
UBN сайт “ТҮҮНИЙ ТУХАЙ” булангийнхаа энэ удаагийн дугаарт онлайн бизнес эрхлэгч Н.Балжмааг урьж ярилцлаа. “Оюутан байхаасаа онлайн бизнест хөл тавьж, өнөөдрийг хүртэл 10 гаруй жил өдөр бүр лайв хийж, бараа бүтээгдэхүүн борлуулсан” хэмээн нүүр бардам ярьж суух энэ бүсгүй “Бараа зараад баяжсан хүүхэн. Баян, хөгшин Хятад нөхөртэй” гэх мэт тааламжгүй үгстэй өдөр бүр нүүр тулдаг ч өөрийг нь хайрлаж дэмждэг хүмүүсийн урам итгэлээр өөрийгөө хурцалж, илүү их хичээх ёстой хэмээн сэтгэж, урагшилдаг хэмээн онцоллоо.
-Хоёулаа анх онлайн бизнест хөл тавьсан үеийг эргэн дурсаад ярилцлагаа эхэлье?
-Би тухайн үед хуульч болохоор МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалаврт сурч байсан юм. Тэр үед нөхөртэйгөө танилцсан. Хорь дөнгөж гарч байгаа хосууд хоёр талаасаа нийлээд амьдралаа босгоод үр хүүхэдтэй болоод хадам аав ээжийнхээ хажуу өрөөнд амьдардаг байлаа. Тухайн үед нөхөр маань ганцаараа ажил хийдэг байсан. Миний хувьд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хичээлийнхээ хажуугаар ямар нэгэн юм хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ер нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа л том хүн болдог шүү дээ. Юу хийж болох уу гэж удаан бодсны эцэст онлайнаар захиалга авч, бараа зарах шийдвэрийг гаргасан. Хамгийн анх хөмсөгний долоо хоног арилдаггүй будаг, өвдөг давсан түрийтэй шоуны гутал гээд нэг хэсэг монголчууд бүгдээрээ өмссөн тэрийг монголд оруулж ирж байлаа. Яг тэр бүтээгдэхүүнүүдээр бизнесийн гараагаа эхэлсэн. Бизнес эрхлэх гэж байгаа хүнд анхны босго хөрөнгө оруулалт байх ёстой гэж хүмүүс боддог. Би чинь хуулийн чиглэлээр сурдаг оюутан. Ямар ч бизнесийн арга ухаан байхгүй. Их хэмжээгээр бараа татах мөнгө ё байгаагүй. Ёстой л арван мянган төгрөгтэй бизнесээ эхлүүлж байлаа.
-Та тэгэхээр мэргэжлээрээ огт ажиллаагүй гэсэн үг үү?
-Тийм. Манай гэрийнхэн намайг мундаг хуульч, шүүгч болно гэж бодоод “Чи л яг манай гэрийн нэрийг гаргана шүү” гэж их ярьдаг байсан. Гэвч би тэр замаар нь яваагүй. Одоо ч зарим хүмүүс “Олон их сургуульд сурсан. Хуульч, хэл шинжээч мэргэжилтэй байж яагаад наймаачин болчихсон юм бэ” гэж асуудаг. Би ганцхан хариулт хэлдэг. “Яагаад болохгүй гэж. Хүн дуртай, сонирхолтой зүйлээ чанартай хийх юм бол ямар ч ажил хийгээд ямар ч амжилтад хүрч болно. Монголд дээд боловсрол илүүдсэн үү гэхээс дутаагүй. Харин улс орноо босгох ЖДҮ-чид бизнес эрхлэгчид манай улсад маш их хэрэгтэй байгаа” гэж хариулдаг.
-Санал нэг байна. Таныг өөрийнхөө дуртай зүйлийг тултал нь хийж, өнөөдрийг бүтээсэн гэж боддог. ‘’People Awards’’-ийн оны “Онцлох онлайн бизнес эрхлэгч”-ээр хоёр ч удаа шалгарсан тань үүнийг батлах нэг баталгаа юм болов уу?
