэжлээ сонгочихсон юм шиг мэдрэмж төрсөн. Сургуулиа дөнгөж төгсөхөөр тийм нэг айдастай болчихдог. Манай мэргэжил хүрээлэл, салбар нь жижигхэн мөртлөө өрсөлдөөн ихтэй болохоор маш их айдастай. Зөв мэргэжлээ сонгосон уу, үгүй ч юм уу гээд сургуулиа төгссөнөөс хойш 2-3 сар бодож явсан. Тэр эргэлзээ минь ч гэсэн аавыг тэгж хэлснээс хойш тайлагдсан. Би угаасаа л зөв мэргэжлээ сонгочихсон юм байна шүү дээ л гэж бодогдсон.

-Кинонд тоглосноос хойш аавтайгаа харилцах харилцаа илүү нээлттэй болсон байх гэж бодогдсон. Та хоёрын харилцаа ямар байгаа вэ?

-Бид хоёр ч гайгүй л дээ. Шууд ярих юмаа ярьчихдаг. Нэгнээ сонсохгүй, нэгнийхээ хүсэл сонирхлыг тоохгүй ч юм уу, тийм биш. Бид хоёрын харилцаа ер нь давгүй ээ. /инээв/

-Багадаа Хүүхдийн ордны драмын дугуйланд явж байсан гэсэн. Ямар хүүхэд байв. Бага насныхаа талаар яриач?

-Би багадаа маш ичимхий, бүрэг, тайван хүүхэд байсан. Маш дуугүй, даруухан, дөлгөөхөн хүүхэд л байсан юм. Ер нь л их ичимхий хүүхэд байсан юм байна аа. Хамаатнуудаа ч орж ирэхэд мэндэлж чаддаггүй ичээд, ээж мэндлээч гэдэг ч мэндэлж чаддаггүй. Тийм хэмжээний ичимхий хүүхэд байсан. Тэгээд л Хүүхдийн ордны драмын дугуйланд ороод задарч эхэлсэн. Багш надтай ажиллаад "Чи хиймээр байгаа зүйлээ хий. Хэлмээр байгаа үгээ хэл. Битгий ич" гээд л хэлнэ. Хүүхдийн ордонд бид янз бүрийн номерууд тавина. Хүүхдийн хөөрхөн жүжгүүд хийнэ. Яг СУИС шиг. Тиймэрхүү номероор олон хүний өмнө гараад ирэхээр биеийнх нь бариас нь тавираад, тэгж л задарч эхэлсэн байх даа. Олон хүнтэй харьцаж эхэлсэн.


-Тэгэхээр гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо харилцах харьцаа бас өөрчлөгдсөн байх?

-Тийм. Хамаагүй задарсан. Одоо би ерөөсөө тийм биш. Маш нээлттэй. Ээж "Чамайг жаахан байхад чинь даруухан байсан болохоор ер нь л даруухан, дуугүй хүн болох юм байна даа гэж боддог байсан" гэсэн. Гэтэл одоо маш өөр болчихсон.

-Аав нь багш мэргэжилтэй хүн байна лээ. Ээж нь ямар мэргэжилтэй вэ. Аав ээж, гэр бүл нь ойлгож, дэмжиж байж жүжигчний мэргэжил хол явдаг байх?

-Манай ээж бас багш. Манай аав, ээж хоёр хоёулаа багш. Багш болохоор ч тэр юм уу, миний хүслийг цааргалахаас илүү дэмждэг. Би санал гаргавал тэг, тэг л гэдэг. Бүжгийн дугуйланд явъя гэвэл тэг тэг, яв. Харин ч сайн байна л гэдэг. Намайг анх драмын дугуйланд явъя гэхэд ээж бүр баярласан гэж ярьдаг шүү.

-Айлын ганц уу?

-Үгүй, айлын бага.

-Ах, эгч нар нь хэр дэмждэг вэ?

-Зарим хүүхдүүдийн яриаг сонсохоор жүжигчин болно гэж гэр бүлдээ хэлэхээр "Юу вэ чи чадах юм уу" гэдэг гэж сонсож байсан. Манай эгч би хэдий тийм даруухан ч гэсэн намайг ерөөсөө тэгж хэлж байгаагүй. Би жүжигчин болно гэж шийдээд СУИС-д оръё гэхэд "Тэг тэг. Ороод үз. Үзээд алд. Сураад үз. Эхний жил сураад үз. Цаашид яах нь уу хар" гээд л их дэмжсэн. Тэгэхээр би их азтай байгаа биз. Манай гэрийнхэн бүгд л намайг дэмждэг.


