Зам тээврийн ослоор жил бүр 50-70 хүүхэд амь насаа алдаж байгаа гэх харамсалтай тоон мэдээлэл бий. Тэгвэл хүүхдийн эрх нь ноцтой зөрчигдөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч буй энэ асуудалд анхаарах хэрэгцээ шаардлага дээрээс УИХ-ын гишүүн Л.Энхнасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Тэрбээр энэ чиглэл дэх хууль тогтооомжийг боловсронгуй болгох шаардлага тулгамдаж байгааг онцолж буй бөгөөд өчигдөр хуулийн төслийн хүрээнд ХЭҮК-той санал солилцжээ.

ХЭҮК-ын зүгээс хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 удаагийн илтгэлд тусгаж, илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа бөгөөд уг ажилд ахиц гаргахад дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү ажил томоохон дэмжлэг, түлхэц болохыг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан үүнтэй холбоотойгоор "Дэлхийн улс орнууд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд олон талын шат дараатай арга хэмжээтэй авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ нь хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахын тулд цэцэрлэг, сургуулийн орчимд эрсдэлийн үнэлгээ хийж, улмаар аюулгүйн бүс байгуулсан байна.
Мөн хүүхэд хохирсон энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангаруулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалт зохион байгуулан, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвлөлтэй нягт хамтран ажиллах зэргээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Үүний үр дүнд зам тээврийн ослоос шалтгаант хүүхдийн нас баралтыг 1000-аас 12 хүртэл бууруулж чадсан амжилтыг өнгөрсөн 2025 онд гаргаад буй аж.
Хүүхдийг зам тээврийн ослоос бүрэн хамгаалах боломжтой бөгөөд үүнд иргэн бүрэн оролцоо, идэвх, зүтгэл туйлын чухал юм.

Нөгөөтээгүүр аливаа хуулийн шинэчлэл хийхдээ тухайн хуулийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, дагалдах санхүүгийн зардал болон хэмнэлтийн тооцооллыг нарийвчлан тооцоолсноор хууль бүрэн утгаараа хэрэгжих орчин нөхцөл бүрэлдэх учиртай.
Энэ ч утгаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд хөндлөнгийн аудитаар хуулийн төсөлд үнэлгээ хийлгэж, нийгэмд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын судалгааг хийлгэхээр ажиллаж байна" гэлээ.
Мөн хуулийн төсөлтэй холбоотой сонирхсон асуултаа ирүүлэхийг олон нийтэд уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!