
Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар ирэх 11-р сарын 7-нд АНУ-ын Флорида мужид мэргэжлийн боксын 14 дэх тулаанаа хийхээр болсон.
Энэ удаагийн тулаанд Цэндбаатарын эсрэг Мексикийн шилдэг боксчдын нэг Брэндон Леон Бенитез хүч үзэх юм.
өдгөө 27 настай, 170 см өндөр, 173 см гарын алдтай Бенитез нь 2014 онд мэргэжлийн рингэнд гарч ирсэн бөгөөд нийт 25 тулаан хийснээс 21-д нь ялалт байгуулж, түүнийхээ есийг нь хүнд цохилтоор дуусгасан туршлагатай тулаанч юм.
Гэсэн ч түүний сүүлийн үеийн форм бага зэрэг муудаад байгаа бөгөөд хоёр дараалан ялагдал хүлээгээд байна.
Харин Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын карьертаа одоогоор 13 тулаан хийж, нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа.
Энэ тулаан нь Цэндбаатарын хувьд карьераа ахиулах, дэлхийн аваргын бүсийн төлөөх замд нэг алхам ойртох чухал сорил болох юм.