-Залуу жүжигчний хувьд хүсэл мөрөөдөл их байгаа байх. Ямар дүрд тоглохыг хүсэж байгаа вэ?

-Би ажиллагаа ихтэй, судлах зүйл ихтэй, сэтгэл зүйн олон өөрчлөлттэй, нийгэмд хэлэх санаатай тийм дүрд ажиллахыг их хүсдэг. Уран чадвараа сайжруулаад, хичээгээд л явж байна. Сайжирсныхаа дараа "Black swan"-ий Нина шиг дүрд ажиллахыг хүсдэг. Тийм өдөр ирэх байх аа.

-Гол дүрд нь тоглосон киноных нь талаар хүмүүсээс хэр их сэтгэгдэл ирж байна вэ?

-Хүүхдүүд их хөөрхөн, хөөрхөн юм бичдэг. Хүүхдүүд их хөөрхөн сэтгэл хөдлөл өндөртэй шүү дээ. Нэг кино үзээд таалагдвал "Ямар гоё кино вэ" гээд л миний фейсбүүкийг хайж олоод хөөрхөн, хөөрхөн зүйл их бичнэ. Та ёстой гоё шүү, улам хичээгээрэй. Таны дараа дараагийн бүтээлийг үзнэ ээ гээд л уншаад баймаар хөөрхөн зүйлүүд их бичдэг. Урмын үг их өгнө. Дандаа л хүүхдүүд байдаг. Маш гоё гэгээлэг.

-Орон нутгаар киногоо гаргаж байгаа гэсэн. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Бид өөрсдөө киногоо гаргаад явдаг. Театрынх нь партнёрын цаана сууж байгаа шүү дээ. Хүүхдүүд намайг харчихна. Киногоо үзэж байгаад л миний осолд ордог сцен гардаг юм. Тэгсэн нэг хүүхэд гүйж ирснээ "Одоо та үхэх юм уу. Үгүй биз дээ. Аав чинь донор нь болох юм уу, яах юм" гээд л надтай зохиолын маань тухай ярих гээд байгаа юм уу. Хүүхдүүдийн үзэж байгааг хойноос сонсоод сууж байхад хоорондоо битүү яриад үзчихдэг юм байна лээ. Одоо яг ингэх юм байна л даа, энэ ямар тэнэг охин бэ. Аавтайгаа ямар муухай харьцдаг юм бэ гэх мэтээр ярьж үздэг юм байна лээ. Кинондоо орж үздэг юм байна лээ. Түүнийг нь мэдрэх бас гоё байсан.

-Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглоход ямар мэдрэмж төрж байв?

-С.Болд-Эрдэнэ ахтай ажиллахад багштайгаа хамт байгаа юм шиг санагдсан. Сцен авч эхлэхээс өмнө тэр сценийхээ тухай маш удаан ярилцдаг байсан. Болж байгаа үйл явдлын тухай ярилцана. Сценээ бэлдээд байж байхад Боогий ах яг багш шиг. Чи яагаад энэ текстийг хэлж байгаа гэж бодож байна. Үүний өмнө юу болсон. Юу бодож чи энэ үгийг хэлж байгаа вэ гээд л яг багш шиг. Тийм болохоор би Боогий ахаас маш их зүйлийг сурч авсан. Жүжигчин хүн яг л ингэж ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.

-Тоглосон дүр нь нийгэмд юу илэрхийлэхийг зорьсон юм бол оо?