-Энэ шагналыг хоёр дахь удаагаа авахад жаахан айсан. Нийгмийн зүгээс ямар хандлагатай байх бол гэж бодсон. Яг шагнал авсны дараа цахим орчинд цацагдаад эхэлсэн чинь намайг дагадаг болон онлайнаар худалдан авалт хийдэг хүмүүсийн зүгээс “Нүдээ олсон шагнал байлаа” гэсэн сэтгэгдлүүд ихээр ирсэн. Нээрээ л нүдээ олсон шагнал юм болов уу даа гэх бодол төрж маш их баярласан. Миний хувьд онлайн бизнесийг Монголд хөгжүүлэхийн төлөө амьдралынхаа арав гаруй жилийг зарцуулсан хүн гэж өөртөө итгэлтэйгээр хэлдэг. Би өөрөө сургалт явуулдаг. Үүнийхээ үр дүнд энэхүү шагналыг авсан юм болов уу гэж бодож байгаа.
-Та яагаад сургалт явуулахаар шийдсэн юм бэ?
-Намайг анх арав гаруй жилийн өмнө лайв хийгээд бараа бүтээгдэхүүн танилцуулаад онлайн шоп гээд гарч ирж байхад Монголд онлайн шоп гэдэг төдийлөн хөгжөөгүй, ер нь бараг байгаагүй. Онлайнаар бараа бүтээгдэхүүн зарна худалдаж авна гэдэг ойлголт ч байгаагүй. Одоо эргээд харахад онлайн шопууд бий болохоос гадна үндэсний үйлдвэрлэгчид маань, том бизнес эрхлэгчид маань ч бүх салбарт өөрсдийн онлайн дэлгүүртэй болчихсон байна. Бизнес эрхэлдэг л бол тухайн газарт онлайн салбар байх ёстой тэгж байж бизнес нь хөгждөг борлуулалт нь илүү хүнд хүрдэг болчихсон. Бид энэ хэмжээнд ирэхийн тулд маш олон зүйлийг тууллаа. Миний хувьд онлайн бизнес эрхлэх боломжтой юм байна, бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр хэрэглэгчдэд найдвартайгаар хүргэх арга байгаа шүү гэдгийг мөн ашиг олох боломжтойг өөрийн биеэр сурч, мэдэж, туулж, хэрэгжүүлээд амжилтад хүрснийхээ дараа, дараагийн бизнес эрхлэгч нараа гаргахад зориулж сургалт явуулдаг.
Зарим хүмүүс өөрийн туршлага, сурч мэдсэн зүйлээ хэрхэн амжилтад хүрсэн талаараа хүмүүст хэлэхгүй ганцаараа нэг замаар явахыг илүүд үздэг. Тэгэхээр миний хувьд энийг олон нийтэд таниулах хэрэгтэй юм болов уу гээд сургалтаа хийж эхэлсэн.
-Сүүлд өөрийгөө “багш” гэлээ гээд багагүй шүүмжлэлд өртөж байгаа харагдсан?
-Би ерөөсөө тоохгүй байгаа. Миний явуулж байгаа сургалтад суугаад өөрийн гэсэн байр суурьтай жижиг гэлтгүй бизнестэй болоод хөл дээрээ зогсож байгаа олон шавь нар маань байна. Тэгэхээр миний хувьд бусдад боломжийг нь олгоход тэрийг зөвөөр ашиглаад амьдралаа “орвонгоор” нь өөрчилсөн хүмүүс байгаад надад баярласан сэтгэлээ илэрхийлэхэд л надад хангалттай. Тэрнээс биш багш гэж магтуулах шаардлага надад байхгүй. Хүн намайг юу гэж дуудах нь тэр хүний л сонголт байх.
-Та өнөөдөр хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ. Монголд онлайн бизнес эрхлэхэд орчин нь хэр байдаг бол?
-Одоогийн байдлаар бол арав гаруй хүн хүнийг ажлын байраар хангаад цалинжуулаад явж байна. Мэдээж бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйлүүд их. Ажилчдын цалин хөлс мөн нийгмийн даатгал, нөат, татвар, түрээс, тог цахилгаан гээд маш олон зардал гардаг. Бараагаа зараад орж ирсэн мөнгө бол шууд ашиг болохгүй. Зарим үед бараагаа хямдруулахаар ямар ч ашиггүйгээр ажиллах хэрэгтэй болно гээд хэцүү зүйлүүд байлгүй яах вэ.
