VISUAL TOIM: 2 сар 12 хоногт баталсан 2026 оны төсөвт орсон “ХӨЛ ХӨДӨЛГӨӨН“

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
7 минут 18 секунд

Ирэх оны төсөв дуншиж, дуншиж арайчүү УИХ-аар батлагдав. Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг таван үе шаттайгаар өрнөсөн нь онцлог байв. Тэгвэл улс төрийн "гал"-тай цаг үеэр батлагдсан энэ удаагийн төсөв анхны өргөн барьсан хувилбараасаа хэр "өөрчлөгдөж" батлагдсан талаар Visual Toim булангаараа дамжуулан уншигч танд сонирхуулахаар бэлдлээ.

-189 мянган иргэнээс санал авч боловсруулсан гэх төсвөө батлахад 2 сарыг зарцуулав-

Энэ оны есдүгээр сарын 1-нд Г.Занданшатарын Засгийн газар 189 мянган иргэнээс санал авч боловсруулсан анхны төсөв тодотгол дор ирэх оны Төсвийн тухай хууль болон дагах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж байв. Намрын чуулган эхэлсэн даруйд төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн боловч "Дайны хажуугаар дажин" гэгчээр МАН-ын талцал хуваагдлын асуудалтай зэрэгцэж, нэлээдгүй гацсан. Гэсэн хэдий ч парламент хуулийн хугацаандаа төсвөө тулгуу гэгч нь баталсан юм. Товчхондоо, намрын чуулганы 2/3-д нь төсөвтэйгээ ийн "зууралдсаар" арайчүү баталлаа.

-Орлогоо 300 тэрбумаар нэмж, алдагдлаа 250 тэрбумаар БУУРУУЛАВ-

Төсвийн хэлэлцүүлгийн явцад төсвийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт их орсонгүй. Тодруулбал, Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь байхаар батлав. Харин зарлагадаа өөрчлөлт оруулсангүй. Төсвийн алдагдлын тухайд, анх өргөн барьсан дүнгээсээ 250 тэрбумаар бууруулж буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтсон байна.

Төсвийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш батлагдах хүртэл хугацаанд төсөвт орсон нийт өөрчлөлтийн дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүний:

  • 969.1 тэрбум нь урсгал зардалд,
  • 884 тэрбум төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд,
  • 382.1 тэрбум нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар болсон юм.

-Төрийн гурван өндөрлөг төсвөө 26 тэрбумаар ТАНУУЛАВ-

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх ТЕЗ нар 2026 онд зарцуулах зардлаасаа тануулсан. Үүнд, төрийн гурван өндөрлөг ч багтав. Тодруулбал, тэд нийт дүнгээрээ 563 тэрбум төгрөг зарцуулах байсан бол 26 тэрбум төгрөгөөр төсвөө тануулж, 537 тэрбумыг зарцуулахаар болжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын буюу Монгол Улсын Ерөнхийлөгчид хамаарах төсвийг 33 тэрбум 626 сая төгрөг байхаар тусгасан байсныг 30 тэрбум 500 сая төгрөг болгож бууруулав. УИХ-ын даргын хувьд 158 тэрбум 919 сая төгрөгийн төсөвтэй байсан ч батлагдахдаа 145 тэрбум 444 сая төгрөг болж буурчээ. Тэгвэл Ерөнхий сайдын хувьд 370 тэрбум төгрөгийг ирэх онд зарцуулахаар байсан ч 8 тэрбум төгрөгөөр төсвөө тануулж, 362 тэрбум төгрөгийн төсөв дээр "буужээ".

-90 сая тонн нүүрс экспортлох зорилт ХЭВЭЭР үлдэв-

Манай улсын төсвийн орлогын гол найдвар бол уул уурхайн салбар. Энэ утгаараа ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлоно гэх зорилтыг дэвшүүлсэн. Хэдийгээр зарим гишүүдийн зүгээс хэт өөдрөг төсөөлөл гэх шүүмжлэлтэй тулгарч байсан ч хэлэлцүүлгийн турш "хамгаалж", зорилтоо хэвээр авч үлджээ. Тодруулбал, 90 сая тонн нүүрс, 2 сая орчим тонн зэс экспортолно.

-Экспортолно, импортолно-

Нүүрс болон зэсийн экспорттойгоо уялдуулан ирэх онд экспортоос 16.6 тэрбум ам.долларын орлого олох тооцоололтой байгаа аж. Нөгөөтээгүүр манай улс бол импортлогч улс. Тэгвэл ирэх онд 13.4 тэрбум ам.доллароор бараа үйлчилгээ импортолно гэж тооцоолж байгаа юм. Мөн инфляцыг 7 хувь гэж төсөөллөө.

-Зургаан сайдын төсөв НЭМЭГДЭЖ, бусад нь ТАНУУЛАВ-

Өмнө хэлсэнчлэн төсвийн хэлэлцүүлгийн явцад эмч, багш нарын болон ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой шийдвэрүүд шил шилээ даран гарсан. Үүнтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс танасан байдаг. Харин дээрх 6 сайдын төсөв тодорхой дүнгээр нэмж батлагджээ. Үүнээс эмч, багш, ахмадын тэтгэвэртэй холбоотойгоор Т.Аубакир, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр нарын сайд нарын төсөв өсөх нь ойлгомжтой. Харин үлдсэн гурван сайдын төсөв анхаарал татаж байна.

Дээрх графикаас анх төсвийн төсөлд тусгагдсан дүн болон эцсийн хэлэлцүүлгийн үеэр гарч ирсэн дүнг харьцуулан харж болно.

-14 аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг 43 тэрбумаар БУУРУУЛАВ-

Орон нутгуудад олгох төсөв төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэлээдгүй шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл анх төсөв өргөн барих үед 297 тэрбум 528 сая төгрөгийг 14 аймагт санхүүгийн дэмжлэг болгон хуваарилахаар тусгасан байсан юм. Харин эцсийн хэлэлцүүлгээр энэ дүн 43 тэрбумаар буурч батлагджээ.

-Ахмадын тэтгэврийг 6 биш 8.6 хувиар нэмэгдүүлэхээр өөрчлөв-

Засгийн газраас төсвийн төсөлдөө ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусган оруулж ирж байв. Харин төсвийн хэлэлцүүлэг үргэлжлэх явцад эрх баригч намын бүлгээс шийдвэр гаргаж, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг дэмжсэнээр төсөвт "хөл хөдөлгөөн" орсон байдаг. Тэгвэл төсөв батлагдах үед ахмадын тэтгэврийг 6 бус 8.6 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсвийг нэмж тусгасан юм.

-Эмч, багш нарт өгсөн амлалтаа төсөвт тусгав-

Төрийн ордон төсөв хэлэлцэж, харин гадна нь эмч, багш нар цалин хөлсөө нэмэх шаардлагыг тавьж цаашлаад ажил хаялт хүртэл зарласан байдаг. Эл нөхцөл байдалд Засгийн газар гурван талт хэлэлцээрийн ширээний ард сууж, тэдэнд цалин нэмэх амлалт өгсөн юм. Энэ утгаараа төсөв батлах үед түүнд шаардлагатай төсвийн зардлыг нэмж суулган баталлаа. Ингэхдээ багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөг суулгасан юм. Мөн эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр зардлаа нэмсэн байдаг.

Маргааш Улаанбаатарт -7 хэм хүйтэн, ялимгүй цастай
Маргааш Улаанбаатарт -7 хэм хүйтэн, ялимгүй цастай
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!