Улиран одож буй 2025 он Монголын улс төр, нийгэм, урлаг, спорт гээд салбар бүрд үйл явдал өрнүүн байж, энэ хэрээр хэн нэгний илэрхийлсэн ХОРЖООНТОЙ байр суурь, үгс нийгмийг хөгжөөж эсвэл бухимдуулж, эгдүүцүүлсэн. Тэгвэл UBN сайт 2025 онд олны анхаарлыг хамгийн их татсан ТРЭНД үгсийг эргэн сануулж байна.
-Үнэнийг хэлэхэд SEXY биш байсан-

Хотын дарга Х.Нямбаатарыг "Үг газар гээдэггүй" гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Эсвэл үг хэлэхдээ ямар нэг аргаар олны анхаарлыг татчихдаг. Тэгвэл 2025 оны 11-р сарын 19-нд нийслэл дэх хуралдааны үеэр "Бид энэ жил яагаад зарим замуудаа хийж чадаагүй шалтгаанаа олсон. Ний нуугүй хэлэхэд, тариф нь SEXY биш байсан. Тариф нь SEXY юман дээр сайн бригадуудыг бусад ажлаас булааж авчраад хийчихдэг юм байна" гэснийг та бүхэнд эргэн сануулж байна.
-Та минь яагаад ингэж их удав аа-

Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглалд бухимдсан иргэд нэгдэн "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцрохыг шаардсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэд "итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжээгүй тул Л.Оюун-Эрдэнэ огцорсон билээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр ХОРЖООНТОЙ үгс ч гарч байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Та минь яагаад ингэж их удав аа" гэж хэлсэн нь хүмүүсийг эгдүүцүүлж, заримынх нь шүүмжлэлийг дагуулсан байдаг.
-Шинээр тавьсан замууд үнэхээр таалагдаж байгаа бол дахиад нэг ЛАЙК ДАРААРАЙ-

Хотын дарга Х.Нямбаатарын "магтуулдаг" зүйлсийн нэг нь замуудыг хурдан хугацаанд засуулдаг гэдэг. 2025 оны тухайд, нийслэлийн хэмжээнд 100 гаруй км авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдсэн аж.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар Гурвалжингийн гүүр орчимд ажиллах үеэрээ "Нэг сайн мэдээ гэвэл Эрчим хүчний гудамж буюу станцын замыг өргөтгөснөөр хөдөлгөөний эрчим эрс буурсан шүү. Та бүхэн анзаарч байгаа бол миний бичлэг дээр лайк дараарай. Мөн 3,4-р хорооллыг "Содон" хороололтой холбосон зам үнэхээр таалагдаж байгаа бол дахиад нэг ЛАЙК ДАРААРАЙ" гэж эелдэгээр хэлсэн нь сошиалд хэсэгтээ BOOM болсон байдаг.
-Энэ бол философи-

Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэн, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр улс төр дэх өөрийн хоёр дүү буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт хандан цөөнгүй үгсийг "чулуудсан" байдаг.
Мөн тэрбээр өөрийг нь багагүй шүүмжилдэг УИХ-ын гишүүн "Босоо" хочит С.Ганбаатарын эсрэг хариу тайлбар "шидсэн" удаатай.

-Ерөнхий сайдын арьсыг нь өвчинө-

Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул түүний хамтарсан Засгийн газар огцорсон билээ. Үүнээс өмнө МАН Бага хурлаараа АН-ыг засгаас гаргахаар шийдвэрлэсэн тул жинхэнэ сөрөг хүчин "амилсан". Хамтарсан Засгийн газар огцорсноос намуудаас ТӨК-иудад томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг "халах" асуудал хөндөгдсөн. Энэ үеэр тухайн үеийн АН-ын дарга Л.Гантөмөр "АН-ын хяналт, бүтээмжийн менежерүүдийг халвал Ерөнхий сайдын арьсыг нь өвчинө" гэх ноцтой яриаг сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байдаг.
-Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноосоо хөөнө-

МАН-ын дотоод хагарлын үеэр УИХ-ын гишүүн, одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гарсан байдаг. Тэрбээр үүний эсрэг мэдэгдэл хийж "Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноосоо хөөнө" гэж байв. Харин эцэст нь тус намын удирдлагын бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Хяналтын ерөнхий хороо шинээр байгуулагдсанаар Б.Энхбаярыг хөөсөн шийдвэр хүчингүй болсон.
Одоо та бүхэнд бусад хоржоонт үгсийг зурган байдлаар хүргэж байна.






Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!