-Онлайн бизнес эрхлэхийн давуу болон сул тал нь юу байдаг вэ?
-Онлайн бизнесийн давуу тал нь чи өөрөө үнэхээр үнэнч байгаад чамд найдвартай хэрэглэгчид байх юм бол бараа бүтээгдэхүүнээ захиалагчдынхаа хөрөнгө оруулж байгаа мөнгөөр татаад өөрөө багахан хэмжээний ашиг олоод цаашаа өсөх боломжтой байдаг. Энэ нь бас нэг давуу тал байдаг. Энийг олж харж анх энэ салбар руу зориглож орсон. Хэцүү зүйл нь гэвэл хүмүүсийн захиалгыг авчхаад гар дээр нь хүргэж өгөх хүртэл их зүйл болно. Жишээ нь, нэг машин дүүрэн бараа маань шатсан. Тэгэхээр бид хүмүүстээ ямар нэгэн байдлаар барааг нь аль эсвэл мөнгийг нь өгөх хэрэгтэй болно. Таны бараа шатчихсан гээд сууж байж болохгүй шүү дээ. Зарим үед их хэмжээний алдагдал орно.
-Онлайн бизнес нэлээд хөгжиж байна. Хүн болгон шахуу бараа оруулж ирээд лайв хийгээд зарчихъя гэдэг болчихсон байна. Энэ яг зөв үү. Таны хувьд юу гэж харж байна.
-Миний хувьд бол онлайн бизнес дунд үедээ явж байна гэж бодоод байгаа. Хятадын онлайн худалдаа бол эхлээд хятад дотроо бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас эхэлсэн байдаг. Цаашлаад гадаадын улс орнууд руу бараа бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Түүнийгээ дагаад онлайн платформууд нь улам илүү хөгжиж байгаа. Манай монголд ч гэсэн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг олон аппликейшин гарч ирсэн үү гэвэл гарч ирсэн тэгэхээр бид дараагийн хөгжил рүүгээ орох ёстой болоод байна. Монголдоо үйлдвэрлээд байгаа бараа бүтээгдэхүүнээ платформууд дээрээ тавиад дэлхийд рекламдаад сурталчилбал боломж бид нарт байгаа.
-Онлайн бизнес эрхлээд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой юу?
-Мэдээж боломжтой. Гол нь онлайн бизнес эхлүүлэх гэж байгаа бол гол нь тууштай, хөдөлмөрч, шантрахгүй, залхуурахгүй байх ёстой. Амжилттай яваа хүмүүс бусдаас гоц ухаантай, гайхамшигтай мундаг хүмүүс болоод амжилттай яваад байгаа юм биш л дээ. Тасралтгүй хичээнгүй байсны үр дүн. Тэгэхээр хүн бүрт амжилтад хүрэх боломж байгаа.
-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан уу?
-Өөрийнхөө хэрэглээнээс даваад өөр бусад зүйлд санаа зовж, туслах талаар бодож эхэлсэн гэхээр тодорхой хэмжээнд хүрч чадсан болов уу гэж бодож байна. Би эзэнгүй гудамжинд гарсан амьтдад зориулж асрамжийн газар нээхээр төлөвлөчихсөн байгаа. Нэг өдөр манай гэрийн гадаа өлсгөлөн, ядарсан муур ирсэн. Би хооллож, ундлаад гэртээ байлгасан юм. Гэтэл тэр маань хээлтэй муур байж таарсан. Одоо зулзагалчихсан дөрвөн хөөрхөн зулзагатай болчихсон байгаа. Тэрнээс хойш яагаад ч юм өвдчихсөн, өлсчихсөн амьтдад зориулж асрамжийн газар нээх талаар бодсон. Одоо манай гэрт зургаан муур амьдардаг, гэрийн гадна хоёр муур байдаг. Нийт найман мууртай болчихсон. Сүүлд би Турк явчхаад ирсэн. Тэнд эзэнгүй нохой, мууранд улсаас нь спай (үржил зогсоох мэс засал) хийчихдэг юм байна лээ. Ингэснээр тэд дахин үржилд орохгүй, хүн рүү дайрахгүй, тайван амьдарч байгаад байгалийн жамаараа нас бардаг. Тиймээс Монголд ч гэсэн зовж байгаа амьтдад зориулж, асрамжийн газар нээчихвэл хэдэн амьтадад ч болов тустай юм болов уу гэж бодсон. Хэдийгээр энэ ажил их хөрөнгө шаардах ч, би өөрийн боломжийн хэрээр реклам, хамтран ажиллах саналуудаас олсон орлогоо хуримтлуулж, энэ зорилгынхоо төлөө цуглуулж эхэлсэн.

