Өнгөрсөн онд “COVID-19”-н халдварт өвчний анхны тохиолдлууд бүртгэгдсэн Ухань хотод тодорхой бүлгийн оршин суугчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлжээ.
“Ухань хотод яаралтай вакцинжуулалтыг 12 дугаар сарын 24-нөөс эхлүүлж байна. Вакцинжуулалтын кампанит ажлыг хотын 15 дүүргийн 48 эмнэлэгт зохион байгуулж, 18-59 насны тодорхой бүлгийн хүмүүсийг хамруулна. Эхний болон хоёр дахь тун хоорондын хугацаа дөрвөн долоо хоног” хэмээн Ухань хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Хэ Жэньюй мэдэгдсэн байна.
Аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 27-ны хугацаанд Ухань хотод халдварын зөөвөрлөгдөн ирсэн нийт 47 тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь шинж тэмдэггүй байжээ. Хятад улс өнгөрсөн долдугаар сард яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөтөлбөрийн хүрээнд “Sinopharm” болон “Sinovac” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.