
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа em.hdc.gov.mn линкээр нэвтэрч, шууд харах боломжтой болжээ. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулж чадна гэж албаныхан үзэж байна.
Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 -н эмийн сангийн байшил, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна.
Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгчээ.

Цаашид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээлэл иргэнд ил тод болох аж.