Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрдэнбатын асуудлаар АН-ын бүлэг дугарлаа, МАН-ын бүлэг таг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 1 секунд

 

Олон улсын парламентын хороо УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатыг хууль бусаар цагдан хорьсон асуудалд хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Н.Энхболд мэдээлэв. Үнэхээр Ж.Эрдэнбатыг цагдан хорьсон, шийдвэрлэсэн процесс манай хууль шүүхийн байдал хэрхэн улс төрждөг, шударга бусаар шийдэж, хонгилоор хүнийг чирдэгийг дэлхий дахинд харуулж байна. Олон улсын парламентын хорооныхон үүнийг шалгавал манай “шударга ёс” шалгалтанд унана. Хууль шүүхийн нэр хүнд шалаар нэг болно. Хууль шүүхэд итгэх иргэдийн итгэл бүрэн алдарна. Учир нь Ж.Эрдэнбатыг цагдан хорьсон, шүүхээр ялласан нь анхнаасаа хууль бус, мордохын хазгай байсан. Нэгд, түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад нь УИХ-аар оруулж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй шууд цагдан хорьсон. Монголын парламентын түүхэнд ийм үйл явдал болж байгаагүй. Ганцхан Ж.Эрдэнбатыг бүрэн эрхтэй байхад нь цагдан хорьсон. Ингээд Ж.Эрдэнбат халдашгүй эрхтэй хоригдсон анхны УИХ-ын гишүүн болсон. Хоёрт: Төрийн хамгаалалтад байхад нь цагдан хорьсон. Гуравт: УИХ-д нэр дэвших эрхээ авчихсан сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг хэрэгт холбогдсон гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хорих хуультай. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорьсон. Дөрөвт: түүнд өөрийгөө өмгөөлөх эрх олгоогүй. Өмгөөлөгчгүй ялласан. Энэ бүхэн Ж.Эрдэнбатыг улс төрийн хоригдол гэсэн нэр зүүхэд хүргээд байна. Тэр ямар ч хэрэг үйлдсэн байж болно. Гагцхүү хуулийн дагуу асуудлыг УИХ-аар нь оруулаад шийдэх ёстой байсан. Тийм ямар ч процесс хийгээгүй. Энэ нь түүнийг яаран сандран хорих улс төрийн зорилго байсныг гэрчилнэ. Ж.Эрдэнэбатыг буруутгаад байгаа асуудал нь давуу байдал олгосон байж магадгүй гэдэг хардлага. Хардлагаар хүнийг яллаж байхад алга ташин таашаал авч байгаа хүмүүс өөрсдийгөө оронд нь тавьж үзэх хэрэгтэй.

Сонирхолтой нь олон сар чимээгүй байсан АН-ын бүлэг олон улсын парламентын холбоо Ж.Эрдэнэбатыг улс төрийн зорилгоор цагдан хорьсон гэдэг асуудлыг сөхөөд ирэхээр яаран мэдэгдэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг цагдан хорьсон асуудалд ардчилсан зарчмаа баримтлах нь зүйтэй гэсэн үзэлтэй байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар тухайн нэр дэвшигчийг хорьсон нь буруу гэдгийг албан ёсоор хэлмээр байна. УИХ-ын гишүүн нь хуулиараа дархан эрхтэй, халдашгүй байдалтай. Үүнийг хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Хэлэлцээгүй шийдсэн нь буруу. Халдашгүй байдлын дэд хороогоор  хэлэлцэх ёстой. Олонхийн бүлэг байр сууриа илэрхийлэх ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Ганибал: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатыг цагдан хорьсон асуудал дээр АН ардчиллын үнэт зүйл, сонгуулийн хуулийг барьж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Ж.Эрдэнбатыг хорьсон нь буруу шийдвэр байсан. Үүнийг АН-ын гишүүд, бүлгийн зүгээс илэрхийлж ирсэн. Энэ асуудал дээр Олон улсын парламентын холбоо байр сууриа илэрхийлэх нь зөв” хэмээн тайлбар хийв. Хамгийн сонирхолтой нь Ж.Эрдэнэбатын өөрийнх нь МАН-ын бүлэгийг байр сууриа илэрхийлэхийг шаардав. Улс төрийн шийдлийн хувьд энэ маш зөв санаачилга юм.

Ингэхэд МАН-ын бүлэг яагаад чимээгүй байна вэ? Ж.Эрдэнэбат энэ намаас Ерөнхий сайд болсон. Энэ намын нэг аймгийн дарга байсан. Залуучуудын холбооных нь идэвхитэй гишүүн байсан. Ийм хүнээ хууль бусаар цагдан хориулчихаад байхад яагаад чимээгүй байна вэ? МАН угаасаа ч ийм асуудалд чимээгүй байсаар нэг нэгээрээ хуулийн хаалга татаад л байгаа. С.Баяр гэдэг даргаа ял явахад нэг ч гишүүн дуугараагүй. Нэг ч мэдэгдэл хийгээгүй. Бусад гишүүдээ ч хууль бусаар шалихгүй асуудлаар хоригдоход бас л чимээгүй байсан. М.Энхсайхан гэх мэт улс төрийн олон хоригдол ял авахад дахиад ч чимээгүй байсан. М.Энхболд, Сү.Батболд гээд олон дарга нарыг нь гүтгэж байхад бас л чимээгүй. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг ч яллах асуудал яригдахад ус залигсан юм шиг чимээгүй. МАН-ын УИХ-ын гишүүдийн энэ арчаагүй байдал юунд хүргэх вэ? Нэг нэгээрээ самар шиг чөмүүлсээр байгаад өөрсдийнх нь ээлж ирэхэд өмгөөлөх хүнгүй болчихсон байх вий дээ? Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг яриа Монголын нийгэмд газар авлаа. Эрх барьж байгаа МАН-ын бүлэг илэрхий иймэрхүү асуудалд бүлэх залигсан юм шиг чимээгүй байгаа нь гутамшигтай. Тийм учраас л УИХ-ын гишүүн Д.Ганбатаар “олонхийн бүлэг байр сууриа илэрхийлэх ёстой” гэж хэлүүлж, шахуулж байгаа даа ичихгүй байна уу? Энэ намынханд хүний эрхийн талаар хичээл заах хэрэгтэй болоод удаж байна даа. 

О.Цагариг

2020 ОНЫ ШИЛДЭГ  ЭНТРЕПРЕНЕРИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
2020 ОНЫ ШИЛДЭГ ЭНТРЕПРЕНЕРИЙГ НЭРЛЭНЭ ҮҮ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.