Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох нийтийн өргөдөл 100 мянгаас дээш иргэний санал авснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм.
Тодруулбал иргэн Ц.Батболд энэхүү өргөдлийг санаачилж, 100 мянгаас дээш иргэний санал авсан. Тэгвэл энэхүү тэтгэмжийн асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Дав.Цогтбаатар: Заавал давуу байдал үүсгээд, энэ тэтгэмжийг авна гээд байх шаардлагагүй
-Иргэдийн саналыг дэмжиж байгаа. Дахин сонгогдоогүй гишүүн бол ажилгүй болж байгаа. Харин хувийн хэвшил болон төрийн албанд ажиллаж буй иргэд ажилгүйдлийн тэтгэмж авах эсвэл өөр ажилд орсон тохиолдолд өөрийнхөө хөдөлмөрөөр л явж байгаа.
Тиймээс энд заавал давуу байдал үүсгээд, энэ тэтгэмжийг авна гээд байх шаардлагагүй.
Д.Ганмаа: Энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай.
-Хоёр хоногийн өмнө энэ асуудал Өргөдлийн байнгын хороогоор орж ирсэн. Бид энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай. Жишээлбэл, анх яах гэж энэ хуулийг санаачилсан үндэслэлийг нь харъя. Мөн Судалгааны хүрээлэнгээс бид тодорхой мэдээллүүдийг татаж авч байгаа. Үүнтэй бүрэн танилцаж, судалсаны дараа зөв зүйтэй зүйл ярих байх.
Өргөдлийн байнгын хороо бол иргэн, парламент хоёрыг холбох гүүр нь болж байгаа учраас асуудлуудыг иргэдийн талд шийдэх загвараар явж байгаа. Гэхдээ хууль, дүрмийн дагуу байх ёстой. Шийдвэр гарсны дараах үр дагаврыг сайтар судлах шаардлагатай.
Б.Найдалаа: УИХ-ын гишүүн байсныхаа төлөө тэтгэмж авдгаа больё
-Энэ тэтгэмж хэзээнээс хэрэгжиж эхэлснийг би мэдэхгүй байна. Би сүүлд мэдсэн. Ахмад улстөрчдийн хэлж буйгаар, анх хэрэгжүүлж эхэлсэн үзэл санаа нь парламентийн дархлааг дэмжих гэж ярьдаг юм билээ.
Одоо харин үүнийг болиулъя гээд иргэдийн санал орж ирж байна. Үүнийг хэлэлцээд болиулна биз. Би энэ асуудал дээр тэтгэмж байх ёстой, ёсгүй гэсэн тодорхой байр суурьгүй байгаа. Хэрвээ шаардлагагүй гэж үзвэл энэ тэтгэмжийг болиулж болно. Ямар ч асуудалгүй. Ер нь больсон нь ч зөв гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн байсныхаа төлөө тэтгэмж авдгаа больё.
С.Эрдэнэболд: Иргэдийн өргөдлийг 100 хувь дэмжинэ
-Иргэдийн өргөдлийг 100 хувь дэмжиж байгаа. Хэд хэдэн үндэслэл хэлье. Нэгдүгээрт, тэгш эрхийн зарчим алдагдаж байгаа гэсэн үг. Монгол Улсын иргэн шударгаар ажил хөдөлмөр эрхлэх, түүнийхээ үр шимийг шударгаар хүртэх эрхтэй. Дарга, цэрэг, ердийн иргэн, төрийн өндөр албан тушаалтан байна уу хамаагүй.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс болон тагнуул, онцгой албанд ажиллаж хүмүүс гадаадад ажиллах байдалд тодорхой хязгаар тавих хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл тэдгээр хүмүүстэй Монгол Улсын нууц, аюулгүй байдлын концепц явж байдаг.
Тэгвэл жирийн УИХ-ын гишүүд тангараг өргөдөг. Энэ бол шударга ёсны зарчим, тэгш эрхийг баримтална гэсэн үг. Иргэдийн 100 мянган гарын үсэг гэдэг бол том нөлөө. Иргэдийн өргөдөл хууль болоод ороод ирвэл би дэмжинэ л гэж бодож байгаа.
О.Номинчимэг: Улс төрийн өнөөгийн байдалд энэ тэтгэмж хэрэггүй
-Энэ өргөдлийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. 100 мянган иргэн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байна. Өмнө нь ч энэ асуудал хөндөгдсөн.
Анх 1992 онд УИХ-ын тухай хууль шинэ Үндсэн хуулийн дагуу батлагдахад байсан заалт юм билээ. Уг санаа нь УИХ-ын гишүүн буюу төрийн хүн маань ажил мэргэжлээ орхиод төрд зүтгэхээр ордог. Жишээлбэл, 1992-1996 оны анхны парламентад Хөдөлмөрийн баатар, малчин Ц.Намхайнямбуу гуай ард иргэдийнхээ төлөөлөл болж УИХ-д сууж байсан. Эдгээр хүмүүсийн нийгмийн баталгааг хангах ёстой гэсэн үүднээс олон улсын жишгийн дагуу хийгдсэн юм билээ.
Харин том зургаар нь харвал, улс төрийн өнөөгийн байдалд энэ тэтгэмж хэрэггүй. Хувь хүний хувьд иргэдийн өргөдлийг дэмжиж байгаа. Үнэхээр улс төрийнхөө тогтолцоог, сонгуулийн хууль тогтоомжийг сайжруулаад, зөвхөн иргэдийн төлөөлөл залуучууд орж ирдэг парламент болсон цагт эргээд энэ тэтгэмжийг ярих боломжтой гэж харж байгаа.
Одоогийн байдлаар бүрэн эрх нь дууссан хэчнээн хүн энэ тэтгэмжийг авч байгааг гэсэн тоон мэдээллийг УИХ-ын Тамгын газраас нарийвчлан гаргаж байгаа. Иргэдийн өргөдлийг хэлэлцэх хүрээнд судалгаа, мэдээллийг авах хүсэлтээ УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т хүргүүлсэн.
Б.Пүрэвдорж: Над шиг хүмүүс бүрэн эрхээ дууссаны дараа илүү цалинтай ажилд ороод л явчихна
-Аливаа ажил хийж байгаа хүн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд 3 сарын тэтгэмж авдаг. Тэгэхээр бүгдийг нь байхгүй болгож болохгүй. Иргэдтэй адил хэмжээнд байлгах ёстой. УИХ-ын гишүүн гэхээрээ хуулиас ангид, бусдаас дээгүүр байж болохгүй.
Жишээлбэл, одоогийн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл гуай, Б.Бейсен гуай эсвэл мэргэжлээрээ олон жил ажилласан болон бизнесгүй, жагсаалтаар орж ирээд гишүүний ажил хийж байгаа хүмүүс хүртэнэ үү гэхээс над шиг хүмүүс бүрэн эрхээ дууссаны дараа илүү цалинтай ажилд ороод л явчихна.