Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр \2020.12.14\ Монгол Улсын Засгийн газрын айл өрх, албан байгууллагын ус, дулаан цахилгаан, хогны төлбөрийг чөлөөлсөн шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж мэдэгдэл гаргалаа. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хагас жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хоёр эрхэм өрсөлдөх магадлал маш өндөр байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын У.Хүрэлсүхэд найр тавьж буй алхам алсуураа юуг илэрхийлж байна вэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь өрх бүрт 1.0 сая төгрөг бэлнээр олгох санаачилга гаргаад байсан. Үүнийг улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулна, бэлэнчлэх сэтгэглээг өөгшүүлнэ, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө зэргээр эдийн засагчид маш их шүүмжилсэн. Тэгвэл Засгийн газрын ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн шийдвэр нь бэлэн мөнгө тарааж бараа бүтээгдэхүүний үнэ өсгөхгүй, төсөвт хүндрэл учруулахгүй маш зөв зүйтэй алхам болсон гэдгийг бараг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Ерөнхийлөгчийн санаачлагаас хэд давсан оновчтой Засгийн газрын шийдвэрийг ийнхүү дэмжихээс өөр аргагүй байдалд оржээ.
Зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлээд зогссонгүй. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай нам эрдэнэтийн 49 хувийг Монголын талд авчирсан. Бидний гавьяа” гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар хэлж үгийг зохион байгуулалттай сэвэх болов. Энэ боломжийг олгосон Ч.Сайханбилэг Ерөнхий сайддаа баярлалаа гэх талархалын постууд үргэлжилж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг өөртөө наах гэсэн, гавьяаг нь хуваалцах гэсэн сошиалын идэвхжүүлэлт өрнөж байна. Эндээс хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч Х.Баттулгын У.Хүрэлсүхийг дэмжиж гаргасан мэдэгдэл билээ. Үүнийг улс төрийн хүрээнийхэн ямар нэг зүйлийн илэрхийлэл гэж таамаглаж байна.
О.Цагариг