Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэн ч тоогоогүй АН-ын “бөлдөгдүүлсэн” их хурал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 11 секунд
Ардчилсан намын X их хурал. 2020.12.18-29

АН-ын Х их хурал өчигдөр \2020.12.18\ болж өнгөрлөө. Үнэндээ тус намын их хурлыг өөрсдөөс нь өөр хэн ч тоосонгүй. Цагтаа хүчтэй сөрөг хүчин, үндэсний хэмжээний нам гэж нэрлэгдэж явсан энэ нам өнөөдөр хэн ч тоохгүй хэсэг хүмүүсийн цуглаан болжээ. Лидерүүдээ хөөхийг нь хөөж, өөрсдөө гарах нь гарч, шорон оронд явах нь явж, үлдсэн бурхинууд нь одоо ч индэрийн голд шигдээстэй, залуусдаа зайгаа тавьж өгдөггүй, хотын төвийн хэдэн түрээсийн байр дамжсан орох ч оронгүй энэ намын их хуралд нийгмийн хүлээлт юу ч байсангүй. Уг нь цагтаа бүтэн өдөржин сэтгүүлч, сурвалжлагч нар үүдэнд нь очерлож дарга, гишүүдгүй ил тод асуудлаа ярьж, гал гарсан үзэл санаа, уран илтгэлийн өрсөлдөөн явагддаг байж билээ. Гэтэл өнөөдөр цэнхэр зангиатай хэдэн селфичид, жижүүрийн мэдээнээс өөр сонин хачин алга.

Жаахан өнгө шуугиан нэмсэн явдал нь өмнөх намын дарга С.Эрдэнэ байлаа. Өмнөх юмуу өнөөдөр ч дарга хэвээрээ юм уу бөө мэд. Намын их хурлыг дүрмийг бус гэж үзэж, Ц.Тувааныг даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн тушаал гаргав. Энэ нь хүчинтэй бол АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа ажээ. Хоёр удаагийн УИХ, орон нутгийн сонгуульд ялагдсан тус намд ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн ганцхан шанс үлдсэн. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд тус нам ялагдвал нийлсэн зургаан тугаа зургаан тийшээ аваад тарна. Тийм учраас нэгдүгээр хүний сонгуульд ялалт байгуулах нь стратегийн хувьд маш чухал юм.

Өнөөдрийн нэгдүгээр хүн АН-ын өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг намнаж, сонгуульд ялагдуулж, дөнгөлөхийг нь дөнгөлсөөр харцаараа хөдөлгөх болсон. Түүний таалал үгүйгээр АН-ынхан даргаа ч сонгож чадахгүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэгдүгээр хүн АН-д итгэх хүн олдохгүй байгаагаас хэнийг дарга болгохоо шийдэж чадахгүй байгаа гэв. Бүлгийн дарга нь хэт жулдана, Ц.Туваанд бүрэн гүйцэд итгэхгүй байгаа дээр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй хууччуул, МҮДН, Шонхор, Алтангадас гэсэн гол бүлэглэлүүд нам дотроо сүлжээ суваг сайтай байгаагаас бодлогыг нь унагаж мэднэ, бүр өөрийг нь ч АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл бий. АН-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН-ын гишүүдийн сунгаагаар сонгоно гэвэл нэгдүгээр хүний бодлого унах нь бараг ойлгомжтой болсон тул энэ удаагийн их хурлаас гишүүдийн сунгаагаар дарга сонгох дүрмийг өөрчилжээ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-ын их хурал дахин хуралдана гэсэн үг. Тэр болтол нэгдүгээр хүнд хэн сайн хадаг барьж гүйсэн ба АН-ын их хурлыг хайрцаглаж нэгдүгээр хүнийг баталгаатай ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ, тэр хүн намын дарга болно гэсэн барьцаагаар өчигдрийн их хурал өндөрлөжээ.

Нэг хүнийг дахин шүтэхийг хамгийн их эсэргүүцэж тэмцэж явсан АН өнөөдөр нэг хүний гарт орж, нийт гишүүдээрээ намын дарга, лидерээ сонгодог оролцооны ардчиллаасаа ухарлаа. Нэг хэсэг нь үүнд сэтгэл хангалуун байгаа бол АН албан ёсоор нүд анилаа гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байна.  

О.Цагариг

Сербид Дэлхийн цом болж байна
Сербид Дэлхийн цом болж байна
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.