Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас материалыг АТГ-т хүлээлгэн өглөө. Түүний хийсэн мэдээлэл дунд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой мэдээлэл ч хэд хэдэн удаа дурдагдсан бөгөөд "Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн" гэсэн юм.
Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс эл мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд "2004 онд их сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст гурван жил ажиллаж байсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шүү. Гэтэл үүгээр минь намайг Бодь-д ажиллаж байсан гэж гүтгэж байна" гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд асан өөрийн цахим хуудаснаа ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг олон нийтэд ил болголоо. Эл тэмдэглэлд "Бодь интернэшнл" ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс оролцов гэж тэмдэглэгдэн үлдсэн талаар тэрбээр мэдээлэв.
Тэрбээр "Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар ингэж худлаа ярихыг мэдэж байв.
Энэ протоколд хуралд оролцсон хүмүүс дунд хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гэж байх юм. Намтраа сольсон шиг нэрээ бас сольчихсон уу?
Өнөөдөр миний ярьсан бүх зүйл баримтаар бүгд 100% нотлогдоно. Улсын Их Хурал нээлттэй ярилцах ёстой.
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэж хэлээд байгаа" гэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!