Боломжоо атгаж, бодит өгөөж хүртэхийн тулд зэсийн өндөр АМНАТ-ийг буулгах ёстой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 55 секунд

Урд хөршид нүүрсний эрэлт буурвал яах вэ. Нөлөөлөл нь манай улсад шууд мэдрэгдэж, төсвийн орлого тасалдана. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Америк, Хятадын худалдааны дайн идэвхжиж, дэлхий даяар ногоон эдийн засаг руу шилжих болсноор нүүрсний эрэлт хэтдээ буурах нь нэгэнт тодорхой болоод байна. Тэгвэл нүүрсээ зарж амьдардаг монголчуудын дараагийн орлогын эх үүсвэр юу байх вэ. Үүнд хамгийн ирээдүйтэй салбар бол зэс юм. Монголын критикал минерал ассоциацийн тэргүүн М.Дагва “Зэсийн хүчтэй стратеги хэрэгжүүлбэл нүүрсийг орлох том салбар болох боломжтой. Хөрөнгө оруулагчдын хувьд критикал минералууд дотроос Монголд ажиллах сонирхлыг нь бодитоор татаж буй нь зэс” хэмээж байна.

Монгол орны хэмжээнд зэсийн нийт бүртгэгдсэн нөөц 61.4 сая тонн. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 7 орчим хувийг эзэлж байна. Гэхдээ зэсийн хайгуулд хөрөнгө оруулалт татсанаар цаашид нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдэж, дараагийн олон Оюутолгой олдох боломжтой гэж хашир геологичид хэлдэг. Харамсалтай нь манайх эдийн засгийн өсөлтөө даатгах зэсийн салбартаа хэт өндөр АМНАТ (21.6 хувь хүртэл) тавьчихсан нь асуудлын зангилаа болж байна.

Өнөөдөр АМНАТ тооцож буй бүх эрдэс бүтээгдэхүүн дотроос зэсийнх хамгийн өндөр байгаа юм. Тодруулбал, зэсийн АМНАТ бусад бүтээгдэхүүнийхээс хамгийн багадаа гурав дахин өндөр байна. Жишээ нь зэсийн үнэ 9000 ам.доллар давахад 15 хувийн нэмэлт АМНАТ төлж байхад бусад эрдэс бүтээгдэхүүнүүд дээр 4.1 хувь байна. Нэг үгээр хэлбэл, зэсийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад илүү дарамттай, хохиролтой, шударга зарчимд нийцэхгүй татвар үйлчилж буй юм.

Олон улсад бүтээгдэхүүний үнэ өсөх тусам нэмж ногдуулах АМНАТ-ийг шударга зарчимд нийцүүлж тооцсоноор хөрөнгө оруулагчдыг татаж, татварын бааз сууриа нэмэгдүүлэх замаар улс өгөөжөө хүртдэг. Судалгаагаар зэсийн үнэ 5000-5065 ам.доллар байхад компани ашиггүй ажиллана. Энэ үед төр ямар ч эрсдэлгүйгээр 5 хувийн АМНАТ авна. Харин 5000 ам.доллароос давж эхлэхэд үнийн өсөлтийн зөрүүнээс 25 хувийн өгөөжийг төр хүртэх зохицуулалт ихэнх оронд үйлчилдэг. Энэ нь 2-6 хувийн нэмэлт АМНАТ тооцно гэсэн үг. Гэтэл манайх 11-15 хувь гэсэн хатуу тоо тавьчихсан. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ өсөх тусам харилцан ашигтай байх зарчим алдагдсанаар хөрөнгө оруулалт хийх эргэлзээнд хүргэж байна. Зэсийн үнэ өсөх үед төр татвараа өсгөж авахыг чухалчлахаас гадна компани хөгжих, хүчин чадлаа өсгөх, өрсөлдөх чадвараа сайжруулахад нь хөрөнгө оруулалт хийх орон зай гаргаж өгөх харилцан ашигтай зарчим байх учиртай.

Эсвэл зэсийн АМНАТ-ийг өндөр хэвээр байлгахаар төлөвлөж байгаа бол уул уурхайн салбарын бодлого нь тогтвортой явж ирсэн түүхтэй байх ёстой. Тэгвэл төр нь ядаж хэлсэн үгэндээ байж чаддаг хэмээн хөрөнгө оруулагчид итгэж найдна. Гэтэл манай улс Ашигт малтмалын хуулийг 28 жилийн хугацаанд 20 гаруй удаа 300 гаруй зүйл заалтаар өөрчилсөн шүү дээ. Ийм тогтворгүй эрхзүйн орчин үүсгэж, хөрөнгө оруулагчдыг айдаст автуулчхаад нэмээд АМНАТ өндөр тавьж, зэсийн салбарт хөрөнгө оруулалт татна гэвэл ямар ч боломжгүй. Эцсийн дүндээ зэсийн үнийн өсөлтийн циклийн үед Монгол Улс боломжоо ашиглаж чадалгүй, хохироод үлдэнэ. Харин хөрөнгө оруулагчдад мөнгөө хийх зэсийн асар олон төсөл дэлхий даяар хэдэн зуугаараа бий.

Ер нь Монгол-Оросын Засгийн газрын 1991 оны хэлэлцээрээр “Эрдэнэт үйлдвэр”-т тус татварыг анх 9 хувиар тогтоож байсан юм билээ. Энэ бол Ашигт малтмалын тухай хууль батлагдаагүй үеийн “бүдүүлэг” тооцоолол. Харин одоо боломжийг атгаж, бодит өгөөж хүртэхийн тулд татварын уян хатан бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.

Г.Батзориг

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Catalyst Awards-2025”-ын “Шилдэг эдийн засагч” шагналыг хүртлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!