Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох гэж буй талаараа мэдэгдсэн.
Учир нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хэрэгт нэр холбогдсон тул итгэл алдарсан гэдгээ онцлоод, нүүрсний хулгайн хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж байна гэж мэдэгдсэн юм.
Харин энэхүү асуудлыг УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй, хэлэлцэх асуудлуудын дараалалд оруулаагүй байсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоохдоо, баасан гарагийн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах асуудлыг хэлэлцүүлэхээр товлосон байна.