ТОЙМ 2025: Монголын урлаг, спортод өрнөсөн онцлох үйл явдлуудыг UBN сайт нэрлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 33 секунд

Улиран өнгөрч буй 2025 онд урлаг, спортын салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрч буй онд Монгол залуус урлаг, спортын салбарт олон амжилт гаргаж, дэлхийд нэрээ цуурайтуулж чадсаныг онцлон тэмдэглэе.

-----------------------------------

PHYSICAL ASIA: МОНГОЛЫН БАГ ХҮЧИРХЭГ УЛС ОРНУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ, ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ

Спортын салбарын 2025 оны онцлох амжилтын эзэд бол PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай баг тамирчид. 3-хан сая хүн амтай Монгол Улсын баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, дэд байрт шалгаран Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүлсэн түүхэн амжилтыг энэ цаг мөчид онцлон тэмдэглэж байна. Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн тамирчдаар монголчууд төдийгүй дэлхий нийт бахархаж, хайрласаар байгаа юм.

САГСАН БӨМБӨГИЙН 3X3 ТӨРЛИЙН ДАШТ-ЭЭС ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Дөрвөн жаахан монгол охин хотол даяар өндөлзүүлэн, ёстой л монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, цусыг булгилуулсан уухайт өдрүүдийг эргэн дурсъя. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш БНХАУ, сагсны эх орон гэгдэж, энэ салбартаа дархлагдсан АНУ-аас эхлээд Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан багуудаа бүгдийг нь бут ниргэж, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД болсон юм. Тэдний энэ амжилтыг үнэлж, МУГТ гэх эрхэм хүндтэй цол олгосныг нэхэн сануулъя.

Түүнээс гадна сагсан бөмбөгийн спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан сагсчин залуус Б.Билгүүн, Т.Санчир нар энэ онд МУГТ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.

MONGOLZ БАГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Цахим спортын CS2 төрлөөр дэлхийд томоохон амжилт бүтээж яваа The MongolZ баг Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн нь энэ оны түүхэн амжилтуудын нэг байлаа. “The MongolZ”-ынхон дэлхийн чансааг тэргүүлсэн Ази тивийн анхны баг болж, түүхэнд нэрээ үлдээж чадсан. Энэ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод буй юм. Монгол Улсын цахим спортын түүхийг бичилцэж буй тэдний хувьд аялал дөнгөж эхэлж байгаа. Олон тэмцээн, илүү их амжилт тэднийг хүлээж байгааг энд онцлох нь зүйтэй. Мөн тэд цахим спортыг сонирхдог олон мянган тамирчдад урам зориг өгч, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал амжилт ойрхон байдаг гэдгийг өөрсдийн биеэр батлан харуулж буй юм.

ХОЛИМОГ ТУЛААНЧ Б.ЭНХ-ОРГИЛ "ONE CHAMPIONSHIP"-ИЙН БҮСНИЙ ЭЗЭН БОЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монголын тамирчин Б.Энх-Оргил Бразил Улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгуулж, Монгол түмнээ баясгалаа.

Тэрбээр, PHYSICAL ASIA шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж чадсан юм.

УЛСЫН НААДАМД УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ЕС ДАВАН ТҮРҮҮЛЖ, 24 НАСАНДАА УЛСЫН АРСЛАН БОЛОВ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар ес даван түрүүлж, 24 насандаа Улсын арслан болов. Ингэснээр 76 жилийн дараа Баянхонгор нутгаас наадмын түрүү бөх тодорсон юм. Төв цэнгэлдэх даяар Хонгор нутаг дуу цуурайтаж, Монгол түмэн шинэ арслангаа хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байдаг. Залуу арслан наадмын барилдаанаас хойших томоохон барилдаануудад шил дараалан түрүүлж, арслан цолыг аргадаж бус гуядаж авсан гэдгээ ахин дахин батлан харуулсаар байгаа юм.

ХООШЁОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ХАЦҮ БАШЁД ТҮРҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН СҮМО БӨХИЙН 74 ДЭХ ЁКОЗҮНО БОЛЛОО

Мэргэжлийн сүмо бөхийн Хацу башёд Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа 3 унаатайгаар түрүүлж, ёкозүна цол хүртэх болзлоо хангасан нь 2025 оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү бөгөөд Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон юм.

“ХАСЫН ХҮЛЭГҮҮД” БАГ АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ

20 жилийн түүхтэй “Хасын хүлгүүд” дээд лигт ес дахь удаагаа түрүүлж, Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолж байна. Тэд өнгөрсөн 19 жилийн хугацаанд МСБХ-ны дээд лигийн аваргын алтан медалийг есөн удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртжээ. Товчхондоо 2006 оноос хойш оролцсон дээд лиг болгондоо медальт байранд шалгарч байсан гэсэн үг. Тэд энэ онд Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсон юм.