-Манай киноны санаа бүгд л энэ зүйлийг мэддэг, ойлгодог. Тэгсэн хэр нь төдийлөн мэддэггүй. Яагаад гэхээр түүнийг амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй. Надад ингэж санагдсан. Санжаа, Сондор гээд аав охин хоёрын дүр байгаа шүү дээ. Тэр хоёр амьдрал дээр байсан бол үнэхээр азтай хүмүүс. Яагаад гэхээр нэгнийхээ биед солигдож ороод, тэр хүний мэдэрч байгаа мэдрэмж, амьдралд нь тулгарч байгаа асуудал, эмзэглэл гээд л бүх зүйлийг нь өөрөө шууд мэдэрч байна шүү дээ. Тэр нь их азтай байгаа биз. Нэгнийгээ маш сайн ойлгоно. Нөгөө талаараа хүмүүс заавал сүнс нь солигдож байж нэгнийгээ ойлгох албагүй шүү дээ. Зүгээр л нэгнийхээ үгийг таслалгүй сонсоод, нэгнээ ойлгох гэж хичээгээд, мэдэрч байгаа зүйлийг нь мэдрэх гэж хичээгээд, нэгнээ ойлгох гэж хичээхэд л бид азтай хүмүүс байгаа юм. Тиймээс би хүмүүс мэддэг мөртлөө мэддэггүй зүйлийн талаар хөндсөн кино гэж боддог. Дээрээс нь маш гоё хөнгөн, дулаахан уур амьсгалтай. Тархиа унтраагаад үзэхэд тохиромжтой кино гэж бодож байгаа. Манай киног үзээд нэг зүйл ойлгоод гарах байх гэж бодож байна.

-Анхны гол дүр, анхны киногоо нээгээд улаан хивсэн дээгүүр алхах мөчид юу бодогдож байв?

-Маш их сандралтай байсан. Би киногоо үзэж дуусгасны дараа л миний сандрал байхгүй болсон. Тэр юу болсныг ч бараг санадаггүй. Нэр дуудаад л, улаан хивсэн дээр гарч алхаад, 2-3 газарт ярилцлага өгсөн. Юу гэж ярьснаас ч санадаггүй. /инээв / Хүмүүс яаж хүлээж авах бол, яах бол, би яасан бол гээд л киногоо анх удаа бүтнээр нь үзэх гэж байгаа болохоор янз бүрийн зүйл бодогдоод, маш гоё мэдрэмж байсан.

-Тэр үед аавынх нь охиноо харах харц ямар байсан бол. Өөрийнх нь мөрөөдөл биелсэн мөч байсан болов уу?

-Аавын харц хайр дүүрэн харц байсан. Гэхдээ аав жижигхэн зүйлд ханаж болохгүй, цаашдаа дахиад ч хичээ. Жүжигчин хүн дүрдээ шуналтай байх хэрэгтэй. Дүрдээ улам сайн ажиллахыг хичээ. Илүү сайн дүрийг бүтээгээрэй, ханаж болохгүй шүү л гэж хэлдэг. Охиноороо бахархаж байна, чи мундаг шүү, чи ёстой болчихлоо гэж аав ер нь хэлдэггүй.

-Ааваас нэг юм асуухаар хариулт нь 2 цаг үргэлжилдэг гэж хэлсэн байсан. Тэгэхээр аав нь маш сайн зөвлөгч байх?

-Тэр багш хүмүүсийн л онцлог байх. Манай ээж ч ялгаагүй тийм. Гэхдээ манай аав промакс хувилбар нь. Ээжээс юм асуувал 20 минут л тайлбарлах юм даа. Ааваас юм асуувал зогсоохоос нааш зогсохгүй. Би ч гэхдээ нэг их зогсоодоггүй л дээ. Бүр болохоо байвал зогсооно. Яриад л байна, яриад л байна. Хол, ойрын хамаг сэдэв хамж яриад л, энэ ингэдэг, тэр тэгдэг гээд л ярина. Гэхдээ тэр нь гоё. Амьдралд ч тэр нь маш их хэрэг болдог.

-Багш нар, гэр бүл, ойр дотнохон, кино багийнхандаа хандаж хэлэх үг байгаа байх?

-Надад тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Манай багш маш мундаг хүн байдаг. Хүүхдийн ордны Нямсүрэн багш, Проб студийн Ариунхишиг, Төгөлдөр багш, оюутан ангийн Ариунжолоо багш нартаа үнэхээр их баярлаж явдаг. Нэрийг нь маш сайн сайхнаар дурсгаж явахыг хичээх болно оо.

Шөвгийн наймаас шөвгөрөхийн төлөөх өрсөлдөөн
Шөвгийн наймаас шөвгөрөхийн төлөөх өрсөлдөөн
 
СХД-ийн хэмжээнд хүүхэд хамгааллын аяныг ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ
СХД-ийн хэмжээнд хүүхэд хамгааллын аяныг ИТХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!