
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үе үеийн эх орончид, ахмад дайчид, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн тэдний найдвартай ар тал болдог гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалж яваа цэрэг эрс, улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн өвөг дээдэс, суут жанжид, ахмад дайчдын алдар гавьяа, үйл хэргийг дурсах, сурталчлан таниулах, алдаршуулан тэмдэглэх учиртай бахархал-хүндэтгэлийн өдөр гэдгийг хэллээ.

Зэвсэгт хүчний нэгэн зууны хөгжил, шинэчлэл нь дайчин уламжлалаа дээдэлсэн үе үеийн алба хаагчдын хичээл зүтгэл, ур чадвар, төрийн батлан хамгаалах тогтвортой бодлого, цэрэг, ард түмний бат бөх итгэлцэлд тулгуурлаж ирснийг онцлов.

Орчин цагийн Зэвсэгт хүчин дайны жилүүдэд эх орноо хамгаалан тэмцэж, энх цагийн бүтээн байгуулалтад манлайлан, гамшиг, ослын голомтод хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, ирээдүй хойчдоо эх оронч үзэл, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эх ундарга, аюулгүй байдлын баталгаа нь болж ирснийг төр, засаг, ард түмэн ямагт талархан дурсах учиртайг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!