Мод тарьдаг, унадаг дугуй унадаг, нийтийн тээврээр зорччихдог, хүйтний улиралд гэр байшингийнхаа дулаалгад анхаардаг гээд өөртөө болон гэр бүлдээ зөв дадал хэвшил, тухтай орчинг бүрдүүлдэг хэн бүхэн ирэх зургаадугаар сарын 1-нээс урамшуулал хүртэнэ. Энэхүү урамшуулал бол НОГООН ОНООНЫ СИСТЕМ.
Ер бодоод үзвэл зөв дадал хэвшил бүхэн иргэн та бидний өөрсдийн сонголт байдаг. Бодоод үзье л дээ. Иргэн та өөрийгөө, гэр бүл үр хүүхдээ эрүүл аюулгүй, тухтай орчинд амьдруулахыг хүсдэг л биз дээ. Тэднийгээ хариуцлагатай, зөв хандлагатай их хотын иргэн болж төлөвшөөсэй гэж боддог л биз дээ. Тэгвэл энэ бодлоо бодит ажил хэрэг болгосон дадал хэвшил бүрийг тань төр энэхүү ногоон онооны системээр дэмжих гэж байна.
Тэгвэл дөрвөн сарын дараагаас хэрэгжиж эхлэх гэж буй ногоон онооны системийн эргэн тойронд урган гарч буй асуултуудад НЭГ ДОР хариулт өгье.
-НОГООН ОНОО ГЭЖ ЮУ ВЭ-
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу 2021 онд шинэчлэн баталсан бөгөөд 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр иргэн өөрийн болоод гэр бүлээ эрүүл байлгаж, аюулгүй, тухтай орчинд амьдруулах зорилгоор хийсэн үйлдэл нь нийслэлийн хөгжилд ч давхар хувь нэмэр оруулж буй хэрэг тул түүнийг нь үнэлж урамшуулах тухай агуулга суусан юм. Товчхондоо, иргэн таны өөртөө хийсэн хөрөнгө оруулалтыг нийслэлээс давхар урамшуулна л гэсэн үг. Үүнийг хэмжих нэгж нь ногоон оноо байх аж.
-НОГООН ОНОО БА "ДЭЛХИЙ-
1,4 сая хүн амтай Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй энэхүү ногоон онооны системийг олон улсад хэрхэн, яаж хэрэгжүүлдэг талаар сонирхъё Олон улсад энэхүү онооны системийг нийгэмд эерэг нөлөөлөл үүсгэх зан үйлийг дэмжих, ногоон хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих хөшүүрэг болгон ашигладаг байна. Тухайлбал, Финланд, Япон, БНСУ, Нидерланд, Сингапур зэрэг улсуудаас гадна БНХАУ-ын Алибаба групп болон Итали улсын Болонья зэрэг хотууд иргэдийнхээ дунд энэхүү системийг хэрэгжүүлж байгаа аж.
-ЯПОН: Эко онооны систем хэрэгжсэнээр сая сая айл эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж рүү шилжсэн-

123 сая хүн амтай Япон улс. Манай улсаас даруй 35 дахин их хүн амтай энэ улсад ЭКО ОНООНЫ СИСТЕМ хэрэгждэг. 2009 оноос хойш хэрэгжсэн эл онооны систем нь байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилготой ба эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авах, нийтийн тээврээр зорчих, дахин боловсруулах зэрэг үйлдэлд нь оноо олгодог байна.
Харин иргэд нь эко оноогоо цуглуулж түүнийгээ бэлэн мөнгөний буцаан олголт эсхүл ваучер, үйлчилгээнд ашиглах байдлаар зарцуулдаг байна. Энэ онооны систем хэрэгжсэнээр тус улсад сая сая айл эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж рүү шилжсэн аж. Түүнчлэн Токио болон бусад хотуудад хог ангилалт, нүүрстөрөгч багатай хэрэглээг оноогоор урамшуулж байсан байна.
-БНСУ: Өрхүүд цахилгаан, газ, усны хэрэглээг бууруулсныхаа төлөө НҮҮРСТӨРӨГЧИЙН ОНОО авдаг-
БНСУ-д нүүрстөрөгчийн онооны систем хэрэгждэг. Уг систем нь эрчим хүчний хэрэглээг хэмнэх замаар улс даяар хүлэмжийн хийн ялгарлыг 5 хувиар бууруулах зорилготой сайн дурын санаачилга юм. Ингэхдээ иргэдийн цахилгаан, ус, хийн хэрэглээг хянахын тулд олон төрлийн тоолуур ашигладаг аж.
Нэг ёсондоо энэхүү системийг хэрэглэгчид стандарт хэрэглээний тооцоололтой харьцуулахад эрчим хүчний хэрэглээндээ үндэслэн оноо авдаг. Жишээлбэл, цахилгааны хэрэглээг 10-15 хувь бууруулбал 10,000 оноо, 15 хувь ба ба түүнээс дээш бууруулбал 15,000 оноо авдаг. Өөрөөр хэлбэл, өрхүүд цахилгаан, газ, усны хэрэглээг бууруулсныхаа төлөө оноо авдаг.
Харин хэрэглэгчдэд бэлэн мөнгө дүйцүүлж өгөх эсвэл бэлгийн карт олгодог ба оноог нь тухайн орон нутгийн мөнгөн тэмдэгт хөрвүүлж тооцох эсвэл татварын хөнгөлөлт үзүүлэхэд ч ашигладаг байна.
-ФИНЛАНД: Аппликейшнээр дамжуулж эрчим хүчний хэрэглээгээ хянадаг-

