
Монголд хоёр ихэр багш нэг сургуульд зэрэгцэн ажиллаж байгаа тохиолдол ховор. Тэгвэл ЕБС-ын “Логарифм” сургуулийн бага ангийн багш Б.Сэлэнгэмаа, Б.Солонгомаа нар хоёр ихэр төдийгүй нэг мэргэжил эзэмшиж, нэг сургуульд мөр зэрэгцэн ажиллаж буйгаараа онцлог. Тэднийг багш нарын баярын дугаартаа урьж, ярилцлаа.
-Ихрүүд адилхан мэргэжил эзэмшээд хамтдаа ажиллаж байгаа тохиололтой өмнө нь таарч байгаагүй юм байна. Яагаад гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
Б.Сэлэнгэмаа: Миний хувьд багаасаа л багш болох мөрөөдөлтэй байсан учраас ямар ч эргэлзээгүйгээр энэ мэргэжлийг сонгосон. Манай ихрийн тухайд өөр нөхцөл байдалд байсан.
Б.Солонгомаа: Хоёулаа нэг сургуульд сурна гэж анхнаасаа бодож байгаагүй. Би өөр сургуульд бүртгүүлчихсэн байсан. Гэтэл гэрийнхэн маань заавал багш болгоно гэсэн учраас гэрийнхнийхээ сонголтыг хүндэтгээд багш болсон. Эхэндээ жаахан дургүй байсан ч одоо бол мэргэжилдээ дуртай. Ер нь хоёр ихэр бага ангийн багш бид хоёроос өөр бараг байхгүй байх гэж бодож байна.
-Та 2 хэдэн жил бага ангийн багшаар ажиллаж байна вэ. Анхнаасаа нэг сургуульд хамт ажиллах эхэлсэн үү?
Б.Сэлэнгэмаа: Миний хувьд "Логарифм" сургуульдаа 15 дахь жилдээ ажиллаж байна. Их сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа энэ сургуулиасаа эхэлсэн. Ихэртэйгээ арван жил, их сургууль гээд нэг ширээнд суусаар ирсэн. Харин ажил мэргэжлээ эзэмшээд таван жилийн дараа нэг газар ажиллаж эхэлсэн.
Б.Солонгомаа: Бага ангийг багш мэргэжлээр ажиллаад 15 жил болж байна. Хувь тавилангаар ч юм уу бид хоёр арван жилдээ нэг анги, их сургуульдаа нэг анги байсан. Би сургуулиа төгсөөд 5 жилийн өмнө хөдөө орон нутагт ажиллаж байсан. Энэ сургуульд ихэртэйгээ уулзах гэж ирээд л ажилд орчихсон. Хамтдаа ажиллаад 10 жил болж байна.
-Ихрүүд адилхан мэргэжилтэй байх, нэг ажлын байранд хамт ажиллах нь ямар давуу талтай вэ. Бие биедээ дэм, тустай байхаас эхлээд амар байдаг болов уу?
Б.Сэлэнгэмаа: Бага ангийн багшийн мэргэжил хүнээс эрч хүч зориг, тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Тэр утгаараа нэг нэгэндээ маш их дэм, түшиг болж явдаг учраас хамгийн том давуу тал болдог. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал нэгнээсээ асууна. Ямар нэгэн асуудлыг хамтдаа шийднэ гээд давуу тал их бий шүү.
Б.Солонгомаа: Миний хувьд ч ялгаагүй. Ганцаараа байснаас хоёулаа байсан нь илүү давуу талтай. Хамгийн чухал нь бие биедээ дэмтэй нэгнийгээ ойлгодог учраас яг л нэг хүн шиг санагддаг.

-Та хоёр хувь хүнийхээ хувьд зан ааш, амьдралын хэв маяг гээд хэр өөр вэ?
Б.Сэлэнгэмаа Бид хоёр хувь хүн талаасаа тэс өөр хүмүүс. Нэг үгээр хэлбэл манай ихэр намайг бодвол зөөлхөн зан ааштай, цагаахан хүн. Харин би зөөлхөн боловч түргэн зантай, аливаа юмыг дуусгаж байж ард нь гардаг зантай болохоор ихрээсээ арай өөр. Тэр зангаараа бид хоёр ялгардаг юм болов уу.
Б.Солонгомаа: Нэг нь их дөлгөөхөн. Нэг нь бага зэрэг ширүүн ааштай ч гэж хүмүүс хэлдэг. Санал нэг байдаг шүү.
-Та хоёрыг хүмүүс хэр андуурдаг вэ?
Б.Солонгомаа: Бага байхад хувцас, үс гээд бүх зүйл ижилхэн байхад андуурах тохиолдол их байсан. Одоо бол үсний засалт, хувцаслалт гээд өөр зүйл олон болохоор харьцангүй гайгүй.
-Ихэр бага ангийн багш нэг сургуульд хамтдаа ажиллаж байна гэхээр хүмүүс яаж хүлээж авдаг вэ?
Б.Сэлэнгэмаа: Хүмүүст маш сонирхолтой санагддаг байх. "Тийм үү, Ямар сонин юм бэ, хоёулаа нэг газар ажилладаг юм уу" гэсэн харцаар хүлээж авдаг. Сурагчид маань бид хоёрыг төвөггүй ялгадаг ч зарим эцэг, эхчүүд андуураад байдаг юм. Ихрийн маань ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд таарахаараа "Өнөөдөр ямар даалгавар өгсөн бэ" гэж асуух жишээний.
-Б.Солонгомаа багшийн тухайд багш мэргэжилд анхнаасаа дуртай байгаагүй гэсэн .Энэ мэргэжилдээ дурласан шалтгаан нь юу байсан юм бол?
Б.Солонгомаа: Дурласан шалтгаан маань хүүхдүүд. Тэр хөөрхөн цагаахан, гэгээхэн хүүхдүүдэд эрдэм ном зааж өгч, эрдмийн замыг нь эхлүүлж байгаа болохоор өдөр ирэх тусам улам илүү дурлаж, ажилдаа дуртай болсон.