-Таны ажил, амьдрал бүхий л зүйл олон нийтийн сүлжээнд ил байдаг. Энэ нь юугаараа сайхан бас юугаараа хэцүү вэ?
-Олны нүдэнд ил байхын хэцүү. Зүс царай, өмссөн зүүсэн, байгаа байдал тэр хүний оюун санаа бодлыг хүртэл хүмүүс шүүмжилдэг. Яг өөрсдийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэх гээд байдаг. Гэтэл Н.Балжмаа гэдэг хүн чинь гурван хүүхдийн ээж бусад ээжүүдтэйгээ л адил хүүхдүүдийнхээ төлөө хичээж яваа эмэгтэй хүн. Манай монголчууд гоё сайхан өнгөтэй мөнгөтэй байхад хэтэрхий автчихсан санагдаад байгаа. Хүн бүрийг адилхан “хүн” гэдэг өнцгөөс нь илүү харах ёстой юм болов уу. Мэдээж сайхан зүйлс олон байгаа.
-Ер нь сошиал дээрх сөрөг сэтгэгдэлд хэр “дархлаатай” болсон бэ?
-Сөрөг сэтгэгдлүүдийг тоохгүй дээ гэж боддог хэр нь л хошуугаа унжуулаад нөхөр дээрээ очдог хүн шүү дээ. Илт гүтгэлэг маягийн сэтгэгдлүүд маш их байдаг. Сүүлд намайг На овогт Хятад гэж нэг хэсэг шуурсан. Тухайн үед би асгартлаа уйлсан. Яагаад гэхээр манай аав чинь намайг бүр жаахан байхад өнгөрчихсөн. Миний аав буриад хүн байдаг. Аавынхаа нэрийг гаргаж хүнд доромжлуулна гэдэг хамгийн муухай байдаг юм байна билээ. Аавтайгаа энэ хүртэл хамт байж чадаагүй ч гэсэн хүүхэд байхад аав маань намайг маш их хайрладаг байсан. Миний аавыг аймаг сумынхан нь бүгд мэднэ Бүлтэн Зоригоо гээд буриад сайхан залуу байсан.
Намайг Нармандахын Балжмаа гэдэг. Аав маань цэрэгт явсан хойно би төрсөн учир төрсний гэрчилгээн дээр ээжээрээ овоглодог. Ямар ч хүний хувьд эцэг эхийнхээ нэрийг сайнаар дурсгаж явна гэдэг бахархал. Гэтэл зүгээр л нэг юу ч мэдэхгүй хүнээр эцэг эхийнхээ нэрийг элдэв янзаар доромжлуулна гэдэг үнэхээр гомдмоор яагаад гэж бодогдмоор зүйл байдаг юм байна билээ.
Энэ боломжийг ашиглаад эерэг уриалга гаргая гэж бодож байна сүүлийн үед манай улсад нэг зүйл хэрээс хэтэрч байна. Бусдыг элдэв бусаар гүтгэх, доромжлох цахим орчинд бусдыг янз бүрээр бичих гээд энэ бол байж боломгүй зүйл. Олон дагагчтай хүмүүсээс суралцах биш харин ч яаж доош нь дарах уу гэдэг хандлага их байна. Тиймээс бүгдээрээ бие биедээ урам өгдөг нэгнийгээ дэмждэг, хайрладаг нийгмийг бүтээцгээе. Бидний үр хүүхэд үлдэнэ тиймээс бид ийм муухай нийгмийг үлдээж болохгүй.
-Хөгшин баян Хятад хүнтэй суусан гэсэн яриа бас гарч байсан санагдаж байна?
