
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өмнөговь аймагт ажиллаж салбарын албан хаагчидтай уулзлаа. Уул уурхайн нөлөөллийн бүс гэдэг утгаараа хүлэмжийн хийн асуудал онцгой анхаарал татаж байгааг дуулгаад, говь нутагт усны асуудалд түлхүү анхаарах нь чухал болохыг Б.Батбаатар сайд уулзалтын эхэнд онцоллоо.
МУ-ын хэмжээнд 700 орчим булаг, шанд, гол горхи ширгэж устсан. Тиймээс бодлогын шийдвэрүүдийг тасралтгүй гаргах зайлшгүй шаардлага үүссэн хэмээв. Тэрбээр усны асуудал бол зөвхөн Монгол улсын асуудал бус даян дэлхийн өмнө тулгарч буй сорилт болж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох асуудал 6 орчим жил МУ-ын ЗГ-аар огт хэлэлцэгдээгүй орхигдож байсныг ЗГ-ын хурлаар оруулж батлуулсныг дуулгаад, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, ойн тухай хууль гэхчлэн салбарын 10 орчим хуулийг шинэчлэн сайжруулж, эрх зүйн чадамжийг бэхжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг дуулгалаа. Мөн салбарын албан хаагчдын хувьд дутагдалтай олон асуудал байна. Тухайлбал байгаль хамгаалагчдын ажлын нөхцөл, хүртээмж, нийгмийн байдал, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хангамж учир дутагдалтай, цаг уурын байгууллагын албан хаагчид таван жилийн нэмэгдэл авдаггүй цорын ганц салбар гэхчлэн бодлогын дэмжлэг шаардлагатай олон асуудалд анхаарч байгаагаа хэллээ.
САЛБАРЫН АЛБАН ХААГЧИД ТУЛГАМДСАН АСУУДЛАА ТАНИЛЦУУЛАВ

Харин салбарын албан хаагчдын хувьд Өмнөговь аймаг уул уурхайн нөлөөллийн бүс учраас бэлчээр нутаг талхлагдахаас авахуулаад ан амьтдын нүүдэллэх орчин хумигдаж, бүс нутгийн хэмжээнд агаар, орчны бохирдол тулгамдсан асуудал болсоор байгааг онцлов.
Өмнөговь аймаг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа ч байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээс дийлэнх тохиолдолд хасагддаг байна. Мөн Тост тосон бумын нурууны байгалийн нөөц газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгаас орох орлогын тодорхой хувь хэмжээг орон нутагт нь буцаан зарцуулах чиглэлд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг хамгаалалтын захиргааны удирдлагууд сайдад дуулгалаа. Мөн байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмших хандлага эрс буурсан, нэг байгаль хамгаалагчийн хариуцаж ажиллах газар нутгийн хэмжээ хэт том, ажил үүргээ гүйцэтгэх хангамж, техник хэрэгсэл дутмаг зэрэг тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.
Өмнөговьчуудын хувьд Говийг усжуулах зорилготой ЗГ-аас зарласан Орхон-Онги төсөл ихээхэн хүлээлт үүсгэжээ

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайгаас үүдэлтэй тоосжилтыг дарах, бэлчээр талхлагдалтыг бууруулах зорилгоор 2028 он гэхэд бүх сумдаа хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгааг аймгийн засаг дарга Н.Энхбат онцлов. Түүнчлэн аймгийн шинэ суурьшлын бүсийг дагаад томоохон бүтээн байгуулалт хийгдэж, ногоон байгууламжид түлхүү анхаарч байна. Орон нутгийн онцлогт тохирсон тоорой, заг, сухай модны ойжуулалтын ажил ч идэвхитэй өрнөж байгааг дуулгалаа.
Говийн иргэдийг цаг агаарын мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллаж байгаа Өмнөговийн цаг уурын төв 1936 онд байгуулагдаж, өдгөө нийт 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өөрийн гэсэн бие даасан нэг давхар барилга 1956 онд ашиглалтад орсон ч ашиглалтын шаардлага хангахгүйд хүрч 2024 оноос шинэ барилгын ажил эхэлжээ. Барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ирэх оны хоёрдугаар улирал гэхэд ашиглалтад орох гэнэ.
Цаг уурын байгууллага жил бүр аймгийн хэмжээнд бэлчээрийн даацыг тодорхойлж, малчид ард иргэдийг мэдээллээр хангаж байна. Аймагт энэ жил 80% зуншлага сайн, 20% тааруу зуншлагатай гэж тодорхойлжээ. Сайдад уламжлах гол асуудал нь ирэх онд шинэ барилга ашиглалтад орохтой зэрэгцээд ЗГ-ын цомхотголоор хасагдсан галчийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Мөн төсвийн хүндрэлтэй холбоотойгоор нийгмийн даатгалд 220 орчим сая төгрөгийн өр үүсчээ.
Түүнчлэн албан хаагчдын нийгмийн дэмжлэг болсон таван жилийн нэмэгдэл авдаггүй ганц салбар нь цаг уурын байгууллагын албан хаагчид учраас үүнд анхаарч өгөхийг хүссэн юм.
