20 гаруй жилийн турш эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал өнөөдөр товлогдсон. Тэгвэл энэ цаг мөчид түүний эхнэр О.Нарангарав АН-ын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нарт гомдол гаргажээ. Тодруулбал, Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцож, АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлт гаргасан байна. ГОМДОЛД:
"Монгол Улсын иргэн О.Нарангарав миний бие, Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийлэл, хууль бусаар мөрдөн мөшгих, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн хохирогч болж олон жил түүнд заналхийлүүлж, түүний эрхшээлд байсан хохирогчийн хувьд энэхүү гомдлыг гаргаж байна.
Ардчилсан нам болвоос хүний эрх, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч улс төрийн хүчин билээ. Тийм ч учраас Ардчилсан намын үе үеийн гишүүд, намыг төлөөлөн төрийн удирдах албанд ажиллаж буй албан хаагчид хүний эрхийн төлөө зоригтой тэмцэн дуугарч ирсэн.
Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Бишээгийн Эрдэнэсүх буюу миний нөхөр, 4 хүүхдийн минь эцэг болох энэ хүн 2014-2016 онд Ардчилсан намд анх гишүүнээр элсэж, 2017 онд СБД-ийн 16-р хорооны Засаг дарга, 2020 онд СБД-ийн ИТХ-д төлөөлөгч, НИТХ-д төлөөлөгч, АН-ын намын хорооны гишүүн, СБД-ийн 16-р хорооны үүрийн дарга, 2021 оноос АН-ын ҮБХ- гишүүн, НИТХ-д төлөөлөгч, 2024 онд НИТХ-н АН-ын бүлгийн дарга, СБД-ийн Ардчилсан намын дэд дарга зэрэг албан тушаал эрхэлж, Ардчилсан намын нэр хүнд, нөлөөг ашиглан өдийг хүрсэн.
Гэвч Б.Эрдэнэсүх нь Ардчилсан намын дүрмийн 3.7-ийн 3.7.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, Намын ҮзБ, Үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх, ҮД, бусад журам, шийдвэрийг даган мөрдөх”, 3.7.3-д “Намын ёс зүй, сахилга батыг чанд сахиж, намын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх”, 3.7.5-д “Намаас нэр дэвшин сонгогдсон болон томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан нь үндэсний эрх ашгийг дээдэлж, хууль болон ёс зүйг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж тус тус заасан гишүүний үүргээ зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, зодох, доромжлох, зодох, хууль бусаар мөрдөж мөшгих зэргээр 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, гэмт хэргийн хохирогч болгож ирсэн.
Иймд, Ардчилсан намын дүрмийн 3.9 дүгээр зүйлд зааснаар Ардчилсан намын гишүүн Бишээгийн Эрдэнэсүхэд намын дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, намын гишүүнээс хасаж өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!