-Б.Сэлэнгэмаа багшаас асууя. Та яагаад багш мэргэжлийг сонгосон бэ. Энэ мэргэжлийн сайхан зүйл нь юу вэ?
Б.Сэлэнгэмаа: Бага насны хүүхдүүдийн зан төлөв, хүмүүжил гээд бүх зүйлд нь анхаарч амьдралд бэлддэг учраас багш болохыг багаасаа хүссэн. Тэр зорилгынхоо төлөө тэмүүлж, хүссээр багш мэргэжлийг сонгосон. Хүүхэд гэдэг хамгийн гэгээлэг ертөнц. Яг л цагаан цаас шиг. Дэлхийд монголынхоо нэрийг гаргасан мундаг шавь нарыг бэлтгэх нь миний мөрөөдөл.

-Энэ үсний өнгө гэх мэтийг андуурагдахгүйн тулд өөр байлгая гэж бодсон уу. Эсвэл өөр өөрсдийн хүсэл сонирхлоор ийм болгосон уу?
Б.Солонгомаа: Бага байхад бол яг л хувилаад тавьчихсан юм шиг л адилхан байдаг байсан. Одоо бол ижилхэн болгоё гэж боддоггүй. Хүмүүс л тийм асуулт их асуудаг байсан. Бид хоёрын тухайд өөрсдийнхөө хүсэл сонирхлоор явж байгаа.
-Ихэр гэхээр хүүхдүүдэд их сонин байдаг-
-Томчуудад сонин байгаа шиг та хоёрын шавь нарт бас сонирхолтой байдаг байх. Шавь нараас нь сониуч асуулт ирдэг үү?
Б. Солонгомаа: Хүүхдүүдэд бүр илүү сонирхолтой. “Би очиж харчхаад ирье, та сая доод давхарт явж байсан биз дээ, та 2 ямар адилхан юм бэ” гээд л. Зарим сурагч “Манай багш ихэр” гэж найзууддаа, гэр бүлийнхэндээ сонирхуулж, бахархаж ярьдаг юм байна лээ.
Б.Сэлэнгэмаа: Тийм шүү хүүхдүүдэд их сонирхолтой. Эхэндээ хүүхдүүд мэддэггүй. Харин манай ихэр манай ангид орж ирэхээр “Хөөх ямар ижилхэн юм бэ. Мөн байна. Ихэр гэж хэлсэн биз дээ, ээж аав асуусан” гээд л хоорондоо яриад эхэлдэг. Өнгөрсөн жил би нэгдүгээр ангитай байхдаа жирэмсэн байсан болохоор өвдөөд эмнэлэгт хэвтсэн хойгуур ихэр маань манай ангид долоо хоног хичээл заасан. Тэгэхэд манай ихрийг “Багшаа тантай яг ижилхэн юм болов уу гэж бодсон чинь өөр байсан. Царай нь адилхан боловч зан ааш өөр юм байна” гэж байсан. Намар хүүхдүүдээ тараагаад гадаа сууж байсан чинь нэг сурагчийн аав “Та чинь хоёр юм байна лээ шүү дээ” гэж асуусан. Би юу гэсэн үг билээ ойлгодоггүй гэсэн чинь “Хоёр юм байна лээ хоёр явж байна лээ” гээд л гайхаад байсан. Би тоглоод “Тийм байна уу. Сүнс нь явж байсан юм болов уу” гэсэн чинь. "Үгүй ээ та ихэр юм байна лээ” гэж билээ. Энэ мэтчилэн сонирхсон, гайхсан асуулт их ирдэг.
-Бидний ярилцлага багш нарын баяраар цацагдах учраас нийт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
Б.Солонгомаа: Нийт багш нартаа болон Логарифм сургуулийн хамт олондоо, өмнө нь ажиллаж байсан сургуулийн хамт олондоо багш нарийн баярын мэнд хүргэе.
Б.Сэлэнгэмаа: Мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх багш нартаа болон үлгэр дууриалал болдог ахмад багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. Мөн Логарифм сургуулийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байдаг шүү гэж онцолж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.