Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ. 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл 6 сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлттэйгээр эргэн ирсэн. 2022, 2023, оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан бол энэ жил чансаа өндөр 64 бөх ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУД-ын нэр дээр барилдах юм.
Тодруулж хэлбэл, МҮБХ-ны 2024 нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 64 бөх үндэсний шилдэг компаниудын нэр дээр 8 багт хуваагдан өрсөлдөнө. Багууд тойргоор барилдах бөгөөд дэвжээн дээр 5 бөх гарч, сэлгээнээс 3 бөх барилдана.
“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650 сая төгрөг байсан бол энэ жилийн барилдааны ШАГНАЛЫН САН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ байх юм байна.
Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд үндэсний компаниуд 3 гишүүнийг өөрсдөө сонгож, үлдсэн 5 бөх нь сугалаагаар багуудад хувиарлагдсан юм. Багууд тойргоор барилдаж хамгийн олон даваа авсан 4 баг плэй офф-ын шатанд шалгарч, финалын шатанд 1, 3-р байрын төлөө өрсөлдөнө.
Өмнө жилүүдэд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон өрсөлддөг байхад "Багуудын чансаа харилцан адилгүй, хүч тэнцвэргүй "тулаан" болж байна" гэх шүүмжлэл дагуулдаг байсан бол энэ жилийн багууд хэн нь түрүүлж, хэн нь удаалахыг урьдчилж таахын аргагүй нөхцөл байдлыг бий болгож, хүлээлт үүсгээд байна.
АРХАНГАЙ АЙМГААС ХАМГИЙН ОЛОН БУЮУ 10 БӨХ ХҮЧ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ ОРХОН, СҮХБААТАР, ДОРНОГОВЬ АЙМГУУДААС НЭГ Ч БӨХ БАГТААГҮЙ БАЙНА
"Алтан цом"-ын шилдэг найман багт багтсан чансаа өндөр 64 бөхийг аймгаар нь ангилахад, Архангай аймгийн 10 бөх, Булган аймгийн 7 бөх, Увс аймгийн 6 бөх, Өвөрхангай аймгийн 6 бөх, Ховд аймгийн 5 бөх, бусад аймгуудаас 1-4 бөх оролцож байгаа бол Орхон, Сүхбаатар Дорноговь аймгуудаас нэг ч бөх багтаагүй байна.
"АЛТАН ЦОМ"-ЫН БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛТОЙ 37 БӨХ, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ 27 БӨХ ХҮЧ ҮЗЭЖ БАЙНА
"Алтан цом"-ын барилдаанд улсын цолтой 37 бөх, аймаг, цэргийн цолтой 27 бөх хүч үзэж байна. Тодруулбал, Дархан аварга цолтой 1, Улсын аварга цолтой 1, Улсын арслан цолтой 5 бөх, Улсын заан цолтой 7, Улсын харцага цолтой 10, Улсын начин цолтой 13 бөх барилдаж байна.
Улсын гарьд цолтонгүй АЛТАН ЦОМ
Энэ цаг үед өрсөлдөөнд өнгө нэмж барилдах боломжтой байсан хоёр гарьд допингийн асуудлаас болоод чансаа өндөр 64 бөхийн өрсөлдөөнд орж ирсэнгүй. Тодруулж хэлбэл, Улсын гарьд М.Бадарч, Улсын гарьд Н.Өсөхбаяр нар "Алтан цом"-ын төлөө барилдаж чадсангүй.
ХАМГИЙН ТОМ ЦОЛТОЙ БӨХ НЬ ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ, ХАМГИЙН БАГА ЦОЛТОЙ БӨХ НЬ АЙМГИЙН ХАРЦАГА Б.РЕНЧИНЖҮГДЭР БАЙНА
"Алтан цом"-ын барилдаанд оролцож буй 64 бөхөөс хамгийн том цолтой бөх нь Дархан аварга Н.Батсуурь байгаа бол хамгийн бага цолтой бөх нь Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр байна. Тэрбээр, Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдаанд хоёрын даваанд Улсын залуу арслан Э.Батмагнайг өвдөг шороодуулж, бөх сонирхогчдыг шуугиулаад амжсан юм.

УЛСЫН АВАРГА Г.ЭРХЭМБАЯР, П.БҮРЭНТӨГС, Ж.МӨНХБАТ ТЭРГҮҮТЭЙ АВАРГУУД БАГТСАНГҮЙ
"Алтан цом"-ын барилдаанд аваргуудаас Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нар барилдаж байна. Харин Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, Ж.Мөнхбат тэргүүтэй аваргууд багтсангүй.
"ХАТАНТ ИНТЕРНЕЙШНЛ" БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН АРХАНГАЙ АЙМГИЙН 7 БӨХ БАГТЖЭЭ
"Хатант интернейшнл" ХХК-ийнхан багтаа сонголтоор Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын начин Э.Мөнхжаргалыг сонгосон бол сугалаагаар Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг багтаа нэгтгэж 2022-2023 онд Алтан цомд түрүүлж, 2023-2024 онд хоёрдугаар байрт орсон Архангай аймгийн үндсэн бүрэлдэхүүнийг ахин нэгтгэж, чаджээ.
"Алтан цом"-ын барилдаан өмнө нь 2 удаа зохион байгуулагдсан. 2022-2023 онд Архангай түрүүлж, Булган аймаг удаалсан бол 2023-2024 онд Ховд аймаг түрүүлж, Архангай аймаг удаалсан. Харин энэ жил чансаа өндөр 64 бөх ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУД-ын нэр дээр барилдах юм.
Энэ удаагийн "АЛТАН ЦОМ"-ын барилдаанд ХҮЧ ҮЗЭХ 8 багийн БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.








БАРИЛДААНЫ ХУВААРЬ:
- Эхний өдөр буюу аравдугаар сарын 25-ны бямба гарагт ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ- ХАМАГ МОНГОЛ, ЭВ МОНГОЛ- ХУБИЛАЙ багууд барилдана.
- Хоёр дахь өдөр буюу аравдугаар сарын 26-ны ням гарагт М-СИ-ЭС ЭНЕРЖИ- ОД ГРУПП, АПУ-СКАЙТЕЛ- ХҮЛЭГҮ багууд барилдана.