Финланд улс. Тус улсад хувь хүний нүүрстөрөгчийн ул мөрийн тооцоолуур ашигладаг ба түүгээр иргэд өөрсдийн тээвэр, хоол хүнс, эрчим хүчний хэрэглээг хянадаг байна. Түүнчлэн аппликейшн нь CO₂-ийн ул мөрийг тооцоолдог байна.
Уг аппликейшн нь зан үйлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд ашигладаг ба мэдээлэл нь голдуу хотын уур амьсгалын зорилтуудтай уялдсан байдаг.
-НИДЕРЛАНД: Унадаг дугуй унах, алхах, нийтийн тээврээр зорчоод ногоон оноо цуглуулдаг-

Нидерланд улс. Тус улс 100 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогчидтой хамтран ажиллаж, ажилчдын зорчих хөдөлгөөний хэв маягийг эко, ногоон болгох хөдөлгөөнийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс өрнүүлж эхэлсэн байна. Энэхүү санаачилга нь 2030 он гэхэд ажилтнуудын зорчих хөдөлгөөний хэв маягаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой ба Финландын жишгээр аппликейшнд суурилж хяналтаа тавьдаг аж.
Ингэхдээ унадаг дугуй, алхалт, нийтийн тээврээр зорчих зэрэг хөдөлгөөнийг аппликейшнээр дамжуулан хэмжиж, ногоон оноогоо цуглуулдаг байна. Түүнчлэн компаниуд ажилчдадаа ногоон тээврээр зорчсон гэж урамшуулал олгох хөтөлбөр байдлаар явуулдаг гэнэ.
-ANT FOREST: Алхаж, цахимаар тооцоо хийх зэрэгтээ оноо цуглуулж түүгээрээ өөрийн нэр дээр бодит мод тарьдаг-

Дэлхийн улс орнуудаас гадна томоохон групп компаниуд ч энэхүү онооны системийг дэмжин хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хятадын Алибаба групп "Ant Forest" онооны системийг хэрэгжүүлдэг. Эл онооны систем нь явган алхах, цахим төлбөр тооцоо хийх, хог хаягдал дахин боловсруулахад олгогддог. Цуглуулсан оноогоороо өөрийн нэр дээр бодит мод тарьдаг ба энэ нь ногоон ирээдүй, цөлжилттэй тэмцэх бодит төсөл болдог аж.
-ИТАЛИЙН БОЛОНЬЯ: Ногоон оноогоороо дэлгүүрээс зайрмаг, пиво авах ваучер болгон ашигладаг-

Итали Улсын Болонья хотод "Bella Mossa" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ алхах, дугуй унах, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд оноо өгдөг. Харин цуглуулсан оноогоороо дэлгүүрээс зайрмаг, пиво авах ваучер болдог байна. Энэ нь тогтвортой хөдөлгөөн, орон нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүдийн нэгээр нэрлэгддэг.
-СИНГАПУР: Дасгал хийж, унтаж амарч, эрүүл хүнс хэрэглээд оноо цуглуулдаг-

Сингапур улсад хэрэгждэг "LumiHealth" хөтөлбөр. Эл хөтөлбөр нь иргэдийнхээ дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах, эрүүл хоол хүнс хэрэглэх байдлыг урамшуулдаг байна. Оноо нь супермаркет дэлгүүрүүдийн ваучер болдог. Энэхүү хөтөлбөр нь нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилготой.
-GreenApes: Бордоо бэлтгэхэд оноо олгоно-

Европын орнуудад "GreenApes" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ногоон зөвлөгөө хуваалцах, бордоо бэлтгэхэд оноо олгогдоно. Харин цуглуулсан оноогоороо эко бүтээгдэхүүн худалдан авахад хөнгөлөлт эдэлдэг ба тус хөтөлбөр нь дахин ашиглалт, олон нийтийн зөв хандлага үүсгэх зорилготой байдаг.
-ОУ-д Plastic Bank, Sweatcoin, Lufthansa Green Fares зэрэг хөтөлбөрүүд хэрэгждэг-

Тэгвэл олон улсад хэрэгждэг хэд хэдэн хөтөлбөрийг нэрлэе. Үүнд: Plastic Bank, Sweatcoin, Lufthansa Green Fares зэргийг нэрлэж болно. Тэдгээрийн нэг болох Sweatcoin нь иргэдийг гадаа алхах болон гүйхэд оноо буюу койн олгодог. Түүгээр технологийн бүтээгдэхүүн, фитнес хэрэгсэл худалдан авах болон хандив өгөх зэрэг зүйлд зарцуулдаг. Энэ нь нийтийн эрүүл мэнд, зөв дадал үүсгэх зорилготой хөтөлбөрүүд юм.
"Lufthansa Green Fares" хөтөлбөрийн хувьд, эко түлш ашиглах, нислэг сонгоход оноо хэлбэрээр олгогддог. Нислэгийн бонус миль болон давуу эрх авч болдог.
-ТАЙВАНЬ: Ногоон оноогоороо тийзний хөнгөлөлт эдэлдэг-

