Бантанг хоол талаас нь харвал хэлбэр хийц, өнгө үзэмж явцгүй ч гэдэс дүүргэх талдаа бол “алтан медаль”-тай гэгддэг. Харин өнөөдөр манайд өрнөж буй улс төрийн “бантан” бол үзэхэд сонирхолтой ч үлдэх улс төр, үзэж суугаа иргэддээ бол асар хортойгоор өрнөж байна. Наад захын жишээ гэвэл бантанг хийхдээ усаа буцалгаад махаа хийнэ гэх мэт тогтсон дараалал бий. Гэтэл Ардын намынхны зуурч буй улс төрийн “бантан”-д хууль ч алга. Дүрэм ч алга.
Ер нь тэр хууль, дүрэм зөрчих явдал бол энүүхэнд. Хэвийн үзэгдэл шахуу болчихлоо. Үндсэн хуулиа хүртэл “бантагнуулж” байгаа улсад ичиж, гутах зүйл ер нь үлдсэнгүй. Дээр нь нэмээд өчигдөрхөн эв эрүүл, сав саруул байсан зарим залуус харамсалтай нь төрсөн эцэг эх нь ч танихгүй болтлоо улстөржиж, ухаан сэхээгээ алдчихлаа. Эндээс яаж эргэж гарах юм бол бүү мэд.
Ямар ч байсан эрх баригчдын зуурсан улс төрийн “бантан”-гийн гороор Монгол төр, Монгол Ардын нам хоёрт хэрүүлгүй сандал гэж байхгүй боллоо. Тэд эхлээд нам дээрээ “бантан” зуурсан. Энэ зуурсан “бантан”-гийн үр дүнд тамгаа аваагүй Д.Амарбаясгалан, тамга нь яваагүй Л.Оюун-Эрдэнэ, тамга авахаар тэмцсэн Г.Занданшатар гэсэн гурван дүр тодорч баахан зодолдсон. Хууль, дүрмээс хамаагүй дээгүүр өрнөсөн уг асуудлыг одоо хүртэл Дээд шүүх шийдээгүй л байна. Бүр Дээд шүүхэд ч материалаа өгөөгүй гэдгийг генсек Я.Содбаатар нь өнгөрсөн долоо хоногт өгүүлж байна лээ. За, ингээд тэдний зуурсан эхний “бантан”-гийн хохирогч нь Ардын намын 300 мянган гишүүд боллоо.
Нэгэнт намаа сайхан “бантагнуулсан” эрх баригчид Монгол төрийг завааруулах дараагийн ажилдаа ханцуй шамлан орох нь тэр. Энэ хоёр дахь “бантан”-гийн хохирогч нь Ардын намын бүлгийн 68 гишүүн байв. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын дүйвээнээр МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ салхилан огцорлоо. Бүлгийн олонх нь түүний огцруулаад, маргааш нь бүлгийн шинэ даргаараа Ж.Батжаргал гишүүнийг томилох нь тэр. Гэвч “дүрмийн дагуу” бусад гишүүд нь Ж.Батжаргалыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж Ж.Бат-Эрдэнэ бүлгийн даргын суудлаа өгөхгүй гэж мэдэгдэв.
Ингээд дахиад нэг хоолой давдаггүй аргуу “бантан” бидний ширээн дээр хүсээгүй захиалгаар бэлэн болох нь тэр. Өнөөдрөөс эхлээд бүлгийн даргын төлөөх тулаан өндрийг авна. Яагаад гэвэл бүлгийн дарга бол УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгоонд маш чухал үүрэгтэй тул хоёр тал “цусаа” гартал тэмцэлдэх нь гарцаагүй тул энэ “бантан” улам бүр жонхуурахаар байна. Харж л байгаарай.
Гурав дахь “бантан” бол УИХ-ын даргын асуудал. Бантагнуулагч тал бүр УИХ-ын даргад өөрсдийн хүмүүсээ нэр дэвшүүлж “хөшиг”-ний ард багагүй зодолдоно. УИХ-ын даргын албан тушаал зүгээр ч нэг хурал зохион байгуулж, хурлын үйл явцыг удирддаг зүйл биш гэдгийг бүх нийтээрээ л харлаа. Ач холбогдол, улс төрийн нөлөөг нь сая мэдэрлээ. Одоо энэ суудлын төлөө дахиад “бантан” зуурах нь гарцаагүй.
Тэгвэл хамгийн сүүлийн заваан “бантан” бол Ерөнхий сайдын асуудал болох төлөвтэй байна. Сая огцордог Ерөнхий сайдыг хэрвээ Цэцээс эргүүлээд “амилуулчихвал” Монголын улс төр жинхэнэ утгаараа “бантан” биш жонхуу болно. Учир нь үүнээс урьтаж тамгатай бөгөөд бүрэн эрх нь хүчинтэй байгаа Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талынхан шинэ Ерөнхий сайдыг тодруулах асар өндөр магадлалтай. Хэрвээ УЗ-өө хуралдуулаад, Бага хурлаа зарлаад дараагийн Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч рүү бариад орчихвол асуудал улам хүндэрч мэдэхээр байна. Яагаад гэвэл хууль, дүрмээрээ Л.Оюун-Эрдэнэд ийм эрх нь бий. Түүний нэр УДШ дээр Монгол Ардын намын дарга гэдгээрээ бүртгэлтэй байгаа юм.
Хэрвээ ийм зүйл болбол хамгийн хортой “бантан” энд л хутгагдах аюултай. Ер нь л Ардын намынхан намаа ч, улс төрийг ч сайхан “бантагнуулж” байна даа.
Г.Лхагвадорж