УИХ-ын дарга Н.Учрал өнгөрөгч амралтын өдрүүдэд нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн айлуудын төлөөллөөр зочилсон. Энэ үеэрээ тухайн айлуудыг төвийн системд холбож орлого олдог болгоно гэдгийг мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, нарны хавтангаар тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдсэн айл өрхүүд илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж эхлэх боломжтой гэсэн үг юм.
Энэ талаар "Иргэдээ утаанаас салгаж, зардлыг хэмнэх бодит боломж байна. Жишээ нь Чингэлтэй дүүргийн 22-р хорооны иргэн Г.Ууганжаргал сүүлийн хоёр жил нүүрс түлээгүй.
Гэрт нь яндан байхгүй. Зөвхөн нарны илчээр гэрээ дулаацуулж, цахилгаанаа бүрэн шийдсэн байна. Тог тасарна гэж байхгүй. Өвөлдөө нүүрстэй, нүүрсгүй гэж айхгүй. Хамгийн гол нь сар бүрийн цахилгааны зардал эрс багассан байна.
Цаашлаад нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломж байна. Нарны эрчим хүч гэдэг “болохгүй юм” биш. Болчихсон юм. Гэтэл энэ боломж, шийдлийг 14 шат дамжлагатай журмаар хаачихсан. Энгийнээр нарны илчээр тог, дулаанаа шийдэхдээ хүртэл төрөөр заалгаж байна.
Тийм учраас "ЧӨЛӨӨЛЬЕ!" санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчинд чөдөр, тушаа болсон 14 шат дамжлага, 1 жилийн хүлээлтийг цуцалж байна. Эхний үр дүн болгож нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн 68 айлыг маргаашдаа багтаан төвийн системд холбож орлого олдог болгоно" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!