Шөвгийн наймаас шөвгөрөхийн төлөөх өрсөлдөөн

Ангилал
Спорт
Огноо
Унших
6 минут 13 секунд

Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй, өндөр түвшний тэмцээн болох Европын аваргуудын лигийн шөвгийн найман баг тодорсон. Энэ жилийн хувьд шөвгийн 16-аас Английн дөрвөн баг мултарч шигшээ шатанд Арсенал, Ливерпүүл үлдлээ. Харин Испаниас Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид багууд гарч ирэв. Бусад улсын хувьд Германы Байерн Мюнхен, Португалийн Спортинг, Францын ПСЖ багууд аваргын цомын өрсөлдөөнд шалгарав. Өнгөрсөн жилийн финалд өрсөлдсөн Интер Милан шигшээд үлдэж чадсангүй.

Аваргын цомын эзэн ПСЖ болон гол өрсөлдөгчдөөс гадна Португалийн Спортинг шинээр өрсөлдөөнд орж ирлээ. Шөвгийн наймын оноолтууд тун сонирхолтой таарав. Өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээх, хэн илүү гэдгээ нотлох, хамгаалалтын эсрэг довтолгоо болон битүү морь хэр хол явахыг шийдэх оноолтууд гарчээ.

Байерн өнгөрсөн жилийн хариугаа авч чадах уу

Реал Мадрид, Байерн Мюнхентэй учраа таарсан. Хоёр баг энэ лигт 28 тоглож 13-т Реал, 11-т нь Байерн хожиж дөрвөн тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ. Аваргуудын лигт хамгийн олон удаа таарч тоглосон багууд энэ хоёроос өөр байхгүй. Хоёр баг лигийн 2023-2024 оны хагас шигшээ шатанд таарч байсан. Эхний тоглолт Германд болж 2-2 харьцаатайгаар өндөрлөв. Хариу тоглолт Мадридын Сантъяго Бернабеу ордонд болж тоглолтын төгсгөл хүртэл Байерн хожиж байв. Тэдний халааслаад байсан ялалтыг Реал Мадридын Хоселу Мато сүйтгэж тоглолтын 88 болон 91 дэх минутад гоол оруулж финалд шалгарсан байдаг. Байерн 68 дахь минутад гоол оруулж довтолгооны гол тоглогчдоо сэлгээнд суулгаж хамгаалалтад шилжсэн нь тэдний хожигдлын гол алдаа байсан. Довтолгоо хумигдаж Реалд илүү бөмбөгний мэдэл шилжин тэд тоглолтын төгсгөлийг төгс хийсэн. Сүүлийн шүгэл дуугартал бөмбөг хөдлөх ёстой алтан дүрмийг Байерн умартаж амандаа орсон шар тосыг хамгаалалтаараа түлхээд гаргасан.

Харин энэ удаад эхний тоглолт Испанид болно. Энэ тоглолтын үр дүн хариу тоглолтоос илүү нөлөөг үзүүлнэ. Хоёр багийн хувьд жигүүрийн тулаанаас илүү төвийн байрлалын тоглолт үр дүнд хамгийн чухал нөлөөг үзүүлэх болов уу. Мэдээж Реал Мадрид Килиан Мбаппег эгнээндээ нэгтгэсэн нь тэдний довтолгоог илүү хүчтэй болгосон. Гэхдээ түрүүлж гоол оруулах магадлалыг Байернд өгмөөр байна. Харин туршлага, сэтгэлзүй, тоглолтыг төгсгөх чадвар Мадридын талд илүү байгаа.

Битүү морь хаа хүрэхийг хэлж мэдэхгүй

Английн шилдэг клубүүдийн нэг Арсенал шөвгийн наймд Португалийн Спортинг клубтэй учраа таараад байгаа. Багийн бүрэлдэхүүн, систем, туршлагыг харвал Арсенал илүү. Энэ лигт өрсөлдсөн хоорондын учрааг харвал хаашаа ч эргэх магадлалтай. Хоёр баг дөрвөн удаа таарч Арсенал нэг удаа хожиж бусад тоглолтууд тэнцээгээр өндөрлөж байжээ. Спортинг клубийн хувьд шөвгийн 16-д айлын талбайд гурван гоол алдсан ч гэртээ таван гоол оруулж шигшээ шатанд шалгарсан.

Улирлын тоглолтуудыг харвал тун давгүй амжилтыг үзүүлсэн. Хувьчлаад үзвэл Арсеналд илүү боломж гарч байгаа ч бөмбөг бөөрөнхий. Спортинг Арсеналыг аваад залахыг үгүйсгэх аргагүй. Тоглолтын эхний гоолыг аль баг оруулахаас бүх зүйл шалтгаална. Эхний тоглолт Лондон хотноо болно.

ПСЖ аваргаа хамгаалахын төлөөх эхний тулаан

Өнгөрсөн жилийн аваргын цомыг ПСЖ өргөж аварга болсон. Аваргаа хамгаалах эхний тулаанаа өнгөрсөн жилийн учраатайгаа дахин таарлаа. Хоёр баг энэ лигт өмнө нь дөрвөн удаа таарч хоёр, хоёр хожил зулгаасан. Хоёр баг өнгөрсөн жилийн шөвгийн 16-д учраа таарч үндсэн цагт тэнцээгээр өндөрлөж пеналтаар тоглолтын үр дүн шийдэгдсэн.

Цувралд хожих магадлал Ливерпүүлд илүү байгаа. ПСЖ Мохамед Салахын тоглолтыг хэрхэн хязгаарлахад түлхүү анхаарах хэрэгтэй. ПСЖ гэртээ илүү сайн тоглолтыг үзүүлэх даалгавартай. Учир нь Ливерпүүл гэртээ үргэлж сайн тоглолтоо үзүүлдэг. Ливерпүүл довтолгоо, хамгаалалтын балансаар ПСЖ-ээс арай илүү байх. ПСЖ довтолгоо сайтай ч заримдаа хамгаалалтгүй баг шиг байдаг. Товчхондоо хамгаалалт сайтай баг энэ цувралд илүүрхэнэ. Эхний тоглолт Парист болно.

Испанийн хоёр клуб шигшээ шатанд таарлаа

Испанийн хоёр клуб шөвгийн наймд учраа таарлаа. Барселона, Атлетико Мадрид багууд энэ оны эхэнд Copa Del Rey тэмцээний хагас шигшээд тулсан. Эхний тоглолт Атлетико Мадридын талбайд болж 4:0 харьцаатайгаар өндөрлөсөн. Харин хариу тоглолт Камп Ноу цэнгэлдэхэд болж Барселона 3:0 харьцаатайгаар хожил байгуулсан ч нийлбэр дүнгээр ялагдал хүлээсэн.

Хагас шигшээд ялах магадлал Барселонад илүү байгаа. Энэ цуврал хамгийн ойролцоо, эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлэх шинжтэй. Хоёр багийн тоглолтын арга барил тэс өөр. Барса илүү довтолгоонд суурилсан тэр дундаа жигүүрийн дайралтыг хүчтэй үзүүлдэг баг. Харин Атлетик эсрэгээрээ хамгаалалтад түлхүү анхаардаг. Хамгаалалтын давуу талаа ашиглан довтолгоогоо эхлүүлдэг онцлогтой.

Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг зохион байгуулах арга хэмжээний нээлт боллоо
 
Болзлыг нь биелүүлвэл АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Иран мэдэгджээ
Болзлыг нь биелүүлвэл АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Иран мэдэгджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!