Монгол цэргийн өдөр өнөөдөр /2025.03.18/ тохиож байна. Мэдээж эл баяр бол цэргийн алба хаасан, хааж байгаа залуус болоод энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй алба хаагчдын ажиллаж буй албаараа баярлаж, бахдах өдөр нь. Нөгөө талдаа гэр бүл, үр хүүхэд, эх орноо хамгаалах чин зоригийг тээн алхаж буй эр хүн бүрийн баяр билээ. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан монгол эрчүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
-ХҮН АМЫН 49 ХУВИЙГ ЭРЧҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА-
3.5 сая хүн амтай манай улсын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл хүйсийн хувьд 49 хувийг буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд байна. Эрчүүдийн боловсролын түвшинг авч үзвэл, СӨБ-д суралцагчдын 51 хувь, ЕБС-д суралцагчдын 50 хувь нь эрэгтэй байгаа бол МСҮТ-ийн 65 хувь, их дээд сургуульд суралцагчдын 39 хувийг эрчүүд эзэлж байгаа юм.
-ЭРЧҮҮДИЙН АЖИЛЛАЖ БУЙ ГОЛЛОХ САЛБАР НЬ УУЛ УУРХАЙ БОЛ ДУНДАЖ ЦАЛИН НЬ 2.8 САЯ ТӨГРӨГ-
Дээр дурдсан салбаруудаас гадна тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, урлаг үзвэр үйлчилгээ зэрэг салбаруудад эрчүүд голлон ажиллаж байна. Түүнчлэн улсын хэмжээнд эрчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 67 хувьтай байгаа аж. Мөн хөдөлмөр эрхэлж буй эрчүүдийн 57.7 хувь нь удирдлагын түвшинд ажиллаж байна. Ажлын нөхцөл болон бусад хүчин зүйлээс шалтгаалж тэдний дундаж цалин 2.8 сая төгрөг байгаа юм.
-ДУНДАЖ НАСЛАЛТ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД 7 НАСААР НЭМЭГДЖЭЭ-
Манай улс эрэгтэйчүүдийнхээ дундаж наслалтыг 2003 онд буюу 20 жилийн өмнө 60 хэмээн тогтоож байжээ. Харин арван жилийн дараа буюу 2013 онд 5 насаар нэмэгдаж, 65 болсон байв. Харин 2013 оноос хойш арван жилийн хугацаанд хоёр насаар нэмэгдэж 67 болсон үзүүлэлттэй байна. ҮСХ-ноос мэдээлснээр манай улсын хамгийн өндөр настай эрэгтэй 105 настай иргэн байдаг аж.
-ЭРЧҮҮДИЙН ДУНД ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ НЭР БОЛ БАТ-ЭРДЭНЭ-
Монголд түгээмэл нэрнүүд дийлэнхдээ 12-15 мянга хооронд байх нь бий. Тэгвэл эрчүүдийн дунд Бат-Эрдэнэ, Билгүүн, Тэмүүлэн, Төгөлдөр зэрэг нэрнүүд хамгийн түгээмэл байдаг аж. Энэ дундаа Бат-Эрдэнэ гэх нэр хамгийн их буюу 15499 бүртгэлтэй байдаг байна.
-ЦЭРГИЙНБАЯР нэртэй 2, ШИНЭЦЭРЭГ нэртэй 3 ХҮН БАЙНА-
Эр цэргийн баяртай холбоотойгоор цэргийн албатай холбоотой нэрс монголд хэр олон бүртгэгдсэн байдгийг сонирхуулж байна. Эдгээрээс гадна эрзориг нэртэй 42, эрхүн нэртэй 3, эр нэртэй нэг хүн монголд байдаг аж.
-МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ДУНДАЖ ӨНДӨР ХЭД ВЭ-
2025 оны байдлаар монгол эрчүүдийн дундаж өндрийг 171 см хэмээн ДЭМБ-аас тогтоожээ. Харин БНХАУ-д эрчүүдийн дундаж өндөр 176 см байдаг бол ОХУ-д энэ үзүүлэлт 177 см байдаг байна.
-ХАМГИЙН УРТ НЭРТЭЙ ЭРЧҮҮД-
Манай хүн ам нэрний учир утга, билгэдэлд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Тэгвэл сонирхолтой статистикаас хүргэхэд, ЭРЧҮҮД дундаа хамгийн урт нэр 39 үсгээс бүтсэн байдаг аж.
-ДӨРВӨН ЭРЭГТЭЙ ТУТМЫН НЭГ НЬ Л ЗӨВ ХООЛЛОДОГ-
Монгол эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалж буй үндсэн шалтгаанд хооллолт багтдаг. 2020 онд хийсэн Жендерийн үндэсний хороо болон ҮСХ-ноос эрчүүдийн талаар нэгэн судалгааг хийсэн байдаг. Эл судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн ихэнх (96.6 хувь нь) зөв хооллолт эрүүл мэндэд чухал гэж үзсэн хэдий ч дөрвөн эрэгтэй тутмын нэг нь л зөв хооллож байна хэмээн дүгнэгдэж байжээ.
-ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ОРОЙ ХООЛЛОДОГ-
Монгол эрэгтэй болон эмэгтэй хүний өглөөний цай уух, өдрийн хоол идэх хэмнэл ойролцоо байдаг аж. Харин оройн хоолны хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс оройтож хооллодог гэнэ. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь оройны 17-21 цагийн хооронд хооллодог бол эмэгтэйчүүд ихэвчлэн орой 17-20 цагт хооллодог байна.
-ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ОРОЙТОЖ УНТАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ-
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нойрны хэмнэл ерөнхийдөө ижил боловч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс арай эрт унтах хандлагатай. Шөнийн 00 цагт эрэгтэйчүүдийн 85.9 хувь нь унтсан байдаг бол эмэгтэйчүүдийн 87.9 хувь нь унтсан байдаг.
-18-23 ЦАГУУДАД ИДЭВХТЭЙ СОШИАЛДДАГ-
Хүн амын чөлөөт цагаа зарцуулдаг гол үйл ажиллагаа бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах явдал. Тэгвэл эрчүүдийн 11.1-33.6 хувь нь оройны 18-23 цагуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байдаг. Харин эмэгтэйчүүдийн 8.9-27.6 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг мөн энэ цагт идэвхтэй ашигладаг байна.
-ЧӨЛӨӨ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХЭД ДОЛОО ХОНОГТ 3 ЦАГИЙГ ГАРГАДАГ-
Эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 12 цаг 8 минутыг хувийн хэрэгцээнд (унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт), 5 цаг 43 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 2 цаг 16 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд, 31 минутыг суралцах, 3 цаг 22 минутыг чөлөөт цаг, хүмүүстэй харилцахад зориулж байна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж нэг өдрийн 24 цагийн 50.6 хувь нь зайлшгүй хувийн хэрэгцээнд, 33.3 хувь нь хөдөлмөр эрхлэлтэд, 16.2 хувь нь боловсрол болон чөлөөт цагт зарцуулагддаг байна.
-ЭРЧҮҮДИЙН АМИА ХОРЛОЛТ ӨНДӨР ХЭВЭЭР-
Хүн амын дунд амиа хорлолтын асуудал түгээмэл болсон нь анхаарах ёстой асуудал болоод байна. Тэр дундаа эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байна. Судалгаанаас үзэхэд, эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!