БАРИЛГЫН АЖИЛЧНААС ДЭЛХИЙ АВАРГЫН ТАВЦАНД

Байгалмаагийн Алтанчимэг. Тэр бол монголын холимог тулааны спортод хүсэл зорилго, авьяас, ур чадвараараа гялтганан гарч ирсэн ШИНЭ ОД. 20-хон настай тамирчин охин дэлхийн аваргын дэвжээн дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж чадсан тэр цаг мөч энэ оны бас нэгэн онцлох амжилт байлаа.

Тэр энэ тавцанд очиж зогсох хүртлээ ЗОГСОЛТГҮЙГЭЭР хичээн, тэмцсэнийг түүний бяцхан түүх нотолно. Зуны аагим халуунаар барилгын тоос шороон дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хажуугаар нь бэлтгэлээ ч тасалдуулсангүй. Учир нь тэр ЭНЭ УДАА бууж өгөхийг хүсээгүй юм. 2023 онд таеквондогийн улсын аваргад түрүүлж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан ч зардлын бэрхшээлээс болж боломжоо алдаж байсан тэр ямартай ч энэ удаа өөрийн хүч хөдөлмөрөөрөө дэлхийн аваргад явах зардлаа бүрдүүлж чадав. Энэ л барилгын талбайд дуслуулсан хөлс хүч, хичээл зүтгэл нь аваргын алтан медаль болж ирсэн Байгалмаагийн Алтанчимэгийн жинхэнэ түүх юм.

“SILK WAY STAR” ШОУНД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦСОН И.МИШЭЭЛ ТЭРГҮҮН БАЙРЫН ЭЗЭН БОЛЛОО

Дуучин И.Мишээл "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын эзэн боллоо. И.Мишээлд 10 орны шүүгчид бүгд 12 оноо буюу хамгийн дээд оноог өгсөн бөгөөд үзэгчдийн саналаар ч тэргүүлж чадсан юм. Тэрбээр өөрийн зохиосон МОНГОЛ хэмээх дуугаа дуулж, Монгол Улсаа алдаршуулаад амжсан байдаг. Казахстаны нийслэл Астана хотноо болсон тус уралдаанд 12 орны шилдэг дуучид өрсөлдсөн бөгөөд Ч.Мишээл эхний шатнаас л үзэгч, шүүгчдийн анхаарлыг татсан юм.

"MOON DANCE" ХАМТЛАГ ДАШТ-ЭЭС 2 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хэдхэн хоногийн өмнө “Moon dance” хамтлаг Латин бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэд латин бүжгийн ДАШТ-ээс дөрөв дэх жилдээ дараалан медаль хүртсэн амжилтын эзэд болсон юм. Өмнө нь Стандарт бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байсан “Moon dance” хамтлаг Латин бүжгийн ДАШТ-д 11 дэх удаагаа оролцож хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий хос медальт бүжгийн хамтлаг боллоо.

АРД ТҮМНИЙ ХҮСЭМЖИТ ГАВЬЯАТ Д.БЯМБАЦОГТ

Хотол түмнээрээ хүсэн хүлээсэн Гавьяатаа монголчууд төв талбай, төрийн ордныхоо өмнө нүргээ хадаан уухайлсаар угтсан гайхалтай үйл явдлыг энэ цаг мөчид онцолъё. Жил жилийн шагналаар жирийн олон монголчууд түүний энгэрт Гавьяатын одон гялалзаж байхыг үзэх гэж төрөөс гавьяаг нь нэхсээр багагүй хугацааг үдсэн. Тэр их хүлээлт өнгөрч буй 2025 онд биеллээ олж, "Ноён солиот"-ын энгэрт Гавьяатын одон гялалзлаа. Түмэн олон уухайлан түрж, уулгалан давлагаалсаар олны хүслээр төр гараа сунгаж, түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг нь олгосон юм. Тэр гавьяат горилоогүй ч гавьяа нь түүнийг энэ өдөрт хөтөлснийг түмэн олон ч, төр ч үзэв.

Т.БАТЦЭЦЭГ 11 ЖИЛИЙН ДАРАА “ГОЁЛ 2026” НААДМЫН ТОП МОДЕЛЬ БОЛЛОО

2000-аад оноос загварын салбарт хөл тавьсан Т.Батцэцэг анх 2014 онд “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч болсноор Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Тэгвэл үүнээс 11 жилийн дараа “Гоёл” наадмын топ модель болов. Тэрбээр 2013 оны “Miss Tourism Queen International” тэмцээний “Усны хувцастай мисс”, “Дэгжин мисс” гэх хоёр шагналыг хүртэж байв. Мөн 2012 оны “Манжуурын мисс”-ийн тэргүүн миссээр тодорсноос гадна 2010 оны “Азийн супер модель” шагналын эзэн юм. Мөн 2010 оны “Монголын мисс” тэмцээний дэд байрт шалгарч байжээ.

ТББХ: П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр СЕХ-ны даргаас чөлөөллөө
ТББХ: П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр СЕХ-ны даргаас чөлөөллөө
 
Netflix-ийн Монголд хийсэн нэвтрүүлэг ирэх долоо хоногт цацагдана
Netflix-ийн Монголд хийсэн нэвтрүүлэг ирэх долоо хоногт цацагдана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!