Уул уурхайн ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов.

Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, бусад нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь сайтар эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгах шаардлагатайг онцолж, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн дараах чиглэлд ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:

▪️“Оюу Толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

▪️“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах;

▪️УИХ-ын тогтоолын дагуу “Бортээг”-ийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах;

▪️Стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх;

▪️Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх;

▪️ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бүрэн цахим системд шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулах;

Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, тодорхой хугацаатай, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.

МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. Цас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт -16 хэм хүйтэн. Цас орохгүй
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!