
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан.
Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм. Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.
Монгол Улсад 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас дауны синдромтой 0-18 насны 663 хүүхэд байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 4,5 хувийг эзэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга сайжруулж, шинэчилж байх ёстой.
Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор гуравдугаар сарын 21-ний өдрийг сонгож тэмдэглэдэг учиртай. Уг өдрийг 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байна. Нэмэлт хромсом нь баяр хөөр, инээмсэглэл өгдөг аз жаргалынх байдаг болохоор даунтай хүмүүст хоёр нүүр гэж байдаггүй, тэд өөрт тулгарсан бүхнийг яг л байгаагаар нь хүлээж авдаг. Дауны синдром бол өвчин биш. Даунтай хүмүүс маш найрсаг, дулаан сэтгэлтэй, үргэлж инээж бусдад инээмсэглэл бэлэглэдэг, дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэднийг дуртай, чаддаг зүйлээр нь хөгжүүлэхэд маш сайн амжилт гаргадаг.
Гадаад үзэмжээр нь тэднийг ялгаварлан гадуурхах, цэрвэх үзэгдэл бидний дунд оршсоор л байна. Сэтгэл гэдэг өнгөгүй атал ертөнцийг гэрэлтүүлэх хүчтэй. Энэ өдөр дэлхийн хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж бид нэг ижил хүмүүс гэдгээ илэрхийлдэг. Энэ нь бусдадаа бид ч бас адилхан гэдгээ илэрхийлж байна гэсэн үг юм шүү.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!