Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн мэдэгдэл олон юмны учиг зангилаа болох нь тодорхой боллоо. Одоо харин түүний талынхан энэ сэдвээ хаа хүртэл нь "мөлжих"-өөс бүх зүйл шалтгаална.
Юун түрүүнд өчигдрийн мэдээллийн гол "бай" Б.Энхбаяр сайдаас гадна өөр хүмүүс, өөр зүг рүү чиглэж байгааг анзаарах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд хэн, хэний нэрийг дурдав гэдэгт анхаарал хандуулах ёстой.
Тэр Б.Энхбаяр сайдын нэрээс урьтаж МАН-ын генсек, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хүн Я.Содбаатарын нэрийг хэлэв. Ноцтой нь нүүрсний мөнгийг улстөрчдөд авлига болгон тараасан гэх "Бодь"-ийн талд тухайн үеийн ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг нүүрсний сонсголын үеэр ажилласан гэв. Үүнд нь Өвөрхангайн Г.Ганболд тусалсан. Нүүрсний сонсголыг хийхгүй зугтсан хэмээн одоогийн дэд сайд Г.Ганболдыг нэрлэлээ. Эргэн сануулахад, 2023 оны хавар нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороог Г.Ганболд гишүүн байхдаа даргалж байгаад 6 сарын турш сонсголоо хийж чадалгүй түр хороогоо тарааж байв. Шалтгаанаа, АТГ-аас шалгагдаж байгаа хэрэг дээр сонсголд материал гаргаж өгөх боломжгүй гэсэн хэмээн тайлбарласан. Гэвч 5 сарын дараа Б.Энхбаяр уг сонсголыг нь зохион байгуулж орхисон. Өөрөөр хэлбэл, АТГ-аас Г.Ганболд руу ирүүлсэн бичиг Б.Энхбаярт нөлөөлөөгүй гэдгийг сануулах нь зүйтэй.
Мөн Б.Энхбаяр сайдыг цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдэл болох 5 орчим тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт өгсөн гэж хэлэхдээ бас л Я.Содбаатарын нэрийг дурдав. Тодруулбал, Я.Содбаатарын сайн найз Б.Нямжав гэж онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, нэрлэсэн бүхэн эцэст нь Ерөнхийлөгчийн институт руу чиглэж байна. Наанаа мэдээж Б.Энхбаяр сайд руу чиглэж байгаа ч яг нарийн улс төрийн агуулгыг нь харвал У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй "байлдъя" гэсэн зарлан дуудалт юм.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, гишүүн асан Г.Ганболд, Р.Мэргэн /Тавантолгой ТУЗ/, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг /ЭТТ/, Р.Болд, А.Бямбажаргал нартай холбоотой байж болохуйц авлигын асуудлын талаар ярив.
Эдгээр нэрсийг харахад бас л Ерөнхийлөгчийн институтэд ажиллаж, зөвлөж байгаа хүмүүсийн нэр байна. Ялангуяа ҮАБЗ-ийн нисдэг тэрэгний асуудлыг хөндсөн нь ардаа улс төрийн том агуулга илэрхийлж байгаа гэж таамаглаж байна.
Энэ бүх авлига, албан тушаалын хэрэг байж болохуйц зүйлсийг одоо АТГ хэрхэн шалгаж, асуудлыг мухарлах вэ гэдэг хариулт үлдэж байна. Нэмэлтээр сануулахад, АТГ-ын дарга З.Дашдавааг өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа санал болгож УИХ-аар томилуулсан. З.Дашдаваагийн АТГ-ын даргаар томилогдсон анхны томилгоо нь 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгын үед хийгдэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!