-Манай нөхрийг Бээжин гэдэг нэртэй Хятад болгочихсон. Ямар хурдан нэрээ солио вэ гээд биччихсэн байсан. Тэрийг нь харсан хүмүүс намайг Хятад хөгшин, баян өвгөнтэй суучихлаа. Мөнгө ч ёстой хүчтэй юм аа” гээд бичсэн байсан. Тэр дээр жаахан эмзэглэсэн. Бас нэг гайхдаг зүйл маань манай монголчууд яагаад хүнийг доош нь хийхдээ Хятад гэж хэлдэг юм болоо гэж их бодсон.
-Таныг хүмүүс “Баяжчихлаа. Хятадад том байртай. Монголд хаустай. Онлайн бизнес эрхлээд ингэж амьдрах боломжтой юм уу” гээд л янз бүрээр хэлж байгаа харагдах юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
- Би чинь өөрийгөө шоргоолж гэж боддог шүү дээ. Өглөөнөөс орой болтол шөнө ч байсан би ажиллаж л байдаг. Нөхөр бид хоёр онлайн бизнесээ ид хийж байх үедээ гурван сарын турш хоёр гуравхан цаг унтаад завсаргүй ажилладаг байсан. Анх ээжийнхээ арван сая төгрөгийг хадгалж байя гэж аваад нэмж банкнаас зээл гаргуулаад “Алтай хотхон”-д жижиг талбай худалдаж авч байсан. Бага багаар бизнесээ тэлсээр байгаад талбайн хажууд болон яармагт салбар дэлгүүртэй болсон. Хятад дахь байрны хувьд тэр байраа зараад мөнгө нэмээд одоогийн хаусаа авсан. Хүн яагаад хөдөлмөрлөөд баяжиж болдоггүй юм. Би ямар төсвийн мөнгө идэж, тендерээс мөнгө унагаасан биш. Хажуу өрөөнөөс бизнесээ эхлүүлж, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн учраас хэнээс ч ИЧИХГҮЙ, харин ч БАХАРХАНА.
-Амжилттай яваа нэгнийгээ яаж хөдөлмөрлөж юуг туулж ямар золиос гаргаж энд ирсэн бэ? гэдэг дээр ач холбогдол өгөхгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг “ард” нь ямар нэгэн хүн байна хэн нэгэн хүнээс дэмжлэг авч байна гэх зэргээр хардаг. Танд энэ зүйлүүд хэрхэн мэдрэгддэг вэ?
-Амжилттай яваа эмэгтэй хүнийг энэ тэрэнтэй явдаг тэрний нууц амраг гэх мэтээр маш их ярьдаг. Эмэгтэйчүүд нэгнээ үгийн муухайгаар хэлдэг, доромжилдог. Миний хувьд бол манай нөхрийг хөгшин баян хятад болгочихсон. Энэ зүйл ганцхан надад тохиолдоод байгаа зүйл ч биш л дээ. Өөр бусад нийгмийг түүчээлж байгаа надаас ч мундаг эмэгтэйчүүд дээр хүртэл ажиглагддаг. Хамгийн харамсалтай нь хамгийн хатуу, харгис хандлагыг эмэгтэй хүн эмэгтэй хүндээ гаргадаг болчихсон юм байна даа гэж ажигласан.
-Ирээдүйн зорилго тань юу вэ. Хувийн амьдрал, бизнес, боловсрол гээд ерөнхийд нь харвал юунд хүрэхийг хүсэж байна вэ?
-Би Хөххотын засгийн газраас дэмжлэгтэй нэг газартай холбоо тогтоочихсон байгаа. Өвөрмонголын онлайн бизнес эрхлэгчдийн холбоо гэж байдаг л даа. Тэр холбоотой нь гэрээ байгуулаад хятадаас наашаа бараа бүтээгдэхүүн оруулж ирж болохоос гадна монголын бизнес эрхлэгчдээ авч очоод тэр платформ дээр бараагаа зарах боломжийг судалж байгаа. Тэр ажил маань амжилттай болвол хүмүүст ч бас хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. Түүнээс гадна муур нохойны асрамжийн газраа нээхээр сэтгэлд шулуудчихсан. Түүн дээрээ л төвлөрч байна.