Энэтхэг улсад "Earth5R" хөтөлбөр хэрэгждэг бол Тайвань улсад "China Airlines LiteTravel" хөтөлбөр хэрэгждэг. Энэтхэгт хэрэгждэг хөтөлбөрийн хувьд, байгаль орчны сайн дурын ажил хийхэд оноо олгодог бол Тайваньд цахимаар бүртгүүлэх, ачаа бараагаа хөнгөрүүлэхэд оноо олгодог.
"Earth5R" хөтөлбөрөөр цуглуулсан оноогоороо олон улсын гэрчилгээ олгодог, СВ тодорхойлолт гаргаж өгдөг бол Тайванийн хөтөлбөрөөр цуглуулсан оноогоороо тийзний хөнгөлөлт эдэлдэг.
-Хуучин хувцас, шил лааз буцааж өгөх, электрон барааг шинээр авахын оронд засуулбал УРАМШУУЛЛЫН ОНОО АВДАГ-
Үргэлжлүүлэн Англи, Австрали, Франц, АНУ-д хэрэгждэг дөрвөн системийн талаар сонирхуулъя.
-Англи улсад "Camden EcoPoints" систем үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний хэмнэлт, олон нийтийн дэмжлэгийг үүсгэх зорилготой энэ хөтөлбөр нь гэрийн эрчим хүчээ хэмнэхэд олгогддог оноо аж. Харин оноогоороо дэлгүүрийн ваучер, сургуульд өгөх хандив хэлбрээр ч ашиглаж болдог.
-"Envirobank" нь Австрали улсад хэрэгждэг хөтөлбөр юм. Хог хаяглын зөв менежментийг үүсгэх зорилготой эл хөтөлбөрөөр хог хаягдал, хуванцар лааз шил буцааж өгөхөд урамшууллын оноо өгдөг байна. Түүнийгээ нийтийн тээвэрт ашиглагдах кредит байдлаар ашиглаж болдог байна.
-"Urban Forest Fund" нь Австрали улс, Мельбурн хотод хэрэгждэг хөтөлбөр юм. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой тус хөтөлбөрт хамрагдан иргэд цуглуулсан эрх оноогоо сургалтын төлбөрийн тэтгэлэг болгон ашигладаг байна.
-"Patagonia Worn Wear" нь АНУ-д хэрэгждэг хөтөлбөр. Энэ нь хуучин хувцас буцааж өгөхөд оноо авдаг систем юм. Харин цуглуулсан оноогоо хувцасны дэлгүүрүүдээс худалдан авалт хийхэд хөнгөлөлт ваучер хэлбэрээр эдэлдэг.
-"Bonus réparation" нь Франц улсад хэрэгждэг хөтөлбөр юм. Эл хөтөлбөрөөр электрон барааг шинээр авахын оронд засуулвал оноо олгодог байна.
Энэ мэтчилэн ногоон онооны системийг хэрэгжүүлж иргэдээ зөв дадалд уриалж буй улс орнуудын туршлага нэлээдгүй байна
-УЛААНБААТАР: ЯМАР ТОХИОЛДОЛД НОГООН ОНОО ОЛГОХ ВЭ-
Тэгвэл ногоон оноо гэгчийг хэрхэн, ямар нөхцөлд олгох вэ. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна гэж заажээ. Үүнд:
-Нүхэн жорлон, бохир усны нүхийг холбогдох стандартад нийцүүлсэн,
-Гэр байшинг дулаалж, дулаан алдагдлыг бууруулсан,
-Дулааны эх үүсвэрийг цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлсэн,
-Мод тарьж ургуулсан,
-Унадаг дугуйгаар эсхүл нийтийн тээврийг сонгон зорчсон,
-Хаягдал усыг дахин ашигласан зэрэгт ногоон оноо олгоно.
-НОГООН ОНООГОО ЮУНД ЗАРЦУУЛЖ БОЛОХ ВЭ-
Тэгвэл цуглуулсан ногоон оноогоо бид яаж зарцуулах боломжтой вэ гэдэгт хариулт өгье. Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей үзэж, номын сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клубээр үйлчлүүлж, цахилгааны төлбөрөө төлөхдөө зарцуулж болох аж. Нэг ёсондоо, өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд ногоон оноогоо ашиглаж болно гэсэн үг.
Харин ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэх санхүүжилтийг “Ногоон хөгжлийг дэмжих сан”-гаас хэрэгжүүлэх бөгөөд уг сангийн хөрөнгийг зөвхөн энэ зориулалтаар ашиглана. Тус сангаас зээл олгох, өр авлага үүсгэхийг хориглох юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!