Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолох санал төсөлд тусгагдсан. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр болжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд
“Нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт өгдөг. Хэрвээ зөрчвөл дараагийн сонгуульд орох боломжгүй болох. Энэ бол олон улсын сайн туршлага юм байна лээ. Энэ заалтыг яагаад хассан юм бэ. Сонгуулийг хамгийн их зардалтай болгодог зүйл ухуулагч нар. Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна. Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчхаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жил ажиллачхаад дахиж сонгогдож 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид нар ямар ийм удирдагчтай болох нийгмийг байгуулж байгаа юм уу. Өмнөх Ерөнхийлөгч найман жил ажилласан. Нэмэх нь зургаан жил гээд 14 жил энэ төрийг удирдах юм уу. Энэ боломжуудыг хааж өгөх ёстой. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ. Үүнийгээ яагаад тодруулж өгөхгүй байгаа юм бэ” гэлээ.