
Намрын сэрүү татсан жавартай өглөө нэгэн зорилгын дор нэгдсэн залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглажээ. Тэд амралтын өдөр гэж халгаахгүйгээр өглөө эртлэн босож, хайртай хос, анд найзууд, ажлын хамтрагчтайгаа инээлдэн байгаль эхийнхээ сайн сайхны төлөө ирсэн нь энэ. Өнөөдөр энд зохион байгуулагч төслийг удирдагч хүмүүсээс гадна 10 мянга орчим залуус цуглажээ. Мөн эл арга хэмжээнд сайн дурын ажилтнаар оролцохоор 30 орчим залуус нэгдсэн байв. Арга хэмжээний эхлэлд өглөө эртлэн зорьж ирсэн залуусын биеийн чилээг нь гаргахаар үндэсний бие биелгээг биелүүлж, идэвхжүүллээ.
-Анх энэ төслийг эхлүүлэхдээ өнөөдрийнх шиг ийм их залуучууд цуглан гэж бодож байгаагүй-

Удаагаар “CleanUP Mongolia” төслийг санаачлагч Ү.Амарбат зорин ирсэн залуустаа хандан үг хэлж албан ёсоор арга хэмжээг эхлүүлсэн билээ. Тэрбээр “Энэ бол та бүхний хийж байгаа итгэлтэй алхам. Энэ бол та бүгдийн хийж байгаа эвтэй зүрхний нийлбэр юм. Өөрчлөлт хийх тийм амар биш. Өөрчлөлт үнэтэй. Гэхдээ өөрчлөлт зөвхөн ярьснаар ирдэггүй. Энэ жилийн “CleanUP Mongolia”-д 10 мянга залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдээд ирсэн байна. Өнөөдөр зөвхөн цэвэрлэгээний өдөр биш юм. Ирээдүй нь хойч үедээ үүрэг бас амлалтаа сануулж тунхаглаж байгаа өдөр юм. НҮБ-ийн албан ёсны бүртгэлтэй “World CleanUP Day”-д монголын залуучууд 5 дахь жилдээ зохион байгуулалтайгаар оролцож байна. Бидний хувьд анх тус төслийг хэрэгжүүлэхдээ өнөөдрийнх шиг ийм их залуучууд цуглан гэж бодож байгаагүй. Орчин үеийн залуучуудын хандлага, итгэл үнэмшил, эх орноо хайрлах сэтгэл, бусдыгаа хүндэтгэх зан чанар маш эерэг болсон байна” гэлээ.
"Яг зорилгоо болгож түүх үед хог харагдахгүй, олддоггүй юм байна. Дараа гэр хороолол орчмыг цэвэрлэвэл бүүр их хог гарна гэж бодлоо"

Ийнхүү залуусыг урам зоригоор урамшуулж, арга хэмжээний аюулгүй байдлыг давтан анхааруулав. Харин залуусыг төөрөх, гэмтэх, голд унаж эндэх эрсдэлээс хол байлгахаар “World Clean Up Day” хэмээх тугийг дагаж алхах бөгөөд энэ нь очих маршрутыг илтгэнэ. Залуус найзуудын хамт инээлдэж агаар салхи "амсах" иргэдийн газарт хаясан тамхины иш, ундааны бөглөөний хогийг бүрийг түүнэ.
Тэдний нэг нь Н.Маргад. Тэрбээр “Энэ арга хэмжээнд эхний жилдээ оролцож байгаа. Ирсэн хүмүүст шуудай мөн бээлий тарааж байсан. Яг ингэж зорилго болгож түүх үед хог харагдахгүй, олддоггүй юм байна. Энэ удаа Туул гол орчмыг цэвэрлэж байгаа ч дараа нь гэр хороолол орчмыг цэвэрлэвэл бүүр их хог гарна гэж бодлоо. Анх бол найзуудтайгаа хийвэл гоё дурсамж үлдээх юм байна гэж бодсон юм. Харин одоо миний дүүд, миний ирээдүй болсон хүүхэд багачуудад хэрэгтэй ажил хийж байгаадаа маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байгаа” гэв.
Залуус Маршлын гүүрнээс баруун болон зүүн тийш Туул голын сав газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжын талбайг цэвэрлэж байгааг харсан хамгаалалтын ажилтан болон машиндаа сууж буй эцэг, эхчүүд “Ямар мундаг юм бэ. Ажлыг ингэж олуулаа хийвэл үнэхээр үр өгөөж ихтэй байна” гэх мэтчилэн ярьцгаана. Энэ нь одоогийн залуус үнэхээр ирээдүйдээ өөрчлөлт хийхийг хичээж байгаа томоохон зүйлийн нэг мөн гэлтэй. Тиймдээ ч тэд хийчээнгүйлэн хог бүрийг жижиг байсан ч түүсээр явна.
-Энэ жилийн “Clean Up-5"-д оролцсон залуусын тоо РЕКОРД тогтоожээ-

Том шуудайг дүүртэл хог барьж яваа хүмүүс дунд их хотын хаа нэгтээ ажиллах оффисын ажилчид, ЕБС-ийн сурагчид, хижээл наснаас ахимаг насны хүмүүс ч ихээр оролцсон байлаа. Тэд цуглуулсан хогоо бөөгнүүлэн тавьцгаана. Тэдний энэ хөдөлмөрийг үнэлж, сайн дурын ажлыг хийсэн гэх батламжийг төслийг санаачлагчид өгч байв. Ингэхдээ арын албаныхан залууст эмх цэгцтэй байдлаар батламжийг нь гардуулах бөгөөд зохион байгуулалтаа маш сайн хийсэнд ирсэн залуус сэтгэл хангалуун байсан талаар дурдсан юм.
Тухайлбал, сайн дурын ажилтан Y.Тэлмэн “Ирсэн хүүхэд залуучууд маш олуулаа байсан. 10 мянга гаруй хүн өнөөдрийн сайн дурын ажилд бүртгүүлсэн гэсэн. Энэ нь ч үнэн байх. Тэрнээс илүү хүн цугласан гэмээр. Сайн дурын ажил хийх нь гадаадад сурах хүүхдүүдэд маш хэрэгтэй зүйл байдаг л даа. Ийм нийгмийн идэвхтэй ажил хийх нь эцэг, эхчүүдийн сургаж өгөх зүйлсээс гадна, өөрөө мэдэж ойлгох зүйл гэж бодож байна” гэв.
Түүнчлэн “World Clean Up Day” буюу “Дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т өмнөх жилүүдэд оролцож байгаагүй их хэмжээний залуус оролцсон талаар бид өмнө дурдсан. Тэгвэл энэ үзүүлэлт нь бусад улсын тогтоож байгаагүй рекордыг эвдсэн аж.

Ц.Анужин