
“Physical asia” нэвтрүүлгийн эхний дөрвөн дугаар Нэтфликс стриминг платформ дээр өчигдөр орой цацагдлаа. 3-хан сая хүн амтай Монгол Улсын баг хүчирхэг гүрнүүдийн эсрэг ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Монгол хүн бүрийн цөсийг хөөргөж, бахархал, омогшлыг нь төрүүллээ. Нэтфликсээр анх удаа монгол хадмалтай нэвтрүүлэг үзэж, Монгол залуус хүчирхэг гүрнүүдийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөхийг Монгол түмэн нийтээрээ огшиж бас омогшиж үзлээ.
Эхний тэмцээний шийдвэрлэх мөчид манай баг Солонгос, Туркийн эсрэг тулж, ганцхан оноогоор ялагдал хүлээв. Хоёр багийн эсрэг нэг багийн үр дүн нь ойлгомжтой тулаан байсан ч Б.Орхонбаяр арслангаар ахлуулсан монголын баг ямар айдасгүйгээр дайрч, ганцхан онооны дутуу ялагдал хүлээсэн нь ялснаас ялгаагүй ялагдал байлаа. Дараагийн тэмцээнд 8 багаас эхний гурван байрт шалгарч, БНСУ тэргүүтэй багуудыг дээрээс нь хараад зогсож байхыг харсан Монгол хүн бүрт үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмж төрсөн болов уу.
Хамгийн гол нь оролцогч улсууд урдаа барьдаг шилдэг тамирчдаасаа сойсон нь эхний танилцуулгаас тодорхой харагдсан. Товчхондоо бол тэд 27-286 сая хүртэлх хүн амтай улс орноос шигшигдэж ирсэн шилдгүүд. Тэдэнтэй тэнцүүхэн өрсөлдөж, хурд, хүч, ур, ухаанаараа гайхуулж байгаа Монгол залуус 3-хан сая монголчуудыг төлөөлж очсон гэвэл тэдний төсөөлөлд ч багтахгүй. 3-хан сая МОНГОЛЧУУД 30 бүр 300 саяулаа юм шиг ямар ч айдасгүйгээр итгэл дүүрэн өрсөлдөж байгааг харах сайхан байлаа.
Энэ бол зөвхөн эхлэл. Олон сорилт өмнө нь хүлээж байгаа. Ялалт, ялагдал бүрт нь хамт байж, тэр сайн, энэ муу гэж илүү, дутуу үзэж хэмлэхгүй жигдхэн сайхан дэмжихийг онцгойлон уриалмаар байна.
ОРОЛЦОГЧ УЛСУУДЫН ХҮН АМЫН ТОО:
- Индонез- 286 сая
- Япон- 123 сая
- Филлипин - 115 сая
- Турк - 87 сая
- Тайланд- 69 сая
- БНСУ- 51 сая
- Австрали- 27 сая
- Монгол - 3.2 сая
МОНГОЛ УЛСЫН БАГТ
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн нар багтсан бол сэлгээний бүрэлдэхүүнд Улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтжээ.
“Physical asia” нэвтрүүлгийн эхний дугаарын дараа МОНГОЛЧУУДЫН СЭТГЭГДЭЛ ямар байв...
Jagaa Damdin: Ази тивд 49 улс бий. Netflix нь дэлхийн 190 улсад нийт 300 сая гаруй хэрэглэгчтэй. Physical: 100 шоу нь Өмнөд Солонгосын алдарт MBC санаачлан хийсэн, хамгийн хүчирхэг, төгс бие бялдрыг шалгаруулах зорилготой шоу.
5 тэрбум хүн амтай Ази тивийн улс орнуудаас ердөө 8 улс сонгон авч, дэлхий нийтэд хүч чадал, эр бяр, авхаалж самбаагаа гайхуулан тэмцэлдэж байгаад багтана гэдэг гайхалтай.
Netflix-ээр гарна гэдэг маань өөрөө ялалт. Дэлхийн хэмжээний контент, студи бүтээл, зураг авалт найруулга нь маркетинг PR, хоногшуулалт танигдалт, нэр хүнд талаасаа ч, Монгол хүн, Монгол Улсыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлж байна.
Одоо тэр энийг ч сонгох байсан, тэрийг ч сонгох байсан гэсэн юмаа больчих. Угаасаа шоу учраас адилхан 6 хүн дуудахгүй, салбар салбарын, өөр өөр өнцөг, ондоошлыг энтертейнменттэй хослуулна. Манай 6 залуус үнэхээр сайн өрсөлдөөнийг үзүүлж байна. Эхний 4 ангийг нэг дор үзээд дуусгалаа. Будааны хүүхдүүд, Кесымчүүд нийлж пойлдоогүй бол эхний тэмцээнд финалдах байв.
2 дахь тэмцээнд үнэхээр гоё багийн ажиллагаа, хурд хүч, сийрэг ухаан харуулж, өрсөлдөгчөө буулгаж авсан. Дахин хэлье, энэ шоунд багтаж оролцоно, Netflix-ээр гарна гэдэг бол маш том ялалт.
Movie review with Victor: Яаая. Ойрд ийм чанартай хонгоны мах чангалсан шоу үзээгүй юм байна шүү. Зүгээр л алаан. Ядаж байхад манай хэд орчихсон. Дээрээс нь дэлхийн том шоу Монгол хадмалтай гарч бариад үнэндээ жаргаж үзлээ шүү дээ энэ чинь одоо...
Э.Намуун: Physical Asia үзээд үнэхээр бахархаж байна өө. Зарим сонголт буруу байлаа гэдэг комментууд их байна. Гэхдээ үнэхээр огшоож чадаж байна. Netflix-р Монгол хэлээр сонсох ч үнэхээр гайхамшигтай байна.
Odgii's Family Adventures᠄ Netflix-ийн "Physical: Asia" шоу нэвтрүүлэгт Монгол улсын баг оролцож байна. Азийн олон орноос ердөө 8 улс л оролцож байгаа бөгөөд тэдний нэг нь Монгол. Залуу үеийн төлөөлөл болсон Монголын салбар бүрийн тамирчид маань ур ухаан, авьяас чадвар, хүч бяр, уян хатан байдал, Монгол хүний тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварыг эхний 2 тэмцээнд гайхалтай үзүүллээ. Спортын соёлоор нийгэмд гэрэл гэгээ түгээж буй та бүхэндээ